Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын тав дахь цуврал Монголд маргааш эхэлнэ. Улаанбаатар хотод гурав хоног үргэлжлэх (зургаадугаар сарын 19-21) тус тэмцээнд 60 орны шилдгүүд зодоглохоор хэдийн цуглажээ. Оролцох багуудаас хойд хөршийнхөн 10 гаруй хоногийн өмнө ирж, манайхантай бэлтгэлээ базаав. Тус улсын багийн бүрэлдэхүүнд 2023, 2025 оны дэлхийн аварга, 2018 оны багийн ДАШТий хүрэл медальт Инал Тасоев, 2023 оны дэлхийн аварга Арман Адамян, 2025 оны дэлхийн аварга Тимур Арбузов, Токиогийн олимпын хүрэл, 2024 оны ДАШТ-ий хүрэл медальт Мадина Таймозава, мөн 2021 оны ДАШТ-ий мөнгө, Токиогийн олимпын хүрэл медальт Тамерлан Башаев, 2025 оны ДАШТ-ий хүрэл медальт Аюб Блиев зэрэг хүчтэй өрсөлдөгч бий. “Степп арена”-д ширүүхэн эхлэх барилдаанд дэлхийн чансааны эхний аравт эрэмбэлэгдсэн 85 жүдоч зодоглох нь. Энэ удаагийн “Их дуулга” АНУ-ын Лос Анжелос хотод 2028 онд зохион байгуулах зуны олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн гэдгээрээ онцлог.
АНЭУ-ын бүрэлдэхүүнд багтаж, легионер тамирчин болсон монголчуудын сайн танил Б.Нармандах, Б.Хорлоодой нар эх орныхоо дэвжээнд жингийнхээ аваргуудтай хүч сорино. Түүнчлэн Австралийн шигшээ багийн дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Т.Мөнгөнтуяа багтсан. МУБИС-ийн биеийн тамирын сургуулийг жүдо бөхийн дасгалжуулагчаар төгссөн тэрбээр ОХУ-ын Москва хотод 2018 онд болсон самбо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээнээс алтан медальтай ирж байв. Өдгөө Сидней хотод байрлах “U champ academy”-д ахлах дасгалжуулагчаар ажиллаж, шилдэг тамирчид бэлтгэн олон улсын тэмцээнд оролцуулдаг. Түүнтэй хамт тус академид дасгалжуулагчаар ажилладаг Японы шигшээ багийн гишүүн асан Кайхан Такаги +100 кг-ын жинд өрсөлдөх юм.
Сонирхуулахад, Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ сарын 15-нд жүдочдын шинэчилсэн чансааг гаргахад манай улсын багаас эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн 5180 оноогоор тэргүүлсэн. Түүний ард Б.Ганхайч 3.490 оноогоор жагссан байна. Тэдний жинд тивийн орнуудын багаас Японы тамирчин Харүка Кажү, БНСУ-аас Ким Жисү, Ким Ёожи, Австралиас Любьяна Пиовесана, Европын шигшээгээс Словениэс Каяа Кайзер, Нидерландаас Жоанне ван Лисхаут, Чехээс Рената Захова, Францаас Мелкиа Аушекорн, Испаниас Ариане Торо, Хорватаас Ива Оберан нар хүч сорих нь.
“Их дуулга”-д оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Эрэгтэйчүүдийн ангилалд 60 кг-д Б.Сүхбат, Н.Мэндсайхан, Т.Түмэнжаргал, Э.Ариунболд, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Т.Төрболд, Ө.Жанцандорж, К.Ёолк 73 кг-д А.Өсөхжаргал, Л.Энхдөл, О.Уранбаяр, Л.Анхзаяа 81 кг-д Ж.Энхтөр, Г.Түвдэнренчин, Б.Шинэтулга, О.Шинэбаяр 90 кг-д Б.Баяндүүрэн, Х.Булганхүү, Д.Ууганбилэг, А.Оджавхлан -100 кг-д О.Лхагва-Очир, Ц.ГанЭрдэнэ, Б.Хүдэрчулуун, Б.Алтангэрэл +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Ө.Пэрэнлэйжамц, Г.Алтанбагана, Г.Хангарьд
Эмэгтэйчүүдийн ангилалд 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Ж.Анударь, Г.Булган 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, Б.Уранзаяа, О.Оюунчимэг 57 кг-д Э.Номинтуяа, Т.Ариунзаяа, М.Цэндбазар, Л.Сосорбарам 63 кг-д Х.Маралмаа, Б.Ганхайч, Л.Энхрийлэн, Г.Энхжин 70 кг-д У.Анужин, С.Лхагвадулам, Х.Буянжаргал, Ж.Дэлгэр -78 кг-д О.Хүслэн, А.Дуламсүрэн, Э.Буян-Өлзий, Б.Ням-Эрдэнэ +78 кг-д А.Адъяасүрэн, Э.Жаргалмаа, Д.Номинзул, Э.Энхзул