Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
2024 оны УИХ-ын сонгуулиар АН-ын жагсаалтын 13 дугаарт эрэмбэлэгдэж анх удаа хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж буй гишүүн Ганбатын Очирбат улс төрд төдийлөн танигдаж чадаагүй нэгэн гэхэд хилсдэхгүй. 2020 оны сонгуульд нэр дэвшээд, Н.Учрал, Д.Сумъяабазар, П.Анужин нарт өвдөг шороодсоноосоо хойш парламентын босгоор алхахын тулд олонд танигдах ажил их хийсэн биз. Тиймдээ ч 2024 оны сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнөхөн буюу 2023 оны арванхоёрдугаар сард иргэдэд тараасан 10 000 бэлэг дотор ариун цэврийн цаас, живх байсан талаар цахим хуудаснуудад мэдээлж байв.
Гишүүн болсноосоо хойш улс орны эдийн засаг, хөгжлийн талаар дориун дуугарч буй нэгэн. Тухайлбал, “Иргэд мөнгөтэй, орлоготой байж улс орон хөгжинө”, “Мөнгө хаана байна, тэнд шийдвэр гарч байна” гэх мэтээр байр сууриа илэрхийлж иржээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан УИХын гишүүнийг эгүүлэн татах хуулийг эсэргүүцэж, “Энэ хууль батлагдвал гишүүд ажлаа хийж чадахгүй, үгээ залгина” хэмээж байв. Хамгийн сүүлд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцохоор хүргүүлсэн АН-ынхны шаардлагад хариу өгөөгүйг шүүмжилж чуулганы танхимд “14 хоног хүлээлээ. Алгын чинээ цаасан дээр 10 үг холбоод хариу өгчхөж болдоггүй юм уу” гэсэн юм.
Энэ мэтээр сөрөг хүчний дуу хоолойгоо хүргэж буй гишүүн Г.Очирбат 2001 онд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль төгсжээ. 2005 онд “Монгол фермер” коллежийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бакалавр, 2009 онд ШУТИС-ийн Компьютерын техник, менежментийн сургуулийг дүүргэн хүний нөөцийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан аж. Улмаар өмнөд хөршийн Хэбэй хот дахь Шинжлэх ухаан, технологийн дээд сургуульд докторын хөтөлбөрт суралцсан гэнэ. Оюутан ахуйдаа ажлын талбарт гарч, өнөөгийн УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы хамаарал бүхий “Хүчит шонхор” компанид туслах ажилтан, байцаагч, маркетингийн албаны дарга зэрэг ажил эрхэлж, шат дараалан дэвшиж байж. 2008 оноос “Витафит групп” ХХК-ийн охин “Витафит инвест”-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны даргаар хоёр жил ажиллаад тус аж ахуйн нэгжийн харьяа “Номун интер трейд”-ийн маркетинг, борлуулалт эрхэлсэн захирлын албыг 2010-2011 онд хашжээ. Үүнээс хойших хоёр жил нь БНХАУ-д суралцсан хугацаатай давхацсан бололтой, ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлсэн талаар танилцуулгад нь байсангүй. 2013 оноос өөрийн бизнесээ эхлүүлж, “ТНГРИ инвест” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Улмаар “Сүлдшонхор”, “Ай пи эм инвест”, “ТНГРИ трейдинг” зэрэг аж ахуйн нэгжээ байгуулан удирдаж 2024 оны сонгуультай золгосон байна. “ТНГРИ инвест”, “ТНГРИ трейдинг”, “Сүлдшонхор” ХХК-ийн 45-51 хувийг Г.Очирбат эзэмшдэг бол, үлдсэн нь Тогтмолын Батмөнх гэх хүний нэр дээр буй нь улсын бүртгэлийн байгууллагын нээлттэй мэдээллийн санд бий. Мөн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ашигт малтмалын хайгуулын “Цахирцагаан гол”, ашиглалтын “Адексмайн”, “Сүлд окто ойл”, зочид буудлын үйлчилгээ эрхлэгч “Аврора тауэр”, гадаад худалдаа, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлийн “Бат хүнс”, ачаа тээврийн “Триллон рөүд транс” зэрэг аж ахуйн нэгжид хувьцаа эзэмшдэгээ АТГ-т гаргаж өгсөн хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Өөрийн орлого нь гурван тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэж байсан Г.Очирбат гишүүний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн дундаас “Өд” ариун цэврийн цаасны “ТНГРИ инвест”, “Тоди” хүүхдийн живх үйлдвэрлэгч “Сүлдшонхор” ХХК-ийг нь иргэд илүү сайн мэднэ.
УИХ-ын Эдийн засгийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалагддаг тэрбээр өнгөрсөн онд Үндэсний их баяр наадмын, УИХ-ын, Нийгмийн даатгалын, УИХ-ын хяналт, шалгалтын, энэ жил Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг хууль, Хянан шалгах түр хороо байгуулах тухай нэг бус тогтоолын төсөл санаачлан, ажлын хэсэгт багтан өргөн барьжээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Н.Учралын Засгийн газарт багтах гэсэн АН-ын хэсэг гишүүнтэй нэгдэн яриа хэлцэл хийж явсан тухай мэдээлэл ч бий.