А.Доржпаламын орчуулагчаар нь ажилласан, одоогоос сар гаруйн өмнө уншигчдын хүртээл болоод буй, астрономич Карл Саганы “Космос” ном нээлтээ хийх үед л түүнийг ярилцлагад урих бодолтой явлаа. Бидний ярилцлага шинжлэх ухаанч бус хандлага, хуурамч шинжлэх ухааны хүрээнд өрнөсөн юм. “Гэж юу вэ” сувгийн хөтлөгч, контент бүтээгч А.Доржпаламтай ярилцсанаа уншигч танд хүргэе.
-“Шинжлэх ухааны толь бичиг” хийж байгаа гэсэн. Үүнээс яриагаа эхэлье.
-Би шинжлэх ухаанч биш. Контент бүтээх явцад шинжлэх ухааны салбар бүрийн нэр томьёотой тааралддаг учраас тэдгээрийг юу гэж орчуулах вэ гэсэн зовлонтой тулгардаг. Particle гэдгийг бөөм гэж хэлэх нь зөв үү, үгүй юү. Тиймээс шинжлэх ухааны контент бэлтгэгчид, хэвлэл мэдээллийнхэн үүн дээр маш том хариуцлага үүрч байгаа. Үнэн зөв нэршлийг л хүргэх ёстой шүү дээ. Буруу нэршлээс ойлголтын зөрүү үүснэ. Энэ асуудлыг цэгцэлж, эрдэмтэд идэвхтэй ажиллаагүйн улмаас нийгмийн танин мэдэхүйд үл ойлголцол үүсэж байна. Би шинжлэх ухааны контент хийдэг учраас салбарын хүмүүсээс нь эргэлзээтэй зүйлээ шууд тодруулчхаж болно. Жишээ нь, чи физикийн тухай мэдээ орчуулахаар бол яах вэ. Физикч олоход амаргүй шүү дээ. Нэршил тайлбарласан нэгдсэн эх сурвалж байхгүй учраас бид өгөгдөлд суурилж, цахим толь хийх хэрэгтэй гэж шийдсэн юм.
Салбарынхаа нэр томьёог тайлбарласан толь бичиг бичсэн эрдэмтэн цөөнгүй бий. Харин зарим нь мэдлэгийг өмчлөх гээд байдаг. Олон нийтэд нээлттэй биш, зөвхөн худалдан борлуулах аргаар түгээдэг. Цахимд шилжүүлэхэд тийм ч таатай ханддаггүй. Уг нь илүү олон хүнд хүртээмжтэй хүргэж, эрдэмтэд санал бодлоо чөлөөтэй солилцох нь чухал. Энэ тал дээр хүмүүсийг уриалах зорилгоор сайн дураараа уг толь бичгийг хийж байгаа.
-Хэзээ бэлэн болох вэ?
-Энэ сард багтаад бэлэн болох байх. “gejyuve” вэб болон толь бичиг хамт ажиллана. Энэ вэбийг хийх гэж бид юүтүб контент эхлүүлсэн гэж хэлж болох юм. Эрдэмтэн, судлаачид, платформ хэрэглэгчид үг нэмэх боломжтой. Гол нь эх сурвалжаа дурдах шаардлага тавина. Хэн үг нэмсэн нь харагдана. Энэ нэр томьёог ингэж л орчуулна гэдэг зүйл байхгүй. Харин салбарын эрдэмтдэд нэршлээ хэлэлцэх, шүүн тунгаах орон зай бий болох юм. Контент бүрээс нэр томьёо улам баяжиж, ирээдүйд дата сан үүсэх боломжтой.
-Бүртгүүлсэн хэрэглэгчид ч санд үг нэмэх боломжтой юм байна.
-Тийм. Үг нэмлээ гэхэд цахим сүлжээ шиг шууд нийтлэгдэхгүй. Энэ үгийг ингэж орчуулах нь зөв үү, үгүй юү гэдгийг редакц хянана. Редакцын тодорхой хувьд салбараа сайн мэдэх эрдэмтэд багтах юм. Бид “Космос” гээд ном орчуулсан. Физик, биологиос сансар хүртэлх олон салбарыг хамарсан агуулгатай л даа. Орчуулах явцад маш олон нэршлийн асуудал үүсэж байв.
-Орчуулгадаа хэр хугацаа зарцуулсан бэ?
-Нэг жил гаруй. Редактор, зөвлөх судлаач, орчуулагчтайгаа нийлээд дөрвүүлээ. Бүлэг бүрийн эхэнд нэлээд эрт үеийн бичвэрүүд байгаа. Түүнийг орчуулахад амаргүй байсан учраас туслалцаа авсан шүү.
-Шинжлэх ухаантай холбоотой асуудлыг дурын нэгэн буруу зөрүү тайлбарлах нь олширчээ. Эрдэмтэд яагаад ийм бүрэг, чимээгүй байдаг юм бэ. Номын худалдаанд ямар төрлийн ном түгээмэл зарагддагийг та надаар хэлүүлэлгүй сайн мэдэх байх.
-“Космос”-ыг орчуулсан нь учиртай. 1970-аад оны үед Америкийн эрдэмтэд олон нийттэй харилцахыг хүсдэггүй, шинжлэх ухааны мэдлэг нь тансаглал бөгөөд өөрсдөө л хүртэх эрхтэй гэж үздэг байсан. Харин зарим нь энэ мэдлэгийг хүмүүс угаасаа ойлгохгүй тул цагийн гарз, дэмий оролдлого гэдэг байж. Тэр дундаас хувьсгалын чанартай ажил хийсэн нь Карл Саган. Олон нийтэд зориулан ном бичиж, анхны шинжлэх ухааны контент хийсэн хүмүүсийн нэг. Тэр ч утгаараа их алдартай, хүндлэл хүлээсэн. Үр дүнд нь олон хүн шинжлэх ухааныг ойлгож, эрдэмтэд “төрж”, төр нь энэ чиглэлд хөрөнгө оруулах гэх мэт макро хэмжээсүүдэд нөлөөлсөн юм.
Эрдэмтэй хүн даруу гэдэг дээ. Олны анхааралд орохыг хүсдэггүй нь ч бий. Гэхдээ цаг тулсан үед дуу хоолойгоо зоригтой хүргэх хэрэгтэй. Чимээгүй байвал санаатай болон санамсаргүйгээр нийгмийг турхирах хүн олширно. Энэ зөвхөн миний байр суурь шүү. Монголын ихэнх мундаг эрдэмтэн гадаад руу явчихсан. Тэндээ судалгаа хийж, мэдлэг үйлдвэрлэдэг. Хэдий харамсалтай ч, тэд эргээд эх орондоо хувь нэмрээ оруулахыг хүсдэг гэдэгт итгэлтэй байна. Платформоо ашиглалтад оруулчихвал тэр хүмүүс чөлөөт цагаараа өөрсдийн мэдлэгээ олон нийттэй хуваалцах боломж бүрдэх болов уу. Монголд байгаа эрдэмтдийг санхүүжилт бага салбартаа зүтгэн торойж үлдсэн болон зүгээр л оршин тогтнож буй хүмүүс гэж ялгаж болох юм. Тийм хүмүүсийг эрдэмтэн гэх хэцүү. Тэд бол орон тоо бөглөгчид. Магадгүй тэдний яриаг сонсохгүй байсан нь зүйтэй байх.
-Та яагаад шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд түгээх хэрэгтэй гэж үзээд байна вэ?
-Бид 12 жил “хүчээр” сурдаг шүү дээ. Зорилго нь шинжлэх ухааны мэдлэг олох. Шинжлэх ухаан бол үнэнд ойртох хамгийн үр дүнтэй арга. Харин боловсролын систем үүний мөн чанарыг заадаггүйг би биеэрээ мэдэрсэн. Аз болж гадаадад их сургуульд сурч байхдаа Монголд юу ч сураагүйгээ, баахан “түүхий” мэдлэг авснаа мэдсэн. Шалгалтдаа өндөр оноо авч, онц сурдаг байсан ч шинжлэх ухаан гэдгийг ойлгоогүй 20 хүрчихсэн байв. Туркт очоод шинжлэх ухаан миний бодож, төсөөлснөөс өөр гэдгийг мэдээд мэргэжлээ сольж, сургуулиасаа гармаар санагдталаа гутарсан.
Бүрэн дунд сургуульд нь шинжлэх ухааныг бараг заагаагүй төгсгөчхөөд энэ нийгмээс бид юу хүлээх юм бэ. 20 настайдаа энэ мэдлэгийг нийтэд таниулах контент хийхээр шулуудаж, амьдралын зорилгоо болгосон. Бид боловсролын хөтөлбөрөө дахин сайн нягтлах ёстой. Сурах бичгүүд бизнес болчихсон нь нууц биш. Шударга өрсөлдөөнгүй, тендерийг нь хэдхэн компани авдаг учраас чанартай ном гаргах бус, зүгээр л мөнгөний машин гэж үзэж байгаа нь асуудал. Их сургуулиуд зөвхөн диплом үйлдвэрлэж байна уу гэдгийг ч харах ёстой.
-Мэдээллийн технологийн салбарын хувьд л гэхэд старт-ап бизнесүүдэд хөрөнгө оруулах, дэлхийд өрсөлдөх технологийн компанийг байгуулахад дэмжлэг үзүүлэх болжээ. Бусад салбар шинжлэх ухаанд энэ хэр түгээмэл байдаг бол?
-Би таван жилийн өмнөх Монголыг мэднэ. Өнөө цагт улс төрийн нам, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө шинжлэх ухааны хөгжлийн хөтөлбөрөө тодорхойлж, бизнесүүд ч маркетингдаа шинжлэх ухаанчаар тайлбарлах аргыг хэрэглэх болсон. Ямар хөтөлбөрүүдэд грант олгодгийг би сайн мэдэхгүй байна л даа. Саяхныг хүртэл шинжлэх ухаанд зарцуулж буй санхүүжилт зорилтот хүмүүстээ очдоггүй байсан шүү дээ.
-Шинжлэх ухааныг догма гэж үзэх нь ч бий. Сурч болох, судалсан бүх мэдлэгийг үүгээр хязгаарлах нь хэр зөв бэ?
-Монголд ийм хоршоо үгээр хэвшчихсэн. Харин нэг үгээр тодорхойлбол “Эрдэм” гэж болох юм. Шинжлэх ухаан бол арга барил, догма биш шүү. Шинжлэх ухааны тайлбар 100 хувь үнэн биш гэсэн үг. 99 хувь гэж харах ёстой. “Юм хоёр талтай. Энэ тайлбар чинь яг баталгаатай юм уу” гэж харж байгаа хүмүүсийн зөв. Энэ бол хамгийн эрүүл хандлага. Шинжлэх ухааны философи нь абсолют үнэнд хүрэх бус, бодит үнэнийг эрэлхийлэх тухай юм.
-Ер нь аливаад шинжлэх ухаанчаар хандах болон “Эрдэмтэд нотолжээ” гэсэн үгэнд шууд итгэх хоёр ялгаатай биз дээ?
-Мэдээж. Эрдэмтэнд итгэх нь хүнд итгэх тухай болно. Судлаачдын 97 хувь нь ертөнц их тэсрэлтээс үүссэн гэдэгт санал нэгдэж байгаа. Шинжлэх ухаанч хандлага нь сохроор итгэхээс ялгаатай.
-Псевдо шинжлэх ухаан гэдгийг хуурамч, заримдаг гэх зэргээр орчуулсан байна. Ийм ойлголт яг байдаг уу?
-Шинжлэх ухаан гэвэл нэр нь хүндэдсэн хэрэг болно. Би энийг “Хуурмаг ухаан” л гэж орчуулдаг юм. Энэ чинь тэр чигтээ шинжлэх ухааны нэр барьж худал мэдээлэл түгээхийг л хэлээд байгаа шүү дээ. Шинжлэх ухааны ойлголтуудыг нэг тогоонд хийж, өөрийнхөө итгэл үнэмшлийг холиод хүмүүст зарж байгаа хэрэг. Зарах гэдэг нь дан ганц мөнгөөр биш. Хүн зүгээр л санааныхаа зоргоор бурахын тулд псевдо юм хийж болно. Энэ бол манай нийгэм дэх өвчнүүдийн нэг. Ийм зүйл ярьдаг хүмүүс бүлэглэл, култ болтлоо хөгжсөн байна.
-Хүн байгалиасаа л хов живд дуртай, ид шид, гэмт хэрэгт сонирхолтой. Үүнийг хүний итгэл үнэмшилтэй холбож ч болно. Ид шидэд итгэдэг хүнийг “Чи юманд шинжлэх ухаанчаар хандсангүй” гэх нь хэр зохимжтой вэ?
-Хүний итгэл үнэмшилд халдана гэдгийг юу гэж хүлээн авахаас хамаарна. “Чи луунд итгэдэг юм байна шүү дээ” гээд тэр хүнийг цохиж алах бол халдлага. Харин “Үнэндээ луу гэж байдаггүй. Яагаад гэдгийг би чамд үндэслэлтэйгээр тайлбарлая” гэх нь халдлага биш. “Чи буруу юманд итгээд байна” гэж хэлэх нь тэр хүнд үзүүлж байгаа буян. Бид хүний итгэл үнэмшилд халдчих вий гэсэн зангаасаа болоод хуурмаг юманд итгэж, ярьж байгаа нэгнээ өөгшүүлээд байж болохгүй. Түүнээс биш хүнийг тэнэг мангараар дуудах нь мэдээж зохимжгүй зүйл.
-Хуурмаг ухаан гэж байгаа боловч энэ бол өдөр бүр түгж буй хуурамч мэдээллүүдийн л нэг хэсэг. Энергийн бугуйвч, MBTI тест, астрал аяллыг та их шүүмжилдэг.
-Энэ хэзээ ч дуусахгүй асуудал юм байна гэж бодсон. Шинжлэх ухааны суурь мэдлэггүй хүн салхи хаашаа салхилна, тийшээ л найгана. Мэдлэгтэй бол дархлаа тогтоно. Логик сууриа бэхжүүлээгүй хүмүүс л ямар ч зүйлд сүргийн психологиор ханддаг. Нөгөөтээгүүр, итгэн үнэмших хэрэгцээг хангах, нийгмийг нэгтгэн зохицуулах хүчтэй шашин манайд байхгүй. “Би буддист” гэдэг ч дийлэнх нь буддын философио ч ойлгоогүй байгаа.
Нийгэмд манифест гэгч зүйл хүчээ авч, аймшигтай болчихсныг дөнгөж саяхан л мэдлээ. Бүр маш том бизнесийн орчин болчихсон. Зарим нь манифест хийх сургалт явуулаад сард 20 мянган доллар олдог гэж байгаа юм. Ухаад үзвэл энэ бүхний үндэс нь 2006 онд хэвлэгдсэн “Secret” гэж номоос гаралтай үзэл санаа. Энэ ном дэлхий даяар 30 гаруй сая хувь борлогдоод, баримтат кино нь гурван сая доллароор бүтэж, “Box оffice”-оос 70 сая долларын ашиг олсон. Манифестын цаана таталцлын хууль байгаа гэж тайлбарладаг нь их инээдтэй. Таталцлын хууль гээд интернэтээс хайвал Исаак Ньютон, Альберт Эйнштейний тухай биш, тийм балай юмны сургалтын бичлэг гарч ирэх хэмжээнд гажуудал үүссэн байна. Бодол биеллээ олдог гэх манифестийн тухай хиймэл оюун ухаанаас асуувал тодорхой хариулт өгөхгүй. Энэ зөвхөн Монголд л тренд болсон сэдэв байх.
-“Зурхай заавал үнэн байх албагүй. Өнөөдөр аз тохионо гэдгээ уншсан байхад сэтгэл санаа цаанаасаа л өөдрөг болчихдог” гэх. Нөгөөтээгүүр, хүн далдын, тайлбарлагдашгүй зүйлсээс сэтгэлээ засах сэжим хайдаг байж магадгүй юм.
-Астрологи хэдэн мянган жилийн түүхтэй. Муухайгаар хэлэхэд, мэдлэг дорой хүмүүст энэ төрлийн зүйлс эм шиг үйлчилдэг. Юмны утга учрыг бодитоор эргэцүүлэхээс илүү өнгөц тайлбараар сэтгэлээ дэвтээхийг хүсэж байгаа. Манай нийгэм тун шинэ. Энэ нь бидний давуу тал. Юмсыг нээлттэй хүлээн авах боломжтой. Цөөхүүлээ учраас зөв, буруугаа хэлэлцээд нэгдсэн санаанд хурдан хүрэх боломжтой. Тиймээс шинжлэх ухааныг маш олон хүнд хүргэх бүрэн нээлттэй. Наад зах нь эргэцүүлж боддог нийгмийн сонгуулийн үр дүн, улс төрчийн ёс суртахуун ямар байхыг бодоод үз дээ.
-Аль ч нийгэмд шинжлэх ухаанч бус хүмүүс байдаг. Айдсаасаа болоод муйхарлаж дайрах нь бий бол, санаатайгаар турхирах нь ч байна. Гэхдээ эцсийн үр дүнд нь хуурамч мэдээллийг түгээж байгаа хүмүүс л хождог.
-Өөртөө ч, бусдад ч ашиггүй юм хийдэг хүнийг тэнэг гэнэ. Өөртөө ашиггүй, бусдад ашигтай юм хийдэг хүнийг сул дорой гэдэг. Өөртөө ашигтай, бусдад ашиггүй юм хийдэг хүнийг дээрэмчин гэнэ. Өөртөө ч, бусдад ч ашигтай юм хийдэг хүнийг ухаантай гэдэг. Аль ч нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа ойролцоо байдаг шиг дээрх хүмүүсийн тоо ч үүнтэй ижил гарна. Америкт ч уур амьсгалын өөрчлөлтийг хүний нөлөөгүй гэдэгт итгэдэг маш олон хүн байх жишээтэй. Тэнэг гэдэг нь шинжлэх ухааныг мэддэггүй гэсэн үг биш, шийдвэр гаргалтын давтамжаар нь л ангилж буй явдал юм. Шийдвэр гаргах мөчид хүнд байх “зэвсэг” нь шинжлэх ухаанч хандлага.
-Та хуурамч шинжлэх ухааны золиос болж байв уу?
-Би их сургуульд сурахаасаа өмнө Гандан орж, ном уншуулдаг л байсан. Шалгалтын дүн сайн гараасай гээд залбирч байв. Тэр нь надад муугаар нөлөөлөөгүй л дээ. Харин дараа нь ялгааг нь анзаарсан. “Хичээлээ сайн давтахад л болох юм байна шүү дээ” гэсэн бодит байдлыг сүүлд ойлгож байгаа юм. Манай хэвлэл мэдээлийн хэрэгсэлд нийтэлдэг зурхай байдаг даа. “Алс газар явахад өлзийтэй” гэснийг харчхаад цаг агаарын мэдээг уншаагүй байгаа юм. Маргааш биш, нөгөөдөр хөдөө явбал сайн гэж гэрээсээ гараад замдаа цасан шуурганд осгож үхсэн хүмүүс байна.
Хурууны хээгээр нь хүүхдийг ямар мэргэжилтэй болохыг хэлдэг генетик тест гэж бий. Энэ бол маш аюултай зүйл. Хүнийг ямар мэргэжил сонгохыг нь хөндлөнгийн хүн шинжлэх ухааны үндэслэлтэй гэж хэлээд сонгож өгөх нь гэмт хэрэг. Тэгж хохирч байгаа хүн олон байна. Энэ бол 2-3 тэрбумын зах зээл. Сургуулийн менежертэй нь хуйвалдаад, сурагчдаа хүчээр ийм тестэд оруулсан гэж байгаа юм.
-Танд тэгж хэлсэн үү?
-Тийм. Энэ нь хүүхдийн хувьд гэмт хэрэг. Хувь хүн өөрөө манифестэд итгээд, сургалтад нь мөнгө төлөөд жаргалтай, жаргалгүй явж байвал өөрсдийнх нь л асуудал. Бидэнд хийж бүтээх, бодох ёстой олон ажил байхад ийм юманд сатаарах нь алсдаа хохиролтой.
-Та фантаз, ид шид, зөгнөлийг юу гэж ойлгодог вэ?
-Энтертайнмент шүү дээ. Гол нь бид үүнийг шийдвэр гаргахтайгаа л холбож болохгүй.
-Сошиалд “инфлүүнсер эрдэмтэн” ч цөөнгүй болжээ.
-Тэд ч ялгаагүй гэмт хэрэг хийж байгаа хүмүүс. Хүмүүст нөлөөлөх нэрээр цаг, мөнгийг гарзадна. Бид нийгмийнхээ салшгүй хэсэг гэдгээ мартаж болохгүй. Эрдэмтэд нь үүний эсрэг зогсох ёстой. Чимээгүй байвал толгой дээр гараад суулаа шүү дээ. Арай ч ирээд толгой хага цохичхоогүй байна.
-Таарсан газар толгойг чинь хага цохино шүү гэж ил, далд хэлээд байгаа юм биш үү?
-Тийм хүн зөндөө байдаг л даа (инээв). Мэдэхгүй байгаа нь тэр хүний буруу биш учраас үзэн ядах хүсэл алга. Тун удахгүй “gejyuve” вэб дээр часхийсэн контентууд гарна. Буруу итгэл үнэмшлийг үгүйсгэж, бодит байдлыг баримттай ярина. Эхэндээ хүмүүс цочирдох л байх. Гэхдээ маш гоё жишиг болно. Шинжлэх ухаанч бус зүйлс телевизээр ч гарч, сонин дээр ч нийтлэгдэж байна. Аль нь зөв, бурууг редакцууд ч ялгахаа больжээ.
-Хэвлэл мэдээллийн үүргийг та юу гэж ойлгодог вэ?
-Нэн тэргүүнд соён гэгээрүүлэгч байгаасай гэж хүсдэг. Хүн бүрэн дунд боловсрол хангалттай эзэмшээгүй байж болох ч үхэн үхтлээ мэдээллийн тусламжтай боловсордог. Түүнийг хангаж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Хэвлэл мэдээлэл нийгмийг инженерчилж байгаа. Хариуцлагатай, зөв мэдээлэл түгээж, зурхай гаргахгүй байх ёстой. Түүний оронд одон орны мэдээллүүд гарга л даа. Хүн төрөлхтөн сансар луу нисэж байхад бид олон мянган жилийн өмнөх рүүгээ буцаад байж болохгүй.
-Хүн төрөлхтнийг дээд хүн бүтээсэн гэж үзэж байсан нь саяхан. Өнөө цагт шинжлэх ухаанд үнэн гэж хүлээн зөвшөөрөгдөж буй зүйл тодорхой хугацааны дараа үгүйсгэгдэх боломжтой юу?
-Боломжтой. Өөрчлөлт байж хөгжинө. Гэхдээ бидний шинжлэх ухаан гэж бодож байгаа зүйл орвонгоороо эргэх боломжгүй. Ертөнц 13.8 тэрбум жилийн өмнө үүссэн гэх санаа үгүйсгэгдээд бурхан бүтээсэн гэдэг санаа үнэнд тооцогдох ямар ч боломжгүй. Шинжлэх ухааны онол бол цайз. Нурах боломжгүй. Нурах юм бол ертөнц нурна л гэсэн үг шүү дээ. Яг одоо бид үүнийг системтэйгээр тайлбарласан “Шинжлэх ухаан гэж юу вэ” гэдэг нэртэй 28 цуврал эсээг орчуулж байна.
-Шинжлэх ухааны сэтгэл хөдөлгөм тал нь юу вэ?
-Шинжлэх ухаан гэдэг чинь ийм юм уу гэх мэдрэмж төрсөн цаг үе маш гоё байсан. Орчлон ертөнцийн ажиллах механизм, их тэсрэлт, хувьслын онол, дэлхий дээр амьдрал үүссэн үе, генетикийн зүй тогтлыг ойлгоод л. Эрдэмтэд үүнийг арай өөрөөр тайлбарлах байх. Харин би тэр мэдрэмжийг илүү олон хүнд хүргэе гэж зорьж байна.
Д.Хүслэн