Их Монгол Улс үүсгэн байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан “Эш хөргийн ивээл-Эв эеийн ерөөл” хэмээх тусгай үзэсгэлэнг долоодугаар сарын 6-наас есдүгээр сарын 10-ныг дуустал Тайваний Үндэсний хааны ордон музейд дэлгэхээр болжээ. Үүний хүрээнд Монголын Эзэнт гүрний түүхэнд холбогдох хосгүй хоёр бүтээлийг олон нийтэд дэлгэх нь. Тодруулбал, Их Эзэн Чингис хааны эш хөрөг, “Хубилай хаан авд мордсон нь” бүтээлийг хүндэтгэлийн тэнхимд олны хүртээл болгоно.
Тайваний Үндэсний хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагддаг эдгээр бүтээл нь хязгаарлагдмал горимоор дэлгэдэг үнэ цэнтэй бүтээлийн тоонд багтдаг тул өнгөрсөн жилүүдэд зөвхөн онцгой тохиолдолд л олны хүртээл болж байжээ. Энэ удаа хоёр бүтээлийг нэгэн зэрэг дэлгэж буй нь ховорхон тохиолдох түүхэн үйл явдал юм. Юань улсын түү хэнд тэмдэглэснээр 1277 онд дээдсийн тахилгын сүм байгуулах зарлигыг Хубилай хаан буулгаж, удаах онд өвөг эцэг Чингис хааны хөргийг бүтээх үйлийг ордны зураач Хорихасунд даатгажээ. Их хааныг амьд сэрүүнд нь хараагүй ч Хубилай хааны өгүүлсэн дүр төрхөөр баримжаалж, торгон дээр 59.1х46.8 см хэмжээтэй зурсан уг хөргийг Эзэн Богдын дүрийг хамгийн бодитоор дүрсэлсэн бүтээл хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Булган малгайн үсний ширхэг бүрийг нарийн буулгасан энэ хөрөг 750 гаруй жилийн турш түүхийн гэрч болсоор иржээ. Харин “Авд мордсон нь” бүтээлийг ордны зураач Лю Гуаньдао 1280 онд туурвисан бөгөөд Хубилай хаан хатан, шадар хүмүүсийн хамт ан хийж буйг дүрсэлсэн энэ зураг эл музейн үнэ цэнтэй бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Мөн уг үзэсгэлэнгийн хүрээнд Чингис хааны эш хөргийг албан ёсны эрхтэйгээр монгол зураачаар хуулбарлан зуруулсан шинэ бүтээлийн нээлт болох юм.
Г.Сансар