Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, “Алтан гадас” одонт зураач Я.Булган, Соёлын тэргүүний ажилтан Ө.Бархүү нар “Чин зүрхний дэлбээ” хэмээх хамтарсан үзэсгэлэнгээ олны хүртээл болголоо. Уран бүтээлчид хүний дотоод ертөнц, хүүхэд насны гэнэн цайлган мэдрэмж, хүн, байгалийн салшгүй холбоог харуулсан 50 гаруй тосон болон усан будгийн бүтээлээ үзэсгэлэнд дэлгэжээ. Тэд эдгээр бүтээлээрээ дамжуулан амьдралын баяр баясгалан, эрх чөлөө, сэтгэлийн олон өнгийг илэрхийлэхийг зорьсон байна. Мөн үзэсгэлэнгийн танхимд эгшиглэх зөөлөн аялгуу нь үзэгчдэд тухайн бүтээлүүдийг тайван ажиглаж, утга санааг нь тунгаан бодох таатай орчин бүрдүүлснээрээ онцлогтой.
Зураач Я.Булган нь Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн зээ охин бөгөөд ОХУ-ын Санкт-Петербург хотын И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академид суралцаж, сонгодог урлагийн боловсрол эзэмшжээ. Тэрбээр өдгөө Дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн захирлаар ажилладаг бол Ө.Бархүү тус сургуулийн багш юм.
У.Цэцэг