Хиймэл оюун ухааны олон улсын анхдугаар олимпиадыг Болгар улсын Бургас хотод өнгөрсөн сард зохион байгуулсан. 40 гаруй орны200 гаруй сурагч уг олимпиадад өрсөлдсөнөөс манай улсын баг мөнгөн медаль хүртсэн билээ. Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон “Хобби” сургуулийн 12а ангийн сурагч Э.Тэнүүн, “Оюунлаг” сургуулийн төгсөгч Н.Батсүх нартай уулзсан юм. Хиймэл оюун ухаан дэлхий дахинд ямар түвшинд хөгжиж, сурагчид түүнээс хэрхэн суралцаж, олон улсад өрсөлдөж байгаа талаар тэд ийнхүү ярилаа.
-Олон улсын олимпиадад амжилттай оролцон, эх орныхоо нэрийг гаргаж, мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Өрсөлдөөний тухай сэтгэгдлээ хуваалцана уу. Ер нь хиймэл оюун ухааны олимпиадад оролцогчдоор ямар даалгаврууд гүйцэтгүүлдэг юм бол?
Н.Б: -Баярлалаа. Энэ олимпиадыг олон улсын хэмжээнд анх удаа зохион байгуулснаараа онцлогтой байлаа. Манай улсаас МУИС-ийн мэдээлэл технологи, электроникийн багш З.Цолмонгийн удирдлагад Э.Тэнүүн, Ч.Ирмүүн, Т.Энгүүн, Н.Батсүх гэсэн дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон.
Э.Т: -Манай багийн гишүүд өмнө нь олон улсын олимпиадад оролцож байгаагүй. Бүгд л анх удаа өрсөлдлөө. Олимпиад ч анхны удаагийнх байв. Энэхүү олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Эхний үе шат нь үндсэн хэсэг буюу бодлого бодох байлаа. Энэ шатанд хүнд түвшний гурван даалгаврыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар найман цагийн турш хийж гүйцэтгэсэн. Хоёр дахь шат нь бүтээлийн уралдаан байв. Уг шатанд бид олимпиадын зохион байгуулагчдын өгсөн аянд хиймэл оюун ухааныг ашиглаж зураг, дүрс эвлүүлж, бичлэг хийх даалгавартай байсан. Эдгээр даалгаврын аль аль нь гүйцэтгэхэд амаргүй байлаа.
-Олимпиадад орохын өмнө бэлтгэлээ хэрхэн хангасан бэ. Бэлтгэлдээ хангалттай хугацаа зарцуулсан болов уу?
Н.Б: -Энэ олимпиадад оролцох хүүхдүүдийг өнгөрсөн тавдугаар сард шалгаруулсан юм. Ингэхдээ улсын математик, мэдээлэл зүйн олимпиадад амжилттай оролцож, шагнал авсан сурагчдыг сорилд хамруулсан. Энэ сорилын үр дүнгээр бид шалгарч, Э.Цолмон багшийн хамт бэлтгэлээ базааж эхэлж байлаа. Нэг сар орчмын хугацаанд өдөрт зургаан цаг бодлого бодсон. Багшийн заах арга тун сайн байсан нь биднийг амжилт гаргахад нөлөөлсөн гэж боддог. Биднийг маш сайн дэмжиж, мэдэхгүй зүйлсийг маань ойлгуулж өгсөнд талархаж байна.
Э.Т: -Олимпиад зохион байгуулагчдаас цаг их зарцуулах, гурван бодлогыг бэлтгэлийн хугацаанд илгээсэн юм. Түүнийг бодох аргуудыг бид судалж, ажилласан. Хиймэл оюун ухаантай холбоотой бодлого бодоход хамгийн чухал нь интернэттэй ажиллах чадвар юм. Түүнчлэн бодлого бодох аргуудыг судалж, ойлгох, түүнийг өөрийн арга барилд тохируулах нь чухал. Тиймээс бид зохион байгуулагчдын илгээсэн, бодлого бодох аргыг судлан, ажиллаж олимпиаддаа бэлдсэн.
-Дараа дараагийн олимпиадад олон монгол сурагч өрсөлдөх байх. Ер нь үүнд оролцохыг хүсэж буй, бас хиймэл оюун ухааныг судлах хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ. Аль хичээлдээ түлхүү анхаарах ёстой вэ?
Э.Т: -Олон улсад анх удаа зохион байгуулсан олимпиад учир энэ удаад бидэнд бэлдэх, зүг чиг болгох материал ховор байлаа. Мөн манай улсад хиймэл оюун ухааны олимпиад зохион байгуулдаггүй учраас бидэнд туршлага байгаагүй. Харин ирэх жил илүү сайжирч, туршлагатай оролцох байх. Дараагийн жилүүдэд эл олимпиадад оролцох хүүхдүүдэд хандаж хэлэхэд бэлтгэл хамгийн чухал нь юм билээ. Тиймээс эртнээс бэлдэж эхлээрэй. Хиймэл оюун ухааны олон улсын олимпиадын албан ёсны цахим хуудсанд байршуулсан бодлого бодох аргуудыг сайн уншаарай. Бас зөвхөн тэр аргуудаар хязгаарлагдахгүй, өөрөө сэтгэн бодож, хөгжөөрэй гэж зөвлөе.
Н.Б: -Хугацааг нь тулгаж, шахуу бэлтгэлгүйгээр эртнээс эхлээрэй гэж зөвлөе. Аливаа зүйлийг урт хугацаагаар, бага багаар бэлдэх нь илүү үр дүнтэй шүү дээ. Мөн математик, мэдээлэл зүйн суурь мэдлэг сайтай байх хэрэгтэй.
-Бусад орны хүүхдүүдийн хиймэл оюун ухаантай ажиллах ур чадвар, түвшин ямар байсан бол. Тэд юугаараа монгол хүүхдүүдээс ялгарч, онцгойрч байв?
Э.Т: -Тэд биднээс илүү бэлтгэл хийсэн нь харагдсан. Мөн бэлтгэл сайн хийхээс гадна ихэнх улс хиймэл оюун ухааны олимпиадыг дотооддоо зохион байгуулдаг юм билээ. Тиймээс бидэнтэй харьцуулахад туршлагатай байсан. Энэ нь тэдний давуу тал болов уу.
Н.Б: -Бусад орны хүүхдүүдийн гүйцэтгэл сайн байсан. Тухайлбал, АНУ-ын сурагчид судалгаа, туршилт их хийж үзсэн нь илт ажиглагдлаа. Мөн алтан медаль хүртсэн ОХУ-ын болон мөнгөн медаль авсан БНХАУ-ын сурагчдыг онцолмоор байна. Олон улсын олимпиадад оролцогчдын 50 хувь нь шагнал авдаг. Нийтдээ дөрвөн алт, долоон мөнгө, арван хүрэл медаль гардуулсан.
-Цаашид ямар мэргэжлээр сурах төлөвлөгөөтэй байна вэ. Хиймэл оюун ухааныг дагнан судлах бодол бий юү?
Н.Б: -Би 11 дүгээр ангиасаа мэдээлэл зүйн хичээлдээ дуртай болсон. Төгсөх ангид ороод ихэнх цагаа мэдээлэл зүйн танхимд өнгөрүүлсэн юм байна. Компьютероор олон шинэ зүйл туршиж, программуудтай ажиллах нь сонирхолтой санагддаг. Тиймээс цаашид мэдээллийн технологийн чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй. Гадаадад сурах зорилготой учраас элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй. Энэ жил завсарлага авч, судалгаа хийж, сургуулиа сонгох бодолтой байна.
Э.Т: -Би энэ олимпиадад орохоосоо өмнө мэргэжлээ сонгож амжаагүй байв. Харин бэлтгэлийн хугацаанд хиймэл оюун ухааны талаар судалж, туршилт хийх нь их таалагдсан. Тиймээс гадаад улсад энэ чиглэлээр суралцах зорилготой. АНУ-ын Массачусеттс мужийн Массачусеттсийн технологийн хүрээлэнд сурахыг хүсдэг.
-Яагаад гадаадын сургуульд суралцахаар шийдэв. Хиймэл оюун ухааны чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль дотоодод ховор байгаатай холбоотой юу?
Э.Т: -Би багаасаа компьютер, гар утас, интернэт, автомашин шиг ямар нэгэн зүйл зохион бүтээхийг мөрөөддөг байлаа. Хиймэл оюун ухаан үүнд маш чухал нөлөө үзүүлнэ. Мөн хиймэл оюун ухааны талаарх өргөн хүрээний мэдээлэл ихэвчлэн англи хэлээр байдаг. Тиймээс гадаадад суралцсанаар илүү сайн боловсрол эзэмшиж, өргөн хүрээний мэдлэгтэй болно гэж бодож байна. Ажлын байрны олдоц ч элбэг.
Н.Б: -Монголдоо суралцах талаар бодож байсан. Гэхдээ гадаадад суралцах нь илүү давуу талтай. Мэдээллийн технологийн салбарын томоохон байгууллагын чадварлаг боловсон хүчин болох нь миний зорилго. Тиймээс дэлхийд хамгийн сайнд тооцогддог сургуульд сурахыг зорьж байгаа.
-Бидний амьдралд хиймэл оюун ухаан цаашид яаж нөлөөлөх бол. Түүний хамгийн гол ач холбогдлыг хэрхэн тодорхойлох вэ?
Э.Т: -Хиймэл оюун ухааныг “сурагч” гэж үздэг. Бидний зохиосон программ нь түүний багш юм. Цаг үргэлж шинэ зүйлийг зааж өгч байгаа гэсэн үг. Хиймэл оюуныг ухааныг өдгөө маш олон салбарт ашиглаж байна. Цаашдаа энэ нь дэлхийн төв болж, бүх зүйл хиймэл оюун ухааны тусламжтай явагдана. Тиймээс хиймэл оюун ухааныг амьдралдаа өргөнөөр ашиглахад суралцах нь зүйтэй.
Б.Амарзаяа