Польшийн Шчэцин хотын алдарт “Opera at the castle” театрт болсон “XXV great tenors tournament” олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд ОХУ-ын Мариинскийн театрын гоцлол дуучин Д.Дагвадорж Монгол Улсаа төлөөлөн оролцжээ. Тэрбээр шүүгчдээс өндөр үнэлгээ авч, 25 дахь удаагийн наадамд тэргүүлсэн төдийгүй уг уралдааныг санаачлан зохион байгуулсан Яцек Нежыховскийн тусгай шагнал, дуурийн “Opera na Zamku” оркестрын нэрэмжит шилдэг дуучны шагналыг ч бас хүртжээ. Түүнтэй хамт уралдаанд оролцсон дуучдаас Польшийн дуулаач Себастиан Мах дэд, Испанийн дуучин Андрес Санчес Жоглар гутгаар байр эзэлсэн байна.
Д.Дагвадорж Орхон аймгийн “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгад 2010-2019, ОХУ-ын Буриадын дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар 2019-2022 онд ажиллаж байжээ. Өнгөрсөн жилийн аравдугаар сараас Мариинскийн театрын Приморскийн тайзны дуурийн хамтлагийн гоцлол дуучнаар ажиллаж буй. Түүний хувьд 2021 онд Италийн Неапольд болсон нэрт тенор дуучин Энрико Карузогийн 100 жилийн ойд зориулсан Винчерогийн дэлхийн дууны уралдааны финалд шалгарсан юм. Түүнчлэн Исаак Дунаевскийн нэрэмжит дууны олон улсын XII уралдаан, олон улсын дуурийн дуучдын “Сүй” уралдаанд түрүүлэн, ЗХУ-ын Ардын жүжигчин Л.Л.Линховоины нэрэмжит олон улсын дуурийн дуучдын XIII уралдааны гранпри шагнал гардсан билээ.
Г.Бат