Газрын доройтол, амьдрах орчны асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас санаачилсан Дэлхийн цөлжилт, гантай тэмцэх өдөр өчигдөр тохиолоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш бэлчээр нутгийг нөхөн сэргээх, усны нөөцийг хамгаалах, хөдөөгийн иргэдийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд урьд урьдынхаас илүү идэвх чармайлттай ажиллахыг улс орнуудад уриалав.
Тэрбээр “Биологийн олон янз байдлын хувьд нэн чухалд тооцогддог бэлчээр нутаг нь дэлхийн хуурай газрын тал хувийг эзэлдэг. Энэ нь хоёр тэрбум гаруй хүнийг тэжээж, зэрлэг ан амьтдыг тэтгэхийн зэрэгцээ нүүрстөрөгчийг үлэмж хэмжээгээр шингээж, хуримтлуулдаг ач холбогдолтой. Гэвч одоогоор дэлхийн нийт бэлчээр нутгийн 50 хүртэлх хувь нь ямар нэгэн хэлбэрээр доройтож, эрсдэлд ороод байна. Үүний улмаас хүнс тэжээлийн нөөц хомсдох, хөдөөгийн иргэдийн амьжиргаа доройтох, биологийн олон янз байдал алдагдах, хүлэмжийн хийн ялгарал эрчимжих зэрэг бодитой эрсдэл хүн төрөлхтний өмнө тулгарлаа. Тиймээс бэлчээр нутгийн үнэ цэнийг ойлгож, хүлээн зөвшөөрч, хамгаалахыг энэ онцгой өдөр уриалж байна” гэв.