Нийтийн тээврийн үйлчилгээ огт хүрдэггүй, алслагдсан бүсэд автобусны 16 чиглэл шинээр нээхээр болсныг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв. Тухайн бүсэд 363 мянга гаруй иргэн амьдарч буй бөгөөд тэдэнд зориулж 46 автобус үйлчилгээнд гаргахаар бэлдэж байгаа гэнэ. Үүний хүрээнд авто замын сүлжээг 27.3 км тэлэх нь. Энэ талаар хотын дарга Б.Пүрэвдагва “Автомашины тоог бууруулахгүйгээр хэчнээн зам тавиад түгжрэл багасахгүй. Нийслэлд нийт 139 чиглэлд 1316 автобус иргэдэд үйлчилж байна. Нийтийн тээвэр хүрдэггүй чиглэл олон учраас иргэд автомашинаар явахыг илүүд үздэг. Тиймээс автомашины тоо 56 хувиар өссөн. 400 метр тутамд автобус явж байвал иргэд нийтийн тээврийг сонгодог гэх судалгаа бий. Иймд энэ жилээс эхлээд гэр хорооллын 16 чиглэлд 46 автобус явуулна. Мөн цахилгаан 60 автобус оруулж ирж байна. Мөн сургуулийн автобус төрийн өмчийн аль ч сургуулийн сурагчдыг суулгаад явах боломж бүрдүүлсэн” гэв. Нийтийн тээврийн бодлогын газраас тухайн чиглэлүүдийг тодорхой болгох бөгөөд одоогоор шинэ мэдээлэл хараахан гараагүй байна.
Ч.Цэлмэг