Сүүлийн жилүүдэд цахим дэлгүүрүүд олширч, хэрэглэгчдийнх нь хүрээ ч тэлж буй. Хичээл эхлэхээс өмнө хүүхдүүдийнхээ хувцсыг бэлдэхээр эцэг, эхчүүд томоохон худалдааны төвийг зорьдог. Энэ үед худалдааны төвүүдэд хүн зөрөх аргагүй болдог. Харин ноднин жилээс зах, худалдааны төвийг зорих иргэдийн тоо эрс буурсныг худалдаачид дурдаж байлаа. Тэдний хэлснээр иргэд цахим дэлгүүрээр үйлчлүүлэх нь ихэссэн гэнэ. “Цахим дэлгүүрээр үйлчлүүлээд залилууллаа, чанаргүй бараа хүлээж авлаа, зурагнаасаа өөр байсан” зэрэг сэтгэгдэл байнга шахам л цахим сүлжээнд “тааралдах” болсон. Үүнтэй холбоотой хэргийг хэрхэн шийдвэрлэдгийг цагдаагийн байгууллагаас тодруулахад “Иргэд цахим дэлгүүр нээх, эсэхэд нь тавих шаардлага байхгүй ээ.
Мөн хүмүүс хоорондоо итгэлцлээрээ харилцаж байгаа. Бидний зүгээс баталгаагүй хаяг, уулзаж байгаагүй хүн рүү мөнгө шилжүүлж болохгүй талаарх сэрэмжлүүлэг мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэдэг” гэсэн юм. Цахим дэлгүүрээр дамжуулан бараа захиалаад, төлбөрөө шилжүүлчхээд байхад хүргэж өгөөгүй бол залилах гэмт хэрэгт хамаарах аж. Залилах гэмт хэргийн талаар гомдол гаргахад хохирлын хэмжээ хэд байх нь хамаарахгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, та хэдэн төгрөгөөр ч хохирсон бай түүнийхээ дагуу гомдол гаргах боломжтой. Ийм төрлийн хэрэгт холбогдсон бол мөнгөө шилжүүлсэн газрынхаа харьяа цагдаагийн байгууллагад гомдол гаргах ёстой юм байна. Энэ төрлийн зөрчил өдөрт хэдэн арваараа гарч байхад манай улсад үүнийг шийдэх зохицуулалт алга. Цахим орчинд хүмүүс дураараа авирлаж буй ч түүнд хяналт тавихгүй л байна.
А.Тэлмэн