Хорт утаатай хахир өвөл дуусаж, хаврын урин дулаан өдрүүдтэй золголоо хэмээн баярлаж буй нийслэлчүүдийг зудын дараах зуд гэгддэг үер, усны гамшиг “бүчээд” байна. Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар дулаарч, цас, мөс эрчимтэй хайлж буйгаас халиа, тошин ихсэх, уруйн болон шар усны үер буух эрсдэл нэмэгдсэнийг холбогдох байгууллагынхан энэ үед анхааруулсаар байгаа юм. Уг нь хаврын шар усны үер, халиа, тошин нь голын тэжээл болж, хүн, малын унд усны эх үүсвэрийг тэтгэдэг ач холбогдолтой. Харин Улаанбаатар хотод голын хамгаалалтын бүсийг зөрчин голдирол, татамд нь олон тооны барилга, байгууламж барьж, ай савд нь суурьшлын замбараагүй бүс бий болгосноос халиа, тошин, шар усны үер гамшиг дагуулагч аюул болж хувираад байна. Эл аюулаас сэргийлэхийн тулд жил бүр, ялангуяа хур тунадас, хөрсний усны түвшин эрс нэмэгдсэн сүүлийн үед асар их хөрөнгө, хүч гарздаж буйг судлаач, мэргэжилтнүүд шүүмжлэх болсон. Энэ хавар ч үер, усны гамшиг улаанбаатарчуудыг сандаргаж, нийслэлийнхнийг “ажилтай байлгах” төлөвтэйг Усны газрын дарга З.Батбаяр анхааруулсан юм. Түүнчлэн өнөө жил илүү олон байршилд, тархмал хүрээнд халиа, тошин үүссэнийг “Геодез, усны барилга, байгууламжийн газар”-ын дарга Б.Бямбасайхан хэлсэн.
Өчигдрийн байдлаар гэхэд Баянзүрх дүүргийн хоёр болон 29, Чингэлтэйн долоо, найм, ес, аравдугаар хороо гээд Сэлбэ гол орчмын суурьшлын бүс, томоохон гуу жалга, үерийн далантай хэсгүүдэд их хэмжээний халиа, тошин үүссэн, цаашид үерт автах эрсдэлтэй байгааг холбогдох байгууллагынхан мэдээлэв. Ялангуяа Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг, Дэнжийн мянга дахь үерийн далан, 39 дүгээр сургуулийн орчимд мөсөн овоолго үүссэн, тогтмол хяналт тавьж, арга хэмжээ авахгүй л бол аюул дагуулж мэдэхээр буй гэнэ. Хариуцлагагүй иргэд, аж ахуйн нэгжүүд голын ай савд хулгайгаар шороо, барилгын хог хаягдал асгах, голдирол, татмыг нь нарийсгах зэргээр үер, усны эрсдэлийг улам нэмэгдүүлж байгааг ч “Геодез, усны барилга, байгууламжийн газар”, Туул голын сав газрын захиргаанаас мэдээлсэн юм.
Н.Мишээл