Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийнхөн амьд болон тархины үхэлтэй донороос элэг, бөөр нэгэн зэрэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулахаар ажиллаж буй юм. Үүний хүрээнд УНТЭ-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Ингэснээр талууд элэгний хавдартай өвчтөнд элэг, бөөр зэрэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлэх, мэргэжил, арга зүйн хувьд харилцан суралцаж, чадавхаа бэхжүүлэхийг зорьж байгаа аж. Хавдрын мэс заслын үр дүнг сайжруулах, хагалгааны дараа өвчтөний амьдралын чанарыг баталгаажуулахад бусад архаг суурь эмгэг тулгамдсан асуудал болдог аж. Тэр дундаа хүн амын дунд зонхилон тохиолддог шээс, бэлгийн тогтолцооны эмгэгүүдийн 55 хувийг бөөрний архаг дутагдал эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл, элэгний хүнд эмгэгийн шалтгаантай элэг, бөөрний хам шинжийн төгсгөлийн үе шатанд байгаа өвчтөн элэг шилжүүлэн суулгасны дараа бөөрний дутагдлын шалтгаанаар эмнэлэг хооронд явах, олон эмчийн хяналтад орох зэрэг хүндрэл бэрхшээлтэй нүүр тулдаг аж. Энэ нь мэс заслын үр дүнг бууруулах, хагалгааны дараах хүндрэл гарах эрсдэлийг нэмэгдүүлж буйг ХСҮТ-ийн эмч нар хэлсэн. Тиймээс иргэд элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг зэрэг хийлгэхээр БНСУ болон Энэтхэг улс руу явах нь түгээмэл гэнэ. Иймд ХСҮТ-ийн өнөөгийн тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадамжид тулгуурлан эл мэс заслыг хийхээр зорьжээ.
Ташрамд дуулгахад, ХСҮТ-ийнхөн 2018 оноос элэгний хорт хавдартай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэх мэс засал хийснээр Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгадаг хоёр дахь эмнэлэг болсон юм. Одоогоор 181 хүнд элэг шилжүүлэн суулгажээ. Харин УНТЭ-ийнхэн 2006 онд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийсэн. Эдүгээ тус эмнэлэг 700 гаруй удаа элэг, бөөр шилжүүлэн суулгасан байна. Гэвч улсын хэмжээнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний хүлээх жагсаалтад 350, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 250 гаруй иргэн бүртгэлтэй бөгөөд цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай гэнэ.
Ч.Туяа