Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал энэ сарын 15-16-нд болж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ. Бодлогын хүүг хэвээр хадгалахад гадаад болон дотоод орчны төлөвийг харгалзан үзсэн аж. Инфляц энэ оны II-VII сард аажим саарах төлөв ажиглагдсан ч наймдугаар сард бага зэрэг эрчимжиж, улсын хэмжээнд 8.8, Улаанбаатар хотод 9.8 хувьтай гарсан байна. Үүнд гурил, хүнсний ногоо, махны үнэ өссөн нь голчлон нөлөөлжээ. Мөн дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсан энэ үед томоохон төслийг дотоодоос санхүүжүүлбэл төгрөгийн ханшинд ирэх дарамт нэмэгдэж, инфляц эрчимжиж болзошгүйг тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ үеэр он¬цолсон юм. Мөн тэрбээр мөнгөний бодлогын хүүг 2027 он хүртэл бууруулах боломжтой, эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад “Бодлогын хүү болон инфляц хоорондын зөрүү 3.2 хувьтай байна гэдэг нь цаашид бууруулах боломжтой гэсэн үг. Хэрэв инфляц одоогийн хэмжээндээ тогтвортой байвал бодлогын хүүг цаашид бууруулах боломжтой” хэмээн хариулав.
Эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 5.6 хувь буюу Монголбанкны хүлээлтийн орчимд гарсан байна. Үүний талаас илүү хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлсэн гэнэ. Түүнчлэн Төвбанк энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг зургаан хувь гэж тооцож байсныг 5.8 хувь болгож бууруулсан байна. Төлбөрийн тэнцлийн цаашдын төлөвт нүүрсний үнэ эрсдэл дагуулсан хэвээр буй бөгөөд уул уурхайн салбарын өсөлт хүлээлтээс доогуур байгаагаас үүдэн эдийн засгийн өсөлт цаашид ч бага зэрэг саарах төлөвтэй гэнэ.
Ташрамд дурдахад, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн гуравдугаар сард хуралдаж, бодлогын хүү 10 байсныг хоёр нэгжээр нэмэгдүүлэн 12 хувь болгосон юм.
У.Сүрэн