Хэд хоногийн өмнө бие чилээрхэж, эмнэлэгт үзүүлэхээр дугаар хүлээж суув. Цагаа хүлээсэн хүмүүс юу эсийг ярих вэ дээ. Өөрсдийн өвчин зовлон, уудаг эм тан, нутаг ус, хашдаг ажил алба гээд юм юм л ярих аж. Надтай зэрэгцэн суусан, насаар ойролцоо болов уу гэмээр эмэгтэй яриа өдөж танимхайрав. Тэр нийслэлийн 14 дүгээр сургуульд багш байсан гэдэг нь надад олзуурхууштай санагдлаа. Учир нь нэгдүгээр ангиас 10 төгстөлөө хамт сурсан нэг нутаг, гол усны минь найз тус сургуульд олон жил багшлаад гавьяаныхаа амралтад гарсан юм. Ойрд бид уулзаагүй болохоор найзынхаа сургийг дуулна гэж олзуурхсан хэрэг л дээ.
-Танай сургуульд монгол хэл, уран зохиолын багш байсан Бандихүүгийн Цэвэлийг танина биз дээ гэж асуутал “Танилгүй яах вэ. Бид олон жил хамт ажилласан. Би байтугай нийслэлийн дал, наяад оны бүх сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нар Цэвэл багшийг андахгүй. Нийслэл төдийгүй улсын хэмжээнд түүний туршлагыг нь нэвтрүүлэх заавар, зөвлөгөө хүртэл гарч байсан юм шүү дээ. 1957 онд Багшийн дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын анги төгсөөд 14 дүгээр сургуульд ирж, 1998 он хүртэл 41 жил багшилсан ахмад, туршлагатай багш.
Сурагчдын сурлагын чанарыг дээшлүүлэх олон шинэ санаачилга гаргаж, түүнийхээ үр дүнг ч үзсэн дээ. Мөн сурагчдын мэдлэг шалгах техник хэрэглэгдэхүүн санаачилж, уг аргачлалаараа ном хэвлүүлэн нийслэлийн арван жилийн сургуулиудын монгол хэл, уран зохиолын багш нарт гарын авлага бэлтгэн өгч, түүнийг нь тухайн үед заавал нэвтрүүлэх туршлага болгож байв. Тэрбээр 1970, 1980-аад оны үед багш нартай хамтран уран зохиолын хоёр, монгол хэлний дөрвөн кабинет байгуулж, нийслэлийн мэргэжил нэгт багш нарт үзүүлэх сургууль зохион байгуулж, нээлттэй хичээл явуулж байсан юм.
Даасан анги, заасан хичээлээ үр дүнтэй болгох зорилгоор Цэвэл багшийн гаргасан санаачилгыг сургууль, нийслэлийн боловсролын байгууллага, ахмад багш нарын холбоо дүүрэг, хороод дэмжин түүнийг Гавьяатад тодорхойлж зохих газар луу нь хүргүүлсэн Гэвч тэр цол хэргэмийг одоо хүртэл олгоогүйд бид гайхдаг. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд асан Сү.Батболд нар Цэвэл багшаар хичээл заалгасан шавь нар нь шүү дээ. Төрийн эрхэд гарч, эрх мэдэлтэй болсон шавь нар нь багшийгаа арай мартчихаагүй л баймаар юм” гээд “Та сэтгүүлч юм бол эрх мэдэлтэй том дарга нарын сонорт хүргэж бичиж болдоггүй юм уу” хэмээн тулгах аястай хэлэв.
Боловсролын байгууллагад, тэр тусмаа ганцхан сургуульд 41 жил тогтвортой ажиллаж, хэдэн мянган шавь нараас нь төрийн өндөр албанд хүртэл ажилласан “томчуул”, төрийн шагналтан, дэлхийн шилдэг эмч гээд өчнөөн олон алдартныг бэлтгэсэн ийм хүн төр засаг, түмэн олны мэлмийд өртөж, хөдөлмөрөө гүйцэд үнэлүүлж чадахгүй өдий хүрсэнд нь харамсах сэтгэл төрсөн юм.
Цэвэл бид хоёр нэг нутгийнх, бас арван жил нэг ангид сурч, өсөж өндийсөн болохоор түүнийг багаас нь сайн мэднэ. Тэр зургаан хүүхэдтэй айлын ууган охин. Дүү нараа асарч хичээл сургуульд нь тусалдаг, гэрийнхээ хамаг ажлыг бие даан хийдэг, оёж шидэхээс эхлээд түүнд чадахгүй ажил үгүй, хэрсүү, ажилсаг, даруу төлөв хүүхэд байсан. Эцэг Бандихүү нь нутагтаа нэр хүндтэй дархан хүн байв. Манай нутгийн бүсгүйчүүлийн мөнгөн гоёл бүгд л Бандихүү гуайн хийцийнх байсан. Бас айлуудын цоорч, булгарсан гуулин, зэсэн шанага, данх, домбыг нөхөж цойлддог нь Цэвэлийн аав л байлаа. Эднийх баян тансаг байгаагүй ч бусдын дор орохгүй, хэдэн хүүхдээ мөр бүтэн, гэдэс цатгалан байлгаж чаддаг, борог амьдралтай жирийн сайхан айл байсан юм. Цэвэлийн ээж Цэдэнбал гэж орсон, гарсныг цайлж дайлдаг сайхан сэтгэлтэй, сайн хүн байлаа.
Цэвэл багш сурагчдын монгол хэл, уран зохиолын хичээлийн мэдлэгийг бататгахын тулд багш нарын заах аргыг чанаржуулах гарын авлага болгон доорх ном, эмхэтгэлүүдийг гаргажээ. Үүнд монгол хэлний хичээлд техник хэрэгсэл хэрэглэж сурагчдын мэдлэгийг бататгах арга зүй, мэдлэг шалгах техник, хэрэглэгдэхүүн ашиглах гарын авлага, ерөнхий боловсролын сургуульд заавал судлах уран зохиол, шалгалтын материалын эмхэтгэл, монгол хэлний гол дүрмийн тайлбар хэрэглэх заавар, монгол хэлний дасгалын сорил зэрэг олон ном хэвлүүлсэн нь тухайн үед арван жилийн монгол хэл, уран зохиолын багш нарын ширээний ном болж байжээ. Ийм гарын авлага бэлтгээд зогсохгүй, түүнийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар багш нарын сургалт зохион байгуулан туршлага солилцож, залуу багш нарт зөвлөгөө өгч тусалдаг болохоор түүнийг багш хэмээн хүндэлдэг мэргэжил нэгтнүүд цөөнгүй байв.
Удирдсан ангиасаа сахилга, сурлагын доголдолтой сурагч байлгахгүйн тулд хүүхдүүдийн эцэг, эхтэй нягт холбоотой ажиллаж, хүүхдээ сайн хүмүүжүүлдэг туршлагыг нь бусдад таниулж хамтран ажилласны үр дүнд даасан ангиас нь муу сурдаг, сахилга, хүмүүжлийн доголдолтой сурагч төгсөж байгаагүй бөгөөд түүнийг нь сургуулийн хэмжээнд тэргүүн туршлага болгон нэвтрүүлснээр сурлага, хүмүүжилд сайнаар нөлөөлж байлаа.
Дундговь аймгийн Дэрэн сумын Гавьяат багш Д.Төмөр, Гавьяат багш Рэнцэндорж, нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн багш Гүррагчаа нарын, сурагчидтай ажилладаг туршлагыг эзэмшиж заах аргадаа хэрэглэснээр сурагчдын сурлага, хүмүүжлийг зохих түвшинд хүргэн, дээрх багш нарын тэргүүн туршлагыг эзэмшсэн гэрчилгээ авч байлаа.
Б.Цэвэл багшлах хугацаандаа 10 дугаар анги зургаан удаа удирдан төгсгөсний олонх нь эх орондоо үр бүтээлтэй ажиллаж байгаа билээ. Дааж төгсгөсөн, хичээл заалгасан шавь нараас нь хүний их эмч арав гаруй, малын эмч зургаа, багш, эдийн засагч, инженер хэдэн арваар тоологдож байна. Тэдний дотроос Төрийн шагналт, уул уурхайн инженер Лувсанчоймбол агсан, анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд асан Сү.Батболд, элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, 2017 онд дэлхийн шилдэг эмчээр тодорсон Хүний гавьяат эмч О.Сэргэлэн, мөн Хүний гавьяат эмч Лхагвадолгор, бөөрний мэс засалч, доктор Б.Энхравдан, хавдрын нэрт эмч, анагаах ухааны доктор Г.Пүрэвсүрэн, хүний их эмч, доктор Б.Шанш, Цэнджав, ШУТИС-ийн багш, доктор Ц.Цэен болон бусад олон арван шавь нь өдий зэрэгтэй, нэр төртэй ажиллаж амьдарч яваагаа багшийнхаа ач гавьяа хэмээн сэтгэж, бахархаж явдаг ажээ.
“Цэвэл багш зөвхөн хичээлийн цагт төдийгүй хичээлийн бус цагт ч сурагчид, тэдний эцэг, эхтэй уулзан ярьж зөвлөлддөг байсан юм. 1970-1980-аад оны үед манай сургуулийн хүүхдүүд одоотой адил боловсон орон сууцад амьдарч байсангүй. Дийлэнх айл гэр хороололд, хашаанд амьдардаг байв. Багш маань сул сурдаг, хичээл тасалдаг хүүхдүүдийн эцэг, эхтэй нь уулзах гэж оройн цагаар явж, муу хүмүүстэй таарч, нохойд хүртэл хөөгдөж явдаг байсан даа.
Сурагчдынхаа төлөө ингэж уйгагүй ажилладаг багш тэр үед тийм ч олон байгаагүй, одоо бол бүр ч байхгүй байх. Ингэж цаг наргүй ажилладаг байсан болохоор багшийн даасан анги сурлага, сахилгаараа ямагт сургуульдаа манлайлдаг байсан” гэж дэлхийн шилдгээр өргөмжлөгдсөн Хүний гавьяат эмч О.Сэргэлэн багшийгаа дурсан ярив.
Монголын пионерийн байгууллагын 50 жилийн ойг угтан сурагчдын сурлага, хүмүүжлийн нэгдлийг хангах чиглэлээр зарласан уралдаанд Б.Цэвэл багшийн удирдсан анги арга хэмжээнд ангиараа уригдан оролцож, ойн медалиар шагнуулж байсан, бас даасан ангийнх нь МХЗЭ-ийн үүр сурлага, хүмүүжлээрээ нийслэлд шалгарч, Эвлэлийн үүрийн дарга Г.Пүрэвсүрэн ЗХУ-ын “Артек” зусланд амарч байсан гэхчлэн даасан анги нь сургуульдаа төдийгүй нийслэл хот, улсын хэмжээнд олон удаа манлайлж байжээ.
Ажил, хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучилдаг Б.Цэвэл багшийн хөдөлмөрийг үнэлж Монголын багш нарын анхдугаар их хурал, Азийн эмэгтэйчүүдийн чуулган, Монголын улаан загалмай нийгэмлэгийн их хуралд төлөөлөгчөөр оролцуулж байлаа. Залуу үеийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд түүний оруулсан хувь нэмрийг үнэлж, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг, Засгийн газрын хүндэт жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, МХЗЭ-ийн Төв хорооны Тэргүүний сэхээтэн алтан медаль, МХЗЭ-ийн Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан цол тэмдэг, Монголын багш нарын холбооны “Есөн эрдэнэ” медалиар шагнуулж байв.
Эх орны ирээдүй болсон залуу үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд дөч гаруй жил бие, сэтгэлээ зориулаад эдүгээ 90 насны босгонд ирээд буй Бандихүүгийн Цэвэл багшийн нөр их хөдөлмөр, гавьяаг нь төр минь үнэлж үзэхэд оройтоогүй байх аа.
Бэлтгэсэн Д.Дорждулам Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч