Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 2029 онд болох Азийн АШТ-ий урьдчилсан шатны оноолт болон хэсгийн эхний шатны тэмцээнийг зохион байгуулах орныг зарлав. АНЭУ-ын Дубай, Казахстаны Атырау, Малайзын Серембан, Монголын Улаанбаатар хотод эхний шатны хэсгийн тоглолтыг хийхээр болсон байна. Тивийн тэмцээний урьдчилсан шатанд 16, далайн орнуудаас нэг баг өрсөлдөх нь. Үүнээс найман баг Азийн АШТ-д гаргасан амжилтаараа эрхээ авч, бусдыг нь чансаагаар тогтоожээ. АНЭУ-ын Дубай хотод болох А хэсэгт Бахрейн, АНЭУ, Оман, Балба, Казахстаны Атырауд болох В хэсэгт Казахстан, Палестин, Шри Ланка, Мальдив, Малайзын Серембанд эхлэх С хэсэгт Индонез, Малайз, Хонконг, Монголын нийслэл Улаанбаатарт болох D хэсэгт Тайланд, Монгол, Вьетнам, Фижи улсын баг тоглоно. Хэсгийн эхний шатны тоглолт Олон улсын сагсан бөмбөгийн завсарлагын цонх үед буюу наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх юм. Багууд тойргийн журмаар тоглож, өндөр оноо авсан эхний гурван баг дараагийн шатанд өрсөлдөнө. Түүнчлэн урьдчилсан тэмцээний II шатанд оролцох эрх авсан багууд хоёр хэсэгт, тухайлбал, Е хэсэгт 1А, 2А, 3А, 1В, 2В, 3В, F хэсэгт 1С, 2С, 3С, 1D, 2D, 3D гэж хуваагдан тоглоно. II шатанд өрсөлдөх багууд шалгарсны дараа зохион байгуулагч орныг зарлан, эхний шатыг улсдаа зохион байгуулсан оронд давуу тал олгох гэнэ. Урьдчилсан шатны тэмцээний II шатыг ирэх арваннэгдүгээр сарын 23- наас арванхоёрдугаар сарын 1-нд хийхээр төлөвлөжээ. Хэсэг тус бүрээс хамгийн өндөр оноотой дөрвөн баг урьдчилсан шатны сүүлийн тэмцээнд өрсөлдөх эрхээ авна. Азийн АШТ-ий эрх авах тэмцээний сүүлийн шатанд өмнөх тэмцээнтэй ижил өндөр чансаатай 24 баг тоглож, 16 нь эрх авах юм.