Та хүүхдийнхээ сонирхсон номыг хавтасны зураг, сэдэв, агуулга, нэр зэргээр нь шинжээд, худалдан авахаас нэг бус удаа татгалзаж байсан уу. Номын дэлгүүр, үзэсгэлэн, худалдааг зорихдоо хүүхдээ дагуулснаас ганцаараа явсан нь дээр гэж үздэг үү. Таны хүүхэд хэтэрхий балчир тул өөртөө тохирох ном олж ча¬дахгүй, ахадсан, хүндэдсэн сонголт хийчих вий гэж үргэлж болгоомжилдог уу. Та хүүхдэдээ аль болох гэгээлэг сэдэвтэй, сайн сайхан, сургамжтай үйл явдалтай, өнгөлөг зурагтай ном авч өгөхийг боддог уу.
Хэрэв уншигч авхай та эдгээр асуултын нэгэнд нь л ямар ч эргэлзээгүй “тийм” хэмээн хариулж байвал өөрийгөө түрэмгий аав, ээж гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин хоёроос олон удаа “тийм” гэж хариулсан бол дээд зэргийн түрэмгий, дээрэнгүй эцэг, эхчүүдийн нэг болсноо мэдэж аваарай. Монголчуудын дунд хүүхдийнхээ сонирхол, сонголтыг яг ийм байдлаар үл хүндэтгэж, ойшоож, бүхнийг томчуудын нүдээр хянаж шүү¬ дэг, хорьж цагддаг түрэмгий, дээрэнгүй хандлага түгээмэл дэлгэрснийг хүүхдийн зохиолч, зураач, судлаачид дуу нэгтэй өгүүлж байна. Эцэг, эх бүр л хүүхдээ багаас нь номын амтанд дурлуулж, унших дадалтай болгохыг хичээдэг. Тэдний энэ хүсэл, “хичээл зүтгэл” нь шинэ ном худалдан авч өгөх, бэлэглэх зэргээр нийтлэг илэрдэг ч тэр хэрээрээ чанартай цаг гаргадаггүй, хамт уншдаггүй, юу ойлгож, мэдэрсэн талаар нь чин сэтгэлээсээ ярилцдаггүй аж. Олон улсад хийсэн судалгаа, ажиглалтын үр дүнгээр хүүхдэдээ чанартай цаг гаргадаг, ном зохиол хамтдаа уншдаг, ойлгож, мэдэрсэн бүхнээ илэн далангүй ярилцдаг гэр бүлд өсөж торнисон хүүхэд бие даан суралцах, хөгжих, аливааг олон талаас нь нухацтайгаар эргэцүүлэн бодох дадлыг өөртөө гүн бат, амжилттай суулгасан байдаг аж. Мөн мэдээж номын амтыг жинхэнээсээ мэдэрч, дурладаг.
Цахим хэрэглээний нөлөөгөөр бага насныхан байтугай томчуудын анхаарал төвлөрөл суларсан. Хүүхдийг номтой нөхөрлүүлнэ гэдэг нь орчин цагт бүр ч хүнд сорилт болжээ. Энэ үед эцэг, эхчүүд илүү ухаалаг, хүндэтгэлтэй, зөв арга барилаар тэдэнтэй харилцах нь чухал. Нэгдүгээрт, тухайн хүүхдийн сонирхол, сонголтод нийцүүлэн ном авч өгөх, хоёрдугаарт, уншиж ойлгосон, мэдэрсэн, гайхаш төрүүлсэн зүйлсийнх нь талаар ярилцах, чанартай цаг гаргах нь үр дүнтэй гэнэ. Мөн зөвхөн гэгээлэг, сайн сайхан агуулгатай ном, зохиол уншуулна гэж туйлшрахгүй байх нь орчлон ертөнцийн олон өнгийг таньж мэдэх, хүлээн зөвшөөрөх, сайн, мууг ялгах боломжийг хүүхэд багачуудад олгодог юм байна.
Хүүхдийг ном унших дадалтай болгохын тулд эцэг, эхчүүд юу хийх ёстой, тэд ямар алдааг нийтлэг гаргадаг, цаашид юунд анхаарах ёстой талаар хүүхдийн номын салбарт ажилладаг хүмүүсийн байр суурийг сонирхлоо. Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд хүүхдийн зохиолч, зураач, номын сангийн мэргэжилтнүүдийн дунд “Монсудар” хэвлэлийн газраас зохион байгуулсан “Боддог хүн болоосой” хэлэлцүүлгийн үеэр тэдэнтэй уулзах, үнэ цэнтэй зөвлөгөө авах завшаан тохиосон юм.
Н.УНДРАА: ХАМГИЙН ҮНЭТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛ ЦАГ ГАРГАХ
(Азийн сангийн “Хамтдаа уншицгаая” төслийн зөвлөх)
-Хүүхдүүдээ боддог, сэтгэдэг хүн болгоё гэж их ярьдаг. Эцэг, эхчүүд хүүхдээ үнэхээр ийм хүн болгохыг хүсэж байвал төрсөн цагаас нь эхлээд ажиллах ёстой. Манай аав, ээжүүд хүүхдийнхээ хадгаламжид сар бүр мөнгө хийж байгаагаа үнэтэй хөрөнгө оруулалт гэж боддог. Гэтэл яг үнэндээ үүнээс илүү үнэ цэнтэй хөрөнгө оруулалт бол хүүхдэдээ цаг гаргах юм. Өдөрт багадаа 15 минут хамтдаа ном уншиж, үйл явдал, агуулгынх нь талаар нээлттэй ярилцаж, өөрөөр нь дүгнүүлж, чөлөөтэй бодож сэтгэх орон зай олгох нь маш чухал. Ингэж байж хүүхэд гэр бүлийн орчноосоо эхлээд аливаа зүйлийг анзаардаг, боддог, чөлөөтэй сэтгэдэг дадлыг өөртөө суулгадаг.
Манай төслөөс хийсэн судалгаагаар 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн ердөө 9.7 хувь нь хамтдаа ном уншдаг гэсэн үр дүн гарсан. Яагаад ном уншихгүй байна вэ гээд лавшруулаад судлахаар эцэг, эхчүүд хүүхэд хүмүүжүүлэх, хөгжүүлэх ажлыг багш нарт даатгачихдаг юм билээ. “Цэцэрлэгт багш нь уншаад өгчихдөг учраас санаа зовдоггүй”, “Сургуульд элсээд, уншдаг болохоор нь номтой танилцуулна” гэсэн нийтлэг зүйлс ярьдаг. Гэтэл сургуулийн өмнөх буюу 0-5 нас бол суралцахуйн чадварын үндэс суурийг тавихад хамгийн тохиромжтой, чухал үе нь шүү дээ. Дээрээс нь хүүхдийн хэл ярианы хөгжилд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдээ компьютер, инженер техник, математик суурьтай болгоход их ач холбогдол өгч байна. Гэтэл хэл яриа бол эдгээр шинжлэх ухаанд амжилттай суралцах суурь нь юм. Хүүхдийн хэл яриа хөгжөөд, аливаа зүйлийг сонсоод, уншаад ойлгодог, боддог, задлан шинжилдэг болно гэдэг нь амжилттай суралцахуйн, сэтгэхүйн цар хүрээ нь хөгжихийн үндэс. Ийм чадвартай хүүхэд сургуульд элслээ гэхэд өгүүлбэртэй бодлогуудыг төвөггүй бодно, багшийн заасныг ядах юмгүй ойлгоно. Тэгэхээр номыг үр дүнтэйгээр хэрэглэгдэхүүн болгон ашиглаж хүүхдийн сэтгэхүй, хэл яриаг хөгжүүлэх нь аливааг нухацтайгаар боддог, задлан шинжилдэг, амжилттай суралцах чадвартай хүнийг бэлтгэх үндэс юм.
С.ТУНГАЛАГ: ХАМТДАА НОМ УНШИХ НЬ БАГА НАСНЫХАНД Л ХАМААТАЙ ЗҮЙЛ БИШ
(Хүүхдийн төв номын сангийн мэргэжилтэн)
-Хүүхдээ багаас нь номтой нөхөрлүүлье гэвэл эцэг, эхчүүд хамт үр дүнтэй уншдаг байх ёстой. Үүний тулд нэн тү- рүүнд хүүхдийнхээ нас, сэтгэхүйн онцлог, сонирхолд нийцсэн номыг сонгох нь чухал. Манай аав, ээжүүд ном сонгохдоо хүүхдээ огт сонсдоггүй. Өөрөө үзэж таалж, сонгосноо “Энийг унш” гээд тулгачихдаг. Ингэж өгсөн номыг тэд бараг уншдаггүй, шохоорхдог ч үгүй. Тэгэхээр сонирхлыг нь хүндэтгэж ном авч өгөх, түүнийгээ хамтдаа унших, ярилцах нь чухал. Хамтдаа ном уншина гэдэг нь бага насныханд л хамаатай зүйл биш юм. Наймдугаар анги төгстөл нь хамт уншиж, ярилцахыг зөвлөдөг. Өөрийнхөөрөө бодож сэтгэдэг, эргэцүүлдэг, бие даан суралцах чадвартай хүн болох суурийг ингэж л бат бөх тавина.
Эцэг, эхчүүд нэг алдааг нийтлэг гаргадаг нь хүүхэдтэйгээ ярилцахдаа өөрийнхөө үзэл бодлыг тулгадаг. Ялангуяа уншсан номын сэдэв, агуулгын хүрээнд ярилцахдаа сонсогчийн, сонирхогчийн хувиар “Үүнийг юу гэж бодож байна вэ”, “Түүний оронд чи байсан бол яах вэ” гэх зэргээр асуулт тавьж, яриулах нь чухал. Үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ ч тулгасан, түрэмгийлсэн байдлаар биш, “Би үүнийг ингэж бодож байна. Харин чи...” гэх байдлаар ярилцах нь үр дүнтэй.
Номын үйл явдал, сэдэв зэргээс гадна зургийн агуулгыг тайлж унших, ярилцах чадвар чухал. Зургийн өнгө будаг, уур амьсгал, өгүүлэмж гээд ярих зүйл их. Аав, ээжүүд багадаа уншдаг байсан, эсвэл бестселлер гэгдэх номуудыг хүүхдэдээ голдуу авч өгдөг. Мэдээж үүний цаана хүүхдээ гэсэн сайхан сэтгэл бий, үгүйсгэх аргагүй. Гэхдээ таны сонгосон ном орчин цагийнхны сэтгэхүй, сонирхолд нийцэх үү гэдгийг нухацтай бодоорой. 0-5 насны хүүхдэд бол эцэг, эхчүүд яалт ч үгүй ном сонгож өгнө. Гэхдээ тэднийг бага гэлтгүй номын дэлгүүрээр дагуулан явж, юу сонирхож шохоорхож байгааг нь сайн ажиглах хэрэгтэй.
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН НОМЫГ ЗУГААЦУУЛАХ, СААТУУЛАХ ХЭРЭГСЭЛ ТӨДИЙХНӨӨР ХАРЖ БОЛОХГҮЙ
(“Монсудар” хэвлэлийн газрын “Жангар” хүүхдийн номын редакцын зохиолч, зураач)
-Би сүүлийн 10 гаруй жилд хүүхдэд зориулж ном бүтээсэн. Энэ хугацаанд анзаарагдсан зүйл гэвэл Монголд хүүхдийн ном үнэ цэнгүй байна. Ээж, аавууд хүүхдийн номыг зугаацуулах, саатуулах, нүд хуурах хэрэгсэл гэж харж, сургуульд элсэж байж л сурах бичигтэй танилцах ёстой гэж бодсоор. Гэтэл хүүхэд нярай үеэсээ л зураг хардаг, аливаа зүйлийн учир шалтгааныг хайж эхэлдэг. Мэдэх хэрэгцээ нь маш эрт үүсдэг. Энэ болгонд ном хамгийн чухал хэрэглэгдэхүүн. Монголд өнөөдөр залуу аав, ээжүүд асар завгүй ажиллаж байна. Орой ажлаасаа ирээд л ядарсандаа унтчихдаг. Гэтэл хүүхдийг чин сэтгэлээсээ сонсож, ярилцахад ердөө 15 минут л хангалттай. Өдрийн хуримтлагдсан стрессээ тайлаад “бамбаалай, бөмбөөлэй” гээд үнсэж үнгээд өнгөрөх биш, тэднийг сэтгэлээсээ сонсож, гайхсан асуултад нь үнэнчээр хариулж, ярилцах нь чухал. Хүүхдээ эрхлүүлснээ, амралтын өдөр гэр бү- лээрээ гадуур хооллосноо цаг гаргасан гэж эндүүрч болохгүй. Гэрийнхэнтэйгээ ресторанд хооллохыг буруутгаагүй ч үүнийгээ хүүхдэдээ зориулж буй хөрөнгө оруулалт, үнэ цэнтэй цаг хугацаа гэж эндүүрдэг, сурталчилдаг хандлага нийгэмд давлагаа үүсгэчихлээ. “Гэр бүлдээ зарцуулсан мөнгө бол тансаглал биш, наргиж цэнгэхэд зориулснаас ч үнэ цэнтэй” гэсэн үг хүртэл бий болчхож. Хүүхдэдээ чин үнэнчээр цаг гаргана гэдэг нь хэрэгтэй үед нь тэдэнтэй хамт байхыг, сонсохыг, ярилцахыг хэлнэ.
Хүүхдийг номонд дурлуулахад хүн бүрд тохирох, бэлэн жор байдаг бол хэчнээн амар вэ. Ямар орчин нөхцөлд төрж өссөнөөсөө хамаараад хүүхэд болгон дахин давтагдашгүй онцлогтой, хэрэгцээтэй. Харин тэдэнд бүгдэд нь байдаг хэрэгцээ гэвэл чин сэтгэлээсээ ярилцах, ойлголцох юм. Өнөөдөр би гэртээ гүйж орсноо гэв гэнэт “Бүгдээрээ сансар огторгуйн талаар ярилцъя” гэвэл гэр бүлийнхэн маань мэдээж гайхна. Харин үүний оронд сансрын тухай ном хамтдаа уншаад, ярилцахаас чин үнэнч, үр дүнтэй яриа эхэлнэ.
Э.МИШЭЭЛ: ОЛОН УЛСАД КОМИК НОМ ТРЕНД БОЛЖ БАЙНА
(“Гэрэн” зурагт номын мухлагийн үүсгэн байгуулагч, хүүхдийн номын зураач)
-Ажил мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалаад хүүхдээ аль үед нь ямар номтой танилцуулбал тохиромжтой вэ гэдгийг сайн мэдэж байсан. Ураг бүрэлдэж байгааг мэдсэн үеэсээ би хүүхдэдээ ном уншиж өгсөн. Томчуудад зориулсан зурагт болон үргэлжилсэн үгийн ном, сонирхдог хүүхдийн зохиол зэргээ уншингаа хүүхдэдээ ярьж өгдөг байсан юм. Төрсний дараа 0-6 сартайд буюу хараа тогтох үед нь тод зурагтай ном харуулахыг хичээсэн. Энэ үед хүүхэд аливаа зүйлийг ам, хэлээрээ голдуу мэдэрдэг учраас даавуун болон шажигнадаг тоглоомтой ном голдуу авдаг байлаа. Энэ мэтчилэн хүүхдийн сэтгэхүй, мэдрэхүй, хөгжлийн онцлогт тохирсон номуудыг сонгох нь үр дүнтэй. Хүүхэд 1-2 нас хүртлээ номыг тоглоом гэж боддог. Тэгэхээр янз бүрийн өнгөтэй, материалтай, сонирхолтой ном авч өгвөл тохиромжтой. Машинд дуртай хүүхэд байлаа гэхэд тээврийн хэрэгслийн зурагтай, эсвэл ийм хэлбэр дүрстэйг авч өгч болно.
Бага насны хүүхэд томчуудын ярианд хариу үйлдэл үзүүлдэггүй учраас эцэг, эхчүүд юм ойлгодоггүй, хүлээж авдаггүй гэж боддог. Гэтэл тэд аав, ээжээ маш сайн сонсож, ойлгож байдаг. Тэдэнтэй хэдийчинээ сайн ярилцана төдий хэрээр хэл яриа нь хөгжинө. Хүүхэд төрөхөөсөө л тархиндаа тухайн эх хэлнийхээ үгийн санг “өвлөн тээж” төрдөг гэж боддог. Үүнийг нь өдөөж, хөгжүүлж, дэмжихэд ном чухал нөлөөтэй.
Техник, технологийн хөгжлийн ачаар хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогийг судлах, танин мэдэх өргөн боломж эцэг, эхчүүдэд нээгдсэн. Хэдэн настайд нь ямар ном санал болгох вэ гэдгийг хаанаас ч хайж судлаад, уншчих боломжтой. ChatGPT гэж бэлэн авлага байна. Гэхдээ наснаас гадна тухайн хүүхдийн сонирхол, эцэг, эхчүүдийн арга барил ч чухал. Дуу хоолойн зөв өнгө, жүжиглэлтээр ямар ч номыг хэдэн ч насны хүүхдэд сонирхолтойгоор уншиж өгч болно. Жишээлбэл, найм, өсөн настай хүүхдэд үргэлжилсэн их текст уншуулна, зурагт ном хэрэггүй гэж хайрцаглаж болохгүй. “Чи саяхан ийм ааш гаргасан. Энэ зохиолын баатар яг чам шиг аашилж байна. Яасныг нь мэдмээр байна уу” гэх мэтээр сонирхлыг нь өдөөж, ярилцангаа зурагт ном унших боломжтой. Сүүлийн үед graphic novel буюу комик ном олон улсад тренд болж буй. Зурагт ном, комик хоёрын ялгаа улам бүдгэрсээр. Цахим хөгжлийн нөлөөгөөр хүүхдүүд нэг дор буюу нэг хуудсанд олон үйл явдал харах дуртай болчихсон. Тэгэхээр эцэг, эхчүүд орчин үетэйгээ хөл нийлүүлж, хүүхдийнхээ сонголт, сонирхлыг хүндэтгэх нь чухал.
Н.Мишээл