Улсын хэмжээнд энэ сар гарснаас хойш өчигдрийг хүртэлх хугацаанд 791 шүүх хуралдаан зарласнаас 135 нь хойшилжээ. Шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй олон дахин хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж буй нь иргэд, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг бууруулах нэг шалтгаан болж байна. “Алдсан хүн арван тамтай” гэдэгчлэн гарз учруулсан этгээдээс хэдэн төгрөгөө гаргуулах гэсэн биш, цаг хугацаа, санхүү, сэтгэл санаагаараа давхар хохирох нь гачлантай. Эцэст нь арайхийн маргаанаа шийдвэрлүүлтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэмээх урт нас, удаан жаргалтай үйл явц цаана нь дахиад хүлээж байдаг.
ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ДУНДАЖ ХУГАЦАА 1-5 САР
Хуульд тодорхойлсноор шүүх хуралдаанд оролцвол зохих тал, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан гарсан бол шүүх хуралдааныг хойшлуулдаг журамтай. “Хүндэтгэн үзэх шалтгаан” гэдгийг хэт өргөн хүрээнд ойлгодог нь уг зохицуулалтыг ямар ч байдлаар тайлбарлах боломжтой буйг судлаачид анхааруулжээ. Эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаан өөр өөрийн онцлогтой тул хуралдаан хойшлох шалтгаан нь ялгаатай. Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргуулах хүсэлтээр хойшлуулах нь жин дарж буй бол иргэн, захиргааны хэргийн хувьд өмгөөлөгчийн хурал давхацсан, өвчтэй, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өөрчилсөн зэрэг шалтгаанаар товлосон шүүх хуралдааныг удаашруулах нь түгээмэл аж. Үүнээс үзвэл нийт шүүх хуралдааны 55-аас дээш хувь нь хэргийн оролцогч, 36 хувь нь өмгөөлөгч, үлдсэн нь шүүх болон хууль зүйн байгууллагатай холбоотой асуудлаар хойшилсон байгаа юм.
Хэргийн ээдрээ, төвөгтэй байдал, оролцогчийн тоо олон байх зэргээс шалтгаалан шүүх алдаа мадаггүй шийдвэр гаргахын тулд олон дахин хойшлуулах нь зүй гэж үзэж болохоор. Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх зохицуулалттай. Харин хэрэг хянан шийдвэрлэх дундаж хугацаа бодит байдалд 1-5 сар. Тухайлбал, “Монгол Улсын шүүхийн тайлан 2025”-д дурдсанчлан шүүх хуралдаан хойшлох магадлал хамгийн өндөр гэх анхан шатны шүүхүүд 36 531 иргэний хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнээс хуулийн хугацаанд байгаа нь 58.1 хувь, шүүх хуралдаан хойшлуулсан 9.8, түдгэлзүүлсэн 4.5, хуулийн хугацаа хэтэрсэн нь 27.6 хувийг тус тус эзэлж байгаа юм. Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийн мэдээг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал эрүү 20, иргэн 70.5, захиргааны хэрэг 4.6 хувиар өссөн үзүүлэлттэй. Мөн нийт товлосон шүүх хуралдааны 38.3 нь тогтмол хойшилж байна гэжээ.
“ӨМГӨӨЛӨГЧӨӨС БИШ, ӨӨРСДӨӨСӨӨ БУРУУГАА ХАЙ”
“Хэн буруутай нь илэрхий, шууд шийдчих боломжтой маргаанд хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах нэрийдлээр шүүгч хэт нэг талыг барьж байна. Ингэснээр хохирол учруулсан этгээд гадуур чөлөөтэй явж, хуулийн хийдлээр хугацаа хожоод л. Гэмт этгээдийг өөгшүүлж байгаа хэлбэр биз. Элдэв янзын баримт гаргаж, шалтгаан тоочиж, шүүх хуралдааныг хойшлуулдаг нь санаатай үйлдэл шүү дээ. Ингэх тусам миний хохирлоо төлүүлэх боломжит хугацаа сунжраад л байгаа” хэмээн нэгэн нэхэмжлэгч учирлав. Үүнийг цааш дэлгэрүүлье. “Нийт шүүгчийн III чуулган” өнгөрсөн оны аравдугаар сард болсон. Энэ үеэр Улсын дээд шүүх (УДШ)-ийн Ерөнхий шүүгч асан Д.Ганзориг “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанарын үзүүлэлтэд хэрэг шийдэж буй хугацааг хамааруулдаг жишиг нь манай улсад ч нэвтрүүлэх ёстой шалгуур мөн. Гэвч товлосон шүүх хуралдааныг хойшлуулах үзэгдэл газар авчээ. Энэ нь өмгөөлөгчөөс шалтгаалах нь түгээмэл. Хуралдаан давхардаж буй шалтгааныг арилгах шийдлүүдийг хууль тогтоогчдод бишгүй уламжилсан ч анхаарал хандуулсангүй өдий хүрлээ. Олон улсын туршлагад үндэслэн анхан, давах, хяналтын шатны шүүхэд оролцох эрхтэй өмгөөлөгчдийн тус тусдаа бүртгэл үүсгэх, эрх олгох байдлаар уг асуудлыг бүрэн шийдвэрлэж болно” хэмээж байв.
Харин энэ талаар хуульч, өмгөөлөгч А.Базар “Өмгөөлөгчид л шүүх хуралдаан сунжруулдаг гэх юм. Нэгдүгээрт, шүүхийн шаардсан нотлох баримт цагтаа ирээгүй байх нь хамгийн түгээмэл шалтгаан. Хоёрдугаарт, шүүхийн танхим хүрэлцээгүй, хуралдаан цагтаа эхлэхгүй байх зэрэг зохион байгуулалтын асуудлаас болж хуралдаан хойшлох нь ч их шүү дээ. Тухайлбал, дүүргийн иргэний шүүхүүд дор хаяж 30 хоногоор сунжруулдаг. Үүнийгээ зас л даа. Өмгөөлөгчид рүү буруугаа чихдэгээ болих хэрэгтэй” гэсэн бол өмгөөлөгч Б.Содболд “Хэргээ албаар хойшлуулна даа гээд явдаг өмгөөлөгч байхгүй л болов уу. Буруугаа өөрсдөөсөө хай” хэмээн цахим сүлжээнд бичжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны нэгэн шүүгч “Миний хувьд давж заалдах шатны шүүх хэргийг 30 хоногт багтаан шийдвэрлэх боломжтой гэж үздэг. Учир нь шүүгч хэргээ хүлээн авч, уншиж, танилцсаны дараа хэргийн оролцогчдоос ямар нэгэн хүсэлт гаргаж хойшлуулбал шүүх хуралдаанаа дээрх хугацаанд багтаан төлөвлөдөг байх хэрэгтэй. Ихэнх хүсэлт үндэслэлгүй байдаг. Өмгөөлөгчийн хийх ёстой ажил бол янз бүрийн арга саам хэрэглэж, шүүх хуралдааныг сунжруулж, хугацаа хожих биш, харин хуульд зааснаар үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах явдал билээ” гэснийг энд дурдах нь зүйтэй.
ДӨРВӨН ЖИЛ ХУГАЦАА ХЭТЭРЧ, 65 УДАА ХОЙШИЛСОН ХЭРЭГ Ч БИЙ
УДШ-ийн Иргэний хэргийн танхимаас шүүх хуралдаан хойшлох шалтгааныг шүүхийн ачаалалтай холбон тайлбарласан байдаг. Тухайлбал, шүүх хурал дор хаяж дөрвөн сард нэг удаа хуралдахаас эхлээд маш удаашралтай олон хэрэг шат шатны шүүхэд бий гэжээ. Эл тайлбарт шүүх хуралдааныг хойшлуулж буй түгээмэл шалтгааныг маш тодорхой заасан. Жишээ нь, хэргийн оролцогчид нотлох баримт гаргах, гаргуулах, бүрдүүлэх, шинжээч томилох, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, өөрчилсөн, өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах, сөрөг нэхэмжлэл гаргах, өмгөөлөгч өвдөх, хуралдаан давхцах, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах, гуравдагч этгээд оролцох тэргүүтэй шалтгаанаар хойшлуулдаг хэмээжээ. Харин шүүх байгууллагын зүгээс хэргийн оролцогчдод хуралдааны тов мэдэгдээгүй, хэргийн материалтай танилцах боломж олгоогүй, өмнөх захирамжийн заалт биелэгдээгүй байдаг нь эл асуудалд голчилж байгаа юм. Түүнчлэн хэргийг нэг шүүхээс нөгөө рүү, эсвэл анх хүлээн авсан шүүгчээс өөр шүүгчид шилжүүлэх нь хугацааг шинээр тоолох үндэслэл болохгүйг онцолсон.
1 681 хоног хүртэл буюу бүхэл бүтэн дөрвөн жил зургаан сараар хугацаа хэтрүүлсэн атлаа шийдвэрлээгүй хэргүүд хянан шийдвэрлэх шатанд гацаатай байсаар буйг зайлшгүй анхаарах шаардлагатай. Тэр байтугай, 65 удаа хойшилж, 1541 хоног хугацаа хэтэрсэн тохиолдол ч бүртгэгджээ.
Шүүх хуралдааныг байнга хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжирч байгаа нь иргэдийн цаг хугацаа, санхүү, сэтгэл санааг хохироож, шүүх засаглалд итгэх олон нийтийн итгэлийг сулруулж буйг дахин сануулах нь зөв. Хугацаа хожих гэсэн үндэслэлгүй хүсэлтийг хуулиар хязгаарлаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурал хойшлуулсан талд хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэх, төрийн мэдээллийн сангуудыг шүүхтэй шууд холбож, нотлох баримт цуглуулах хугацааг богиносгох, үндсэн хурлаас өмнө бүх хүсэлтийг цэгцэлдэг, урьдчилсан хэлэлцүүлгийн шатыг боловсронгуй болгох талаар судлаачдынхаа саналыг зайлшгүй харгалзах шаардлагатайг шүүхийнхэнд уламжилъя.
Д.Хэрлэн