ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд манай улс нийт 13 газар бүртгүүлсэн байдаг. Үүнд хамгийн анх 1991 онд Их говийн дархан цаазат газрыг бүртгүүлсэн бол Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг өнөө жил багтаасан билээ. Тэгвэл уг сүлжээнд хамгийн сүүлд бүртгүүлсэн экосистемийн онцлог, үнэ цэн, ач холбогдлыг аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн талаас нь орон нутгийн иргэдэд таниулах зорилготой үйл ажиллагааг холбогдох байгууллагынхан хамтран маргааш зохион байгуулах гэж байна.
Тодруулбал, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааныхан хамтран “ЮНЕСКОгийн Шим мандлын нөөц газрууд ба тогтвортой аялал жуулчлал” сэдэвт хурал, хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумд энэ сарын 23-нд зохион байгуулах нь. “Байгалиа хамгаалж, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулж, ирээдүйн аялал жуулчлалын чиг хандлагыг хамтдаа тодорхойлох нь энэ үйл ажиллагааны гол зорилго” гэдгийг санаачлагчид нь онцлов.
Н.Дүүл