“Яана аа, манай хүүгийн анги нь 80 хүүхэдтэй гэнэ. Яаж ийм олуулаа жижигхэн өрөөнд багтах юм бэ. Явуулахгүй л байхаас”, “Охины минь ангийнхан 60-уулаа гэж байна. Юун сурч боловсрох, амьсгалах ч агааргүй юм”, “Манай хүү- гийнх 65 хүүхэдтэй. Ёстой амьд агуулж л байвал их юм болох нь”, “Шинээр барьж буй хорооллуудад улсын цэцэрлэг, сургууль барихгүй бол нэг хэсэг нь ачааллаа дийлэхээ байлаа”, “Аль 2013 онд манай хүүгийн цэцэрлэгийн ангид 60-аас дээш хүүхэд сурдаг байсан. Байдал дээрдсэнгүй” гэх мэтээр эцэг, эх, асран хамгаалагчид цахим орчинд шуугьж байна. Цэцэрлэг, сургуулиуд үүдээ нээгээд долоо ч хонож амжаагүй байхад энэ мэт асуудлууд ундарсаар.
Боловсролын сайд П.Наранбаяр хичээлийн шинэ жилд зориулсан мэндчилгээний үгэндээ энэ онд цэцэрлэгт 292 мянга гаруй хүүхэд суралцахыг онцлоод өмнөх жилүүдийн адил хүсэлт гаргасан хүүхэд бүрийг хамруулахаа мэдэгдсэн юм. Мөн тэрбээр цэцэрлэг бол хүүхэд ханатлаа тоглож, цадталаа хооллож, сурч хөгжиж, аз жаргал дүүрэн байх учиртай газар хэмээгэээд амьдралын баяр баясгалантай он жилүүд цэцэрлэг, сургуульд өрнөдөг хэмээн “уянгалсан” билээ. Бараг л нулимс унагам сайхан үгс урсгасан. Гэвч үнэндээ хүүхэд багачууд хүссэнээрээ тоглох зай талбай ангид нь алга. Шим тэжээлтэй хоол хүнсээр ч хангагдаж чаддаггүй. Умгар жижигхэн өрөөнд “аж төрөх” 60 хүүхэд сайдын хэлснээр аз жаргалтайгаар сурч хөгжиж чадах уу.
ЦООЖТОЙ ХААЛГАНЫ ЦААНА ҮЛДЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙД ХҮРЭХ НЬ
Засгийн газраас нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүй хэмээсэн нь саяхан. Гэтэл улсын зарим цэцэрлэг, тэр дундаа Баянзүрх, Хан-Уул дүүрэгт байдал бишдээд байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 255, Хан-Уулын 290, 308 зэрэг нэр бүхий цэцэрлэгийн нэг ангид 60-80 хүүхэд бүртгэлтэй байгаа аж. Яармаг орчимд ч сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс 60-70 хүүхэд агаар сэлгэлтгүй анги танхимд бүтэн өдөржингөө “хоригдож” байна. Гэтэл нийслэлийн Боловсролын газраас “Нийслэлийн цэцэрлэгүүдийн нэг ангид дунджаар 50-60 хүүхэд ногдож буй. Стандартын дагуу ажилладаг цэцэрлэг ховор” хэмээн хэнэггүйхэн хариулах.
Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, стандарт шаардлагатай холбоотой хууль, эрх зүйн баримт бичгүүд манай улсад цөөнгүй. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандарт зэрэгт цэцэрлэг, сургуулийг хэрхэн ажиллуулах талаар заасан байдаг. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд Боловсрол, шинжлэх ухааны сайдын А569 тоот тушаалаар Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрмийг баталсан юм. Тус дүрмийн 7.4.2-т “Цэцэрлэгийн бага болон холимог бүлэгт 20, дунд, ахлах, бэлтгэл бүлэгт 25, 24 цагийн үйл ажиллагаатай бүлэгт хүүхдийн наснаас хамаарч 20-25 хүүхэдтэй байна” хэмээн тодорхой заажээ. Мөн гэр цэцэрлэгт зай талбайнаас шалтгаалан 20-25 хүүхэд суралцаж болно хэмээсэн байна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох талбай дөрвөн ам.метрээс багагүй байх бөгөөд нэг багшид ногдох хүүхдийн тоо бага бүлэгт 20, дунд, бэлтгэлд 25 хүртэл байх ёстой. Харамсалтай нь, бодит байдалд нэг ангид ногдох хүүхдийн тоо стандартаас 2-3 дахин олон байна. Хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлэх ч боломжгүй энэ мэт дүрэм, журмыг мөрдөхгүйгээс хойш цаг үедээ тохируулан өөрчилж, шинэчлэх шаардлага үүсжээ. “Амьдралгүй” дүрэм, журмыг цэгцэлж, бодит үнэнтэй нүүр тулахгүй бол хүүхдүүд хохирсон хэвээр үлдэх нь. Өнгөрсөн онд 8000 гаруй хүүхэд цоожтой хаалганы цаана буюу цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлдсэн гэдэг. Энэ онд хэчнээн хүүхэд сургуулийн өмнөх боловсролоос гадуур үлдэх нь одоогоор тодорхойгүй байна.
ТООЦООГҮЙ БАРЬСАН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН БАЛАГ
Энэ хичээлийн жилд 292 359 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүсээд буй. Тэдний 48.6 хувь буюу 142 150 хүүхэд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах юм. Нийслэлийн Боловсролын газраас өгсөн мэдээллээр өчигдрийн байдлаар нийслэлд хэмжээнд цэцэрлэгт 132 156 хүүхэд бүртгүүлжээ. Цэцэрлэгт хамрагдах ёстой 2-5 настай хүүхдүүдийн хамгийн олон буюу 27.4 хувийг таван настнууд эзэлж буй. Харин Улаанбаатар хотод 659 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Үүний 310 нь төрийн, 349 нь хувийн өмчийнх. Гэвч улсын цэцэрлэгт одоогоор 103 644 хүүхэд бүртгүүлсэн бол хувийнхад 28 512 багачууд хамрагдахаар болжээ. Үүнээс харахад хувийн цэцэрлэг улсынхаас тооны хувьд олон ч хамрагдах хүүхэд нь ойролцоогоор гурав дахин цөөн байна. Эдийн засаг болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр хүмүүс хүүхдээ харьяаллын дагуу улсын цэцэрлэгт сургах сонирхолтой байдаг нь үүнд нөлөөлж буй. Тэр дундаа Улаанбаатар хотын хамгийн олон буюу нийслэлийн хүн амын 24 хувийг дангаараа эзэлдэг Баянзүрх дүүрэгт цэцэрлэг, сургууль хүрэлцдэггүйн зовлон их. Тухайлбал, тус дүүрэгт 156 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 34 706 хүүхэд бүртгүүлсэн байна. Жишээлбэл, эл дүүргийн 25 дугаар хороонд байрладаг 255 дугаар цэцэрлэгийн нэг ангид 78 хүүхэд бүртгүүлжээ. Эцэг, эх, асран хамгаалагчид энэ байдлыг эсэргүүцэж, Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвд санал, гомдол олноор гаргасан байна. 80 орчим хүүхдийг нэг ангид “чихэх” нь байж боломгүй. Наад зах нь эрүүл мэнд, ариун цэврийн асуудал яригдана.
Нөхцөл байдлын талаар 255 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээс тодруулахаар очсон боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Тус хороонд улсын хоёрхон цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шинээр нэг цэцэрлэг барьж буй аж. Шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулах хүртэл хүүхдүүдийг “түр байлгах”-аар болсон нь ийнхүү ачааллыг нь нэмсэн гэж цэцэрлэгийн нэгэн мэргэжилтэн нь хэлсэн юм. Сэндвич хавтангаар барьсан тус цэцэрлэгт дөрвөн бүлэг хичээллэдэг бөгөөд нэг ангид дунджаар 44 хүүхэд ирж байгаа гэнэ. Хэдийгээр 80 орчим хүүхэд бүртгүүлсэн ч тал хувь нь ирж буй талаар тус цэцэрлэгийнхэн хэлсэн. Эцэг, эхчүүд бүртгүүлсэн багачуудын тооноос “айгаад” хүүхдээ явуулахгүй байгаа тул аргагүй биз. Хэрэв бүртгүүлсэн хүүхэд бүр цэцэрлэгтээ очвол ямархуу дүр зураг угтах нь тодорхой. Тус хороонд шинээр барьж буй 377 дугаар цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар хүүхдээ явуулна гэх аав, ээж цөөнгүй таарсан юм. Шинэ цэцэрлэгт аравдугаар сарын 1 гэхэд багачуудыг хүлээн авна гэсэн боловч доторх тохижилтын ажил хараахан дуусаагүй аж. Тиймээс эцэг, эхчүүд хэлсэн хугацаандаа ашиглалтад оруулна гэдэгт итгэлгүй байгаагаа уламжилсан. Ийнхүү есдүгээр сарын 1-нээс өмнө амжиж ашиглалтад оруулаагүйн балгаас олон хүүхэд гэртээ өнжиж байна. Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн боловсролын салбарынхан гэнэт ухаан ордог үзэгдэл хаа сайгүй. Цэцэрлэг, сургуульд хамрагдах хүүхдийн тоотой уялдуулж барилга, байгууламжийн хүртээмжийг тооцдог л байлтай. Уялдаа холбоогүй ажилладаг, улсын нэртэй л бол барилга, байгууламж барих ажлыг удаашруулдаг явдлыг хэзээ эцэслэх вэ.
Цэцэрлэгийн нэмэлт элсэлт өчигдрөөс эхэлж буй бөгөөд энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм. Эхний ээлжид бүртгүүлж амжаагүй болон түр оршин суугчид хүүхдээ бүртгүүлэх боломжтой. Үүний дараа нэг ангид ногдох хүүхдийн тоо дахиад нэмэгдэх нь. Гэтэл аймаг, сум, багийн зарим цэцэрлэгийн нэг ангид 10 хүрэхгүй хүүхэд сурч байна. Орон нутагт гэлтгүй нийслэлийн зарим хорооны цэцэрлэгт маш цөөн хүүхэд хамрагдаж буй юм. Нэг ангид дунджаар 20 орчим хүүхэд л суралцаж байна. Ямар ч төлөвлөгөө, тооцоо, судалгаагүй барьсан барилга, байгууламжаас болж боловсролын салбарт тэгш бус, тэнгэр, газар шиг зөрүүтэй нөхцөл байдал үүссэн. Бетон ширэнгэ мэт болсон Улаанбаатар хотод хүүхдүүд ээлтэй, тав тухтай орчинд боловсрол эзэмшинэ гэдэг ойрын хэдэн жилдээ үлгэр бололтой. Ханиад, томуу дэгдэхээр цэцэрлэгийн хүүхдүүдийн тал хувь нь “алга болдог”, аяндаа шигшигдэнэ гэсэн хандлага нийгэмд буй нь харамсалтай. Хүүхдүүдийг мал шиг хашсанаас болж олон төрлийн халдварт өвчинд өртдөг нь нууц биш. Жижиг зайд хэт олуулаа байснаас болж хүүхдүүдийн хамраас цус гоожих, ухаан алдаж унах тохиолдол гардгийг цэцэрлэгийн багш нар ярьж байна. Зарим цэцэрлэг бүр унтлагын цагаар сандал, ширээгээ зайчилж, зай талбай гаргадаг гэх. Бүгд толгойгоо нийлүүлэн зэрэгцэж унтдаг тул эрүүл ахуй талаасаа ч хүнд байдгийг учирласан. Үүнээс болж нэг нэгэндээ бөөс халдаах ч тохиолдол гарч буйг нуусангүй. Ийм орчинд балчир үрс маань яаж сурч хөгжих билээ. Бүртгүүлсэн хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна гэх сайд, дарга нарын гоё амлалтыг биелүүлэхийн тулд бүгдийг нь “хорьж”, эцэг, эхийг нь иртэл эсэн мэнд агуулж байвал барав бололтой.