Узбекистаны Самарканд хотод зохион байгуулсан пара (хөгжлийн бэрхшээлтэй) шатарчдын дэлхийн III олимпиадад их мастер Г.Мөнхгалын удирдлагад оюунаа сорьсон манай улсын баг сүүлийн өрөгт Энэтхэгийн тоглогчдыг 2.5:1.5 оноогоор илүүрхэн, дөрөв дэх ялалтаа авч тэмцээнийг хожлоор өндөрлүүллээ. Монголын шатарчид дөрвөн хожил, хоёр тэнцээ, нэг ялагдалтайгаар 41 орноос IV байр эзлэв. Тэд эхний хоёр өрөгт тэнцэж, гурав дахид хожигдсон ч сүүлийн дөрвөн тоглолтод өрсөлдөгчдөө дараалан буулган авсан юм. Чансааг тэргүүлэгч орнуудаас Польшийн шатарчид зургаан хожил, нэг тэнцээгээр тэргүүлсэн бол Куба улсын баг мөнгө, Узбекистаны шигшээ хүрэл медаль хүртжээ.
Монгол Улсын пара шатрын шигшээ багийнхан тус олимпиадад анх удаа оролцохдоо шатрын өлгий улс хэмээгддэг Энэтхэгийн тамирчдыг хожиж, чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Польшийн багаас тэнцээний оноо авсан ганц баг болсон юм. Үүнээс гадна манайхан АНУ, ОХУ-ын багийнхантай адил 10 оноо авч шилдэг зургаан багийн нэгээр шалгарсан нь онцлох амжилт байв.
Монголын пара шатарчдын багийн бүрэлдэхүүнд дэд мастер Б.БолдЭрдэнэ, Ц.Түмэнбаяр, С.Сундуй, М.Хишигбаяр, нөөц тоглогч Б.Хашцэцэг нар багтаж, дэлхийн шилдэг багуудтай онцлох тоглолтууд хийлээ.