Шинэ засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр, "Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар шинэ сайд нарт төсөвөө танилцуулж, тодотгол хийх асуудлаар хэлэлцсэн. Эцэслэн батлагдаагүй байна. 5 өдөр засгийн газар дахин хуралдах төлөвлөгөөтэй байна. Ямар хуулийн үндэслэлээр энэ удаагийн төсөвийн тодотгол хийгдэх гэж байгаа талаар мэдээлэл өгье. Төсөвийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1, 13.2 заалтуудад 2023 онд өөрчлөлт оруулж, 2025 оноос хэрэгжиж эхлэх тухай заасан байсан. Энэ заалтад тухайн жилийн Төсвийн тухай хуульд тусгасан хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаанууд бүрэн дууссан, тендер нь зарлагдаж, худалдан авах ажиллагаагаа хийгээд гэрээ нь хийгдээгүй бол хэмнэлтэд тооцно гэдэг хатуу заалттай. Энэ хуулийн заалт энэ жилээс хэрэгжиж эхэлж байгаа юм. Төсөв Засгийн газар, УИХ дээр хэлэлцэгдэж, батлагдахад хөрөнгө оруулалтын төслүүд дээр нэлээд өөрчлөлт ордог. Ингээд бэлтгэл ажил муутай, худалдан авах ажиллагааны шаардлага хангаагүй төслүүд, шаардлагыг хангасан ч зохион байгуулах ажлыг хийх нь маш том хариуцлагын асуудал байдаг. Тэгэхээр худалдан авах ажиллагааг эхний хагас жилийн дотор гэрээгээ хийгээгүй бол бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэдэг бодит байдал дээр худлаа юм. Тийм учраас төсвийн ерөнхийлөн захирагч нарыг хариуцлагажуулж, төсөв төлөвлөх явцад бэлтгэл ажлыг бүрэн хангасан хөрөнгө оруулалтын ажлыг баталж байх зарчмыг хатуу баримтлах үүднээс маш сайн хөшүүрэг, заалт юм.
Ингээд тавдугаар сарын 31-нээр төсвийн ерөнхийлөн захирагч нараас мэдээлэл авахад, нийтдээ 535 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний гэрээ хийгдээгүй. Тэгэхээр энэ бүгд төрийн хэмнэлтийн тухай хуулиар хэмнэлт болж байна гэсэн үг. Тодруулбал, төсвийн орлого дутсанаас болж үүсч болзошгүй алдагдал жилийн эцэст 2.3 их наяд хүрнэ гэсэн судалгаа гарсан. Үүний 535 тэрбум төгрөг нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу бий болно гэсэн үг. Цаашлаад 1.8 их наяд төгрөгийг урсгал зардалаас төсвийн тодотгол хийнэ. Төсөвт тодотгол хийх талаар Ерөнхий сайд өөрийнхөө бодлогыг УИХ-д танилцуулсан. Төр өөрөөсөө эхэлж, урсгал зардал, хөрөнгө оруулалтаа илүү оновчтой болгох, төрийн бүтцийг чадамжтай байдлаар цомхотгох, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төсвийн тодотголыг өргөн барина. Өөрөөр хэлбэл, хэмнэлтийн тодотголыг өргөн барихаар бэлтгэн хангаж танилцуулсан.
Төрийн албан хаагдын тоог ирэх жилд 9 хувиар бууруулах тогтоолыг УИХ-аар баталсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлж, төрийн албан хаагчдын тоог цомхотгох ажил энэ удаагийн тодотголоос эхэлнэ. Ойролцоогоор төрийн албаны 144000 хүнийг цомхтгох асуудал яригдаж байна" гэх мэдээллийг өглөө.