Гүюг хаанд Ромын пап ламын захидлыг хүргэн ирж, Их Монгол Улсын Их хааны орд өргөөнд хөл тавьсан анхны европчуудын нэг Плано Карпини “Монголчуудын түүх”, “Татаруудын тухай ном” хэмээх аяллын тэмдэглэл бичиж үлдээсэн нь хойч үеийн эрдэмтэн, судлаачдад нэн чухал ач холбогдолтой түүхэн эх сурвалж гэгддэг. Монголын түүх, соёлын хосгүй нэгэн бичгийн дурсгал болох “Монгол нууц товчоо”-г тэртээ XIII зуунд нэр нь үл мэдэгдэх зохиолч монгол хэлээр, хятад ханзаар галиглан бичсэн бол эзэн Чингисээс Лигдэн хаан хүртэлх үеийн тухай Лувсанданзан гүүш “Алтан товч”-д өгүүлсэн зэрэг нь төр засгийн бодлого, үйл ажиллагааг түүхэнд бодитоор тэмдэглэн үлдээхийн ач тусыг илтгэнэ. Хааны ордны зураач, бичээч, яруу найрагч, хөгжмийн зохиолч хэмээх нэр томьёо эрт цагаас Өрнө, Дорнод байсан нь үүнтэй цөөнгүй сэжмээр холбогдох биз. Гагцхүү өнөө цагийн, ардчилсан Монгол Улсын “ордны бичээч” нар иргэд, олон нийтийн мэдэх эрхийг хангуулах сэтгүүл зүйн үндсэн зарчмаасаа хазайхын дээдээр хазайж, хадуурахын ихээр хадуурах болов. Сайд, дарга нарын үүд сахин, саарал ордны хонгил, булан, мухар бүрд улаан буйдангийн “манаач” хийж, хошуугаа холбон хийцгүйрдэг сүрэг арми хэний захиалгаар хэнийг намнах, хэнийг нь гамнахаа бөөндөө л шийдчихнэ. Улс орны эрх ашиг, эх сурвалжийн баталгаатай байдал, олон ургалч үзэл, цөөнхийн дуу хоолой, асуудлын эрэмбэ дараа, мэдээллийн үнэ цэн, мэргэжлийн зарчим, ёс зүйн хэм хэмжээ, редакцын бодлого гэх мэт хязгааруудыг үл тоож, хайр гамгүй туучна, хээвнэг давна.
“Бид бол ордны сэтгүүлчид” гэж биесийг ихэд тоон, нэгнээ хөөргөнө. Төрийн ордны төмөр хашаанаас гадуур сэтгүүлчийн ажил өрнөдөггүй юм шиг бусдыгаа үгүйсгэнэ. Шинэ жилийн баярын зардлаа УИХ-ын гишүүдээр даалган хамтдаа нижгэр тэмдэглэдэг, толгой дараалсан шагнал урамшуулалд нүд, сэтгэл нь дасчихсан хүмүүс арга ч үгүй юм уу. Засаг төрийн тархи угаалтын гол “хөдөлгүүр” болсон зарим сэтгүүлч нь төрсөн өдрөө хүртэл тусгай хөтөлбөрийн дагуу тэмдэглүүлдэг тухай бишгүй сонстож, “чих халууцуулдаг”.
Гишүүд, сайд, дарга нартай хамт ордны цонхоор амьдралыг тольддог тэдэнд бодит үнэн ямар харагддагийг таахад бэрх. Эхээс унахдаа микрофон амандаа зууж төрсөн юм шиг камерын хамааралтай болтол нь гишүүд, сайд, дарга нарыг тойглосон ийм сэтгүүл зүй бидний дунд “бойжиж”, бүр эрийн цээнд хүрсэн байна. Төрийн өндөр, дээд албан тушаалтнуудтайгаа адилхан амьдралаас тасарсан энэ армийнхан ордонд улс төрчид аахилан зугтаж, сэтгүүлчид араас нь хөөн гүйцдэг моод хүртэл дэлгэрүүлсэн. Эсвэл хоёр талаасаа “санамсаргүйгээр” халз тулан таарч, асуултад ээрэгдэж байгаа мэт тавилттай жүжигт хамтран тоглоно. Улс төрчдийн хэлсэн үгийг оройн дээд үнэн зөв мэтээр дамжуулж, тэднийг цор ганц найдвартай эх сурвалж гэж эндүүрэхэд хүргэдэг. Улмаар “хиамчин”, тролл армийнх нь гишүүн болж олон нийтийн тархийг хамт угаалцдаг тэд хойч үедээ “их буу”-гаар шүршүүлэхгүй байх ямар үүх түүх бичиж, ямар хор хохирол өдөөж яваагаа өөрсдөө ч таашгүй биз.
Ардчиллын болон Аз жаргалын индекс өчнөөн байраар ухарч, хүний хөгжил хол хоцрогдож, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж буй энэ цаг үед бүгдээрээ нэг хөнжилд орсон намуудын эсрэг хэвлэл мэдээллийнхэн сөрөг хүчин мэт тууштай зогсож, зоригтой, зангарагтай, тэнцвэртэй байх учиртай. Гэтэл Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр сүүлийн жилүүдэд тогтмол уруудаж буй. Үүний цаана ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн ноцтой асуудал хөндөгдөж байдаг билээ. “Бүгдийн дээр, оройд нь бид байгаа” гэж өөрсдийгөө дөвийлгөдөг ордны сэтгүүлчид улс төрчид болон тэдний пиар багийнхны дэглэсэн “тусгай” мэдээ, сурвалжилга руу бөөндөө хошуурч, бусад олон нийтийн асуудалд амаа үдүүлсэн юм шиг дуугүй яваад байвал дарангуйллын дэглэм тогтооход оройлон оролцсон гэмээ асуулгах өдөр ирэх буй за. Ордны сэтгүүл зүй гэсэн гялгар “шилэн хорго”-ноосоо гарч, олон нийтийн эрх ашгийг өмнөө тавьж чадах, эсэхээс л бүх зүйл хамаарна.
Л.Аргамжин