ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ж.Мөнхдэлгэртэй ярилцлаа. Тэрбээр Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дахь Ямаан усны олдворыг шинжлэх археологийн судалгааны багт ажилласан юм. Эл дурсгалт газар дахь судалгааны ажлуудад нэлээд ахиц гарч, олдворуудын он цагийг тодорхойлоод байгаа аж.
-Энэхүү олдворуудыг та гэр бүлийнхэнтэйгээ Завхан аймагт аялж байгаад олсон гэх юм билээ. Анх ямар дурсгал илрүүлж байв?
-Завхан аймгийн Алдархаан сумын Борхын гол бол ах, дүүсийн минь нутаглаж байсан газар. Аав минь бурхан болохынхоо өмнө Ямаан ус, Сангийн далайд заавал очоорой гэж захисан юм. 2020 онд “Алдархаан 360” төслийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ю.Дэлгэрнасан санаачилж, Г.Мягмарсүрэн, Н.Санжмятав нарын хамт Алдархаан сумын байгаль, түүх, соёлын дурсгалт газруудаар зураг авах далимдаа Ямаан усны дурсгалыг анх үзсэн. Тэгэхэд Хүннүгийн язгууртны томоохон бүлэг дурсгал байхтай таарсан юм. Мөн Б.Явуухулангийн найраглалд дурдагддаг Тэхийн зогсоолоос Хүннүгийн үеийн булш олныг илрүүлсэн.
-Тухайн хэсгээр хүмүүс олноор явдаг ч анзаараагүй өдий хүрсэн гэсэн үг үү. Ямар шинж тэмдгээр нь Хүннүгийн үеийн дурсгал гэдгийг мэдсэн бэ. Ялангуяа язгууртны, эсвэл жирийн иргэдийн булш гэдгийг нь хэрхэн ялгасан бол?
-Тухайн газар нь дөрвөн талаараа уулсаар хүрээлэгдсэн, хөндийд нууцлаг байсан нь өдий хүртэл анзаарагдаагүйн үндсэн шалтгаан болсон байх. Нөгөөтээгүүр, Ямаан усны булаг, Ямаат уул, Тэхийн зогсоол нь нутгийнхны олон зуун жил шүтэж ирсэн ариун дагшин газар. Хол явах, ирэхдээ зорьж очин мөргөж, залбирдаг.
Монголчууд өвөг дээдсээ оршоосон хэсгээ Ихсийн газар хэмээн хүндэтгэн дээдэлдэг. Энэхүү эртний шүтлэгээ өнөө ч хадгалж байна. Ихсийн газрыг хамгаалахдаа шүтлэг бишрэлийн хувьд дээгүүр нь гатлан гишгэхгүй, хэт ойр нутаглахгүй, цай, сүүний дээжээ өргөж, залбиран шүтдэг. Мөн тухайн газрын шороо, чулууг хөндөхийг цээрлэж, мод, ургамлыг огтолж тастахгүй байхыг чандлан сахидаг. Ингэж онголон шүтэж ирсэн газар монгол нутагт цөөнгүй байдгийн нэг нь Ямаан усны дурсгал.
Хүннүгийн оршуулгын гадаад зохион байгуулалт нь дөрвөлжин өрлөгтэй, үүдэвчтэй. Язгууртны, цагариг хэлбэрийн булш гэсэн үндсэн хоёр хэлбэртэй байдаг. Энэ зарчмын дагуу археологийн мэргэжлийн үүднээс гадаад зохион байгуулалтаар нь таньж, судалгааны эргэлтэд оруулсандаа баяртай байна.
-Археологийн томоохон баг энэхүү дурсгалт газарт ажиллаад 100 гаруй олдвор илрүүлсэн гэсэн байх аа?
-ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Д.Хатанбаатараар ахлуулсан, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн болон Археологийн хүрээлэн, МУИС, Монголын үндэсний музей зэрэг байгууллагын хамтарсан 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллалаа. Судалгааны багийнхан эхний жилд язгууртны нэг дурсгалыг дагуулуудынх хамт 60 гаруй хоног малтан судалсан. Судалгааны үр дүнд 280 орчим олдвор илрүүлж баримтжуулсан бөгөөд бэхжүүлэн сэргээх лабораторийн ажил одоо ч үргэлжилж байна. Эдгээрээс 99 олдворыг үзмэр болгон, олон нийтэд танилцууллаа.
-Олдвороор дамжуулан тухайн үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг, зан заншил зэргийг тодруулах боломжтой юу?
-Археологийн шинжлэх ухааны үндсэн зорилго бол олдвор, хэрэглэгдэхүүнд тулгуурлан түүхэн цаг үеийн нийгэм, соёлыг нөхөн сэргээх юм. Сүүлийн жилүүдэд хүннү судлалын судалгаа цар хүрээ, газар нутгийн хувьд ч өргөжин тэлж байгаа. Энэ утгаараа Хүннү гүрний үеийн тухай олон мэдээллийг булш оршуулга, тэдгээрийг үйлдсэн зан үйл, илрүүлсэн олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан нээсээр буй. Тухайлбал, хүннүчүүд монголчуудын өвөг дээдэс мөн гэдгийг олон талын судалгаагаар баталж байна. Мөн хүннүчүүд соёлын хувьд өндөр түвшинд хөгжсөн, нийгмийн нарийн зохион байгуулалттай байсныг археологийн судалгаа батлан харуулдаг.
-Ямаан усны энэхүү олдвор нь Хүннүгийн үеийн түүхийн аль талыг нь тодруулахад ач холбогдолтой байсан бэ?
-Хэд хэдэн талын ач холбогдолтой. Тухайлбал, түүхэн эх сурвалжаас үзэхэд Хангайн нурууны баруун хэсэгт Хүннүгийн томоохон суурьшил байх ёстой. Гэсэн ч түүнийг хараахан илрүүлж амжаагүй байсан. Сурвалжид дурдсан энэхүү Хүннүгийн баруун гар буюу Баруун вангийн нутгаас олдсон бүлэг дурсгал гэдгээрээ Ямаан усных чухалд тооцогдоно. Мөн малтлагын явцад авсны тагны хэсэг 90 хувь буюу бараг л бүтнээрээ олдсон нь ач холбогдолтой. Толгойн гадна буюу тахилын хэсэгт монголчуудын уламжлалт шүтлэг болох нар, сарыг дорнын шүтлэг болох утлагын савтай зэрэгцүүлэн байрлуулсан дурсгал анх удаа тэндээс олдсон. Эдгээр нь Хүннүгийн шүтлэг бишрэл, зан үйлийн судалгаанд цоо шинэ хэрэглэгдэхүүн болж байна.
-Ихэнх олдворыг олохоос өмнө тоносон байдаг шүү дээ. Энэхүү дурсгалыг бүрэн бүтнээр нь олж чадсан уу?
-Зөвхөн Хүннүгийн ч бус, эртний булш оршуулгууд тухайн нийгмийн байдлаас шалтгаалан дийлэнх хэсгийг нь тоносон байдаг. Бидний малтан судалсан булш ч мөн тухайн цаг үедээ буюу оршуулга үйлдсэний дараа 30-50 жилийн дотор тоносон байсан. Гэхдээ түүнээс хойш бүтэн үлдсэн хэсгүүдэд тонуулчдын гар хүрээгүй, оршуулгын зан үйлийн анхны хэлбэрээрээ олдсон нь уг судалгааны үнэ цэн, үр дүнг өсгөж буй юм.
-Олдворуудын дунд Монголоос өмнө илрүүлж байгаагүй эд зүйл ч бий гэж сонссон.
-Одоогоор монгол нутгаас цор ганц олдоод буй утлагын сав байна. Энэхүү утлагын савыг Дорнын ард түмэн өндөр дээд язгууртнууддаа зориулж цор ганц хувь үйлддэг байжээ. Ямаан усны дурсгалт газраас олдсон утлагын сав хийц, чимэглэлийн хувьд ижил төрлийн бусад олдвортай дахин давтагдашгүй, өвөрмөц хийцлэлтэй. Утлагын саван дээр хүйтэн сэрүүн газрын урлагийн дүрслэл болох гурвалжин оройтой, доогуураа өргөн шилмүүст мод, хүйтэн орны бодон гахай зэргийг дүрсэлсэн. Мөн олон давхар уулс, уулсын дундуур нуур, голыг самнаа хээгээр уран тансаг дүрсэлснээрээ онцлогтой.
-Олдворын он цагийг тодорхойлохоор зарим дээжийг Япон Улс руу илгээсэн гэж байсан. Хариу нь гарсан болов уу?
-Хариу нь ирсэн. Одоогоос 2000 гаруй жилийн өмнө буюу НТӨ I-HT II зууны хооронд хамаарах дурсгал болохыг нь тогтоогоод байна. Энэ бол Хүннү гүрэн хүчирхэгжиж, мандан бадарч байсан үе. Мөн АНУ, БНСУ зэрэг улсын хамтын ажиллагаатай лабораториудад бусад төрлийн шинжилгээг хийлгэж байгаа. Эдгээрээс удамшлын болон өвчлөлийн, хоол хүнсний нарийн мэдээллүүд тодорхой болох юм.
-Ямаан усны дурсгалт газраас 20 орчим км-ийн зайд хэд хэдэн олдвор илрүүлсэн гэж байсан. Эдгээр нь хоорондоо соёл, он цагийн хувьд холбоотой юу?
-Ямаан усны дурсгалт газарт язгууртны дурсгал олон бий. Харин түүний эргэн тойронд 20 орчим км-ийн тойрогт гурван бүлэг оршуулгын дурсгал илрүүлсэн. Эдгээр бүлэг дурсгал цагариг хэлбэртэй. Гэсэн ч хэмжээний хувьд ялгаатай, бас байршуулсан газар нь тэдний нийгмийн байр суурийг илэрхийлж байгаа бололтой. Цаашид малтлагыг үргэлжлүүлж, харьцуулсан судалгаа хийсний үндсэнд илүү тодорхой мэдээлэлтэй болохыг зорьж байна.
-Олдворуудыг өдгөө хаана хадгалж байгаа бол?
-Эхний жилийн буюу 2022 оны олдворуудыг Завхан аймгийн музейн Археологийн танхимд үзмэр болгож, олон нийтэд танилцуулж байна. 2023 оны малтлагын олдворуудыг ШУТИС-ийн музейн Археологийн хэсэгт дэлгэсэн. Эдгээр нь музей сонирхсон хэн бүхэнд нээлттэй. Харин өнгөрсөн жилийн буюу 2024 оны олдворууд ШУТИС-ийн Соёлын өвийн лабораторид бий бөгөөд судалгааны ажил үргэлжилж байгаа.
-Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалын 10 дахь нь энэ болсон гэсэн. Бусдаас ялгарах онцлог нь юу вэ?
-Хүннүгийн үеийн язгууртны цогцолбор газруудыг ээлж дараагаар нээж, малтлага судалгааны ажлууд хийгээд 100 гаруй жил болжээ. Энэ хугацаанд нэр бүхий судлаачид, олон тооны дурсгалыг илрүүлэн судалж, хүннү судлалд хувь нэмрээ орууллаа.
Ямаан усны дурсгалт газрын малтлага судалгаа нь Хүннүгийн археологийн дурсгалын тархцын зурагт сул байсан орон зайг нөхсөнөөрөө онцлог. Өөрөөр хэлбэл, эдгээр дурсгалт газар нь онцлог ялгаа гэхээсээ илүүтэйгээр Хүннү гэсэн цогц нийлэмж, нэгдсэн ойлголтыг биежүүлж, баталгаажуулж байгаагаараа шинжлэх ухааны ач холбогдолтой. Ямаан усны дурсгалууд нь хүннү судлалын нэгээхэн зайг нөхөж, түүнд оруулж буй хувь нэмэр хэмээн ойлгож болох юм.
-Судалгаагаа энэ жил хэрхэн үргэлжлүүлэх вэ?
-Жил бүр тодорхой төлөвлөгөө гарган лавшруулан судалдаг. 2024 онд гурав дахь жилдээ малтан судалсан юм. Эдгээрээс илрүүлсэн дурсгалуудад харьцуулсан болон лабораторийн судалгааг үргэлжлүүлэн хийсээр байна. Судалгааны үр дүнгээр нэг ном, олон улсад гурав, дотоодод 20 шахам илтгэл хэлэлцүүлсэн. Мөн гадаадын сэтгүүлд дөрөв, дотоодынход 10 орчим өгүүлэл хэвлүүллээ. Судалгааны ажилд оюутан ахуйгаасаа оролцсон археологич залуучууд Ямаан усны малтлагын үр дүнгүүдээр магистрын зэрэг хамгаалсан. Тэд судалгаагаа улам гүнзгийрүүлж байна. Товчхондоо, 2021 оноос хойш шинжлэх ухааны судалгааны ажил тасралтгүй хийж буй гэсэн үг.
Бидний судалгаанд манай улсад археологийн малтлага явуулж буй бүхий л байгууллагын мэргэжлийн судлаачид өөр өөрсдийн мэргэшсэн чиглэлээр оролцсоор ирсэн. Дотоодын болон олон улсын судлаачидтай хамтран ажиллах эхлэлийг тавьсан. Мөн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Огторгуйн цагаан гарьд” сангаараа дамжуулан судалгааны ажил эхэлсэн цагаас өдий хүртэл дэмжиж буйд талархал илэрхийлье. Түүнчлэн Завхан аймгийн ЗДТГ, ИТХ болон орон нутгийн удирдлагууд бүх талаар дэмжин хамтран ажилладагт талархаж байна.
Археологийн малтлага хийх олон арван жилийн боломж бий. Энэхүү нөөцөд тулгуурлан ил музей, олон улсын хамтын ажиллагаатай судалгааны бааз байгуулах, тусгай сонирхлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх, судалгааны үр дүнд тулгуурлан соёл, урлаг, танин мэдэхүйн бүтээлүүд болон нэрийн бүтээгдэхүүнүүд гаргах зэрэг ажил төлөвлөсөн.
-Энэхүү дурсгалын талаар өгүүлэх “Асарын өндөр” түүхэн жүжигт та зөвлөхөөр ажилласан юм билээ. Уг уран бүтээлд дурсгалыг хэрхэн тодруулж гаргасан бэ?
-“Огторгуйн цагаан гарьд” сан, “Титан товер” компанийн санхүүжилтээр Б.Цогнэмэхийн зохиол “Асарын өндөр” түүхэн жүжгийг Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулж, Завхан, Орхон аймаг болон нийслэл хотноо тоглосон. Энэхүү жүжгийн гол үйл явдал нь Хүннүгийн баруун гарт өрнөнө. Жүжгийн багт маш чадварлаг уран бүтээлчид ажилласан. Бидний археологийн малтлагаас илрүүлсэн дурсгалуудыг тайзан дээр амилуулсан зураач Г.Ариунболд агсныг дурсмаар байна. Зураачийн тайзны шийдэл энэ жүжгийг онцгой болгосон гэж боддог. Хүннүгийн язгууртнуудын гол хэрэглэгдэхүүний нэг болох сүйх тэргээр хөдөлгөөнт тайз хийж, тухайн үеийн төрийн мандал, бууралт, найр наадам, зөрчил гээд бүгдийг илэрхийлсэн нь гайхамшигтай шийдэл. Зураач Ямаан усны дурсгалт газраас олдсон нийт 20 гаруй олдворыг тайзан дээр амилуулсан юм. Энэ нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сайн жишээ болсон гэж ойлгож байгаа.
-Уг дурсгалт газрыг аялал жуулчлалын бүс болгоно хэмээн албаныхан мэдээлж байсан. Энэ нь үр дүнд хүрсэн үү?
-Аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох бэлтгэл ажлууд үргэлжилж байна. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Ямаат уул, Ямаан усны орчимд чулуун зэвсгээс өнөөг хүртэлх цаг үеийн түүх, соёлын хосгүй дурсгалуудыг бид илрүүлж, баримтжуулсан. Ойрын жилүүдэд эдгээр дурсгалт газрыг хамарсан цогцолбор байгуулан хөгжүүлэхийг зорьж байна.
Аялал жуулчлал хөгжүүлж орлого олох, түүнийгээ судалгааны ажилд зарцуулах, тухайн бүс нутгийн хөгжилд хөрөнгө оруулах зарчмаар эргэх холбоотойгоор хөгжөөсэй гэж хүсдэг. Эдгээр чиглэлийн дагуу бидэнтэй хамтран ажиллахад үргэлж нээлттэй. Ташрамд дурдахад, бидэнд тусламж дэмжлэг үзүүлдэг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн удирдлага, эрдэмтэн судлаачид, мөн “Жем групп”, “Титан товер”, “Маргад тражу” компанийн хамт олонд талархал илэрхийлье.
А.Тэмүүлэн