Сэтгэл гутрал гэж юу болох, ямар шинж тэмдэг илэрдэг, үүнээс хэрхэн сэргийлэх талаар ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн Онолын тархи судлалын салбарын эрхлэгч, хүний их эмч Б.Үүрийнтуяатай ярилцлаа.
-Сэтгэцийн эрүүл мэнд хүн төрөлхтөнд тулгамдсан асуудал боллоо. Сэтгэл гутралыг хүмүүс янз бүрээр ойлгодог. Та мэргэжлийн хүний хувьд үүнийг хэрхэн тодорхойлох вэ?
-Сэтгэцийн эрүүл мэнд хэмээх ойлголтыг иргэдийн олонх нь сэтгэцийн өвчин эмгэгтэй холбон, ташаа ойлгодог. Гэтэл сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь маш өргөн хүрээний ойлголт. Тухайн хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, оюун санаа, бие хүн буюу зан төлөвийн хувьд ямар нэг эмгэггүй байхыг хэлнэ. Харин сэтгэл гутрал бол энгийн гуниг, бухимдалтай адилгүй. Удаан хугацаанд үргэлжилдэг, хүний амьдралын хэв маяг, ажлын гүйцэтгэл, харилцаанд сөргөөр нөлөөлдөг сэтгэцийн эмгэг юм. Серотонин буюу бидний хэлж заншсанаар аз жаргалын гормон дутагдах үед сэтгэл гутрал үүсдэг. Өөрөөр хэлбэл, хүн удаан хугацаанд аз жаргалгүй байхаар серотонин дутагдаж, улмаар сэтгэл гутралд хүргэдэг гэсэн үг. Хүнд хэлбэрийн сэтгэл гутрал нь ихэвчлэн физиологийн шалтгаантай байдаг учраас үүнийг заавал эмчлэх ёстой эмгэг гэж ойлгох хэрэгтэй. Энэ нь шинжлэх ухаанаар бүрэн тодорхойлогдсон эмнэл зүйн онош юм.
-Сэтгэл гутрах эмгэгийн үед ямар шинж тэмдэг илэрдэг талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Сэтгэл гутрал олон хэлбэрээр илэрдэг учраас хүмүүс өөрийгөө оношилж мэддэггүй. Гутраад, эсвэл сэтгэлээр унаад байгаагаа ялгахгүй өнгөрдөг хүн олон бий. Тиймээс сэтгэл гутралын үед ямар шинж тэмдэг илэрдгийг юуны түрүүнд товч тайлбарлая. Энэ нь сэтгэл санаа, бие махбод, зан үйлийг нэгэн зэрэг өөрчилдөг эмгэг. Нэгдүгээрт, сэтгэл санааны хувьд аливаа зүйлд сонирхолгүй болж, бүхнийг сөргөөр харах нь нэмэгдэнэ. Аливаад итгэл найдваргүй болж, байнга л сэтгэл түгшдэг. Мөн энэ үед өөрийгөө буруутгах, гэмших, амьдрал утга учиргүй мэт санагдах мэдрэмж давамгайлдаг. Хоёрдугаарт, бие махбодын хувьд эрч хүчгүй болж, амархан ядарч сульдана. Анхаарал төвлөрөх чадвар суларч, ой тогтоолт муудна. Өөрөөр хэлбэл, мартаж, санах нь нэмэгддэг гэсэн үг. Бас нойрны хэмнэл алдагдаж, хэт их, эсвэл бага унтах шинж тэмдэг түгээмэл илэрдэг. Үүнээс гадна хоолны дуршил ч өөрчлөгдөнө. Өмнө нь иддэг байсан хэмжээнээсээ их, эсвэл бага иддэг болно. Энэ үед хүмүүс сэтгэл гутралаа мэдэлгүй дотрын, мэдрэлийн, ходоодны эмчид хандаж, янз бүрийн шинжилгээ өгч явсаар асуудлаа улам хүндрүүлэх нь элбэг. Гуравдугаарт, зан үйл өөрчлөгдөнө. Хүмүүстэй харилцахаас зайлсхийж, ганцаараа байхыг илүүд үзэх болно. Орноосоо босоход ч хэцүү санагдаж, нийгмийн харилцаанаас улам бүр хөндийрнө. Зарим хүн амархан уйлдаг бол нөгөө хэсэг нь бүр амиа хорлох тухай бодож эхэлдэг. Хэрэв эдгээр шинж тэмдгийн олонх нь танд илэрч байгаа бол ердийн шинжилгээ өгөөд өнгөрөх бус, мэргэжлийн сэтгэцийн эмчид хандах нь хамгийн зөв алхам гэж хэлье.
-Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь юу бол?
-Сэтгэл гутрал ганцхан шалтгаанаар бий болдоггүй. Харин олон хүчин зүйлсийн нийлбэрээр аажмаар хуримтлагдан үүсдэг. Тухайлбал, ажил, амьдралын дарамтаас үүдэн сэтгэл гутралд өртөх нь түгээмэл. Хэт их ачаалал, үнэлэгдээгүй хөдөлмөр, гэр бүлийн зөрчил, тогтворгүй харилцаа зэрэг нь сэтгэлээр унахад нөлөөлж, оюун сэтгэхгүйг дарамталдаг гэж хэлж болно. Мөн амьдралын хүнд нөхцөл, хайртай хүнээ алдах, хүчтэй сэтгэл зүйн цочрол зэрэг нь энэ эмгэгийг өдөөдөг. Түүнчлэн өр, зээл, ажилгүйдэл зэрэг нь тогтмол санаа зовнил, итгэл алдахад хүргэдэг гол хүчин зүйлийн нь юм. Үүнээс гадна өсвөр насандаа хайраар дутаж, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд насанд хүрээд сэтгэл гутралтай болсон тохиолдол ч бий. Бас ярилцаж, ойлголцох хүнгүй байх нь мэдрэмжээ дотогшоо хурааж, хүн өөрийгөө үнэгүйдүүлэхэд хүргэдэг.
-Танай хүрээлэнгийнхэн сэтгэл гутралын талаар судалгаа хийсэн юм билээ. Ямар үр дүн харагдаж байна вэ?
-Бид сэтгэл гутралын тархалт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүд, эрсдэлт бүлэг зэргийг сүүлийн жилүүдэд судалсаар л байна. Ингэхдээ их, дээд сургуулийн оюутнууд, ажил эрхэлж буй залуучууд, орон нутгийн иргэд зэрэг олон бүлгийг хамруулан ажиллаж байгаа. Энэхүү судалгаа нь сэтгэл гутрал эрт үедээ хэрхэн илэрдэг, нөлөөлж буй нийгмийн болон хувь хүний хүчин зүйлсийг тодорхойлох зорилготой. Улмаар сэтгэл гутралыг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх, сэтгэл заслын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байгаа юм. Мөн олон нийтэд сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой.
-Энэ төрлийн эмгэг голчлон ямар насныхны дунд түгээмэл тохиолдож байна вэ?
-Судалгааны үр дүнгээс харахад оролцогчдын 35-40 орчим хувьд сэтгэл гутралын шинж тэмдэг илэрч байна. Үүний дотор эмэгтэйчүүд, 18-35 насны залуус, орлого багатай, эмзэг бүлгийн хүмүүс илүү өртөмтгий байсан. Харин оюутнуудын дунд хийсэн судалгаанаас харахад сэтгэл гутрал 66.8, түгшүүр 88 хувьтай илэрлээ. Энэ нь оюутнуудын академик гүйцэтгэл, ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Гэ тэл нийт оролцогчдын 10 хүрэхгүй хувь нь л мэргэжлийн тусламж авсан байна. 10 хувь ч хүрэхгүй байна гэдэг үнэхээр санаа зовоосон үзүүлэлт юм.
-Сэтгэл зүйч, сэтгэл засалч хоёр өөр гэдэг. Манайд энэ төрлийн нарийн мэргэжилтнүүд хүрэлцээтэй байж чаддаг уу?
-Сэтгэцийн эмчээр нарийн мэргэшиж байж сэтгэл засалч болдог. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрхтэй болно гэсэн үг. Үүнд сэтгэл заслын болон эмийн эмчилгээ орно. Харин сэтгэл зүйч бол сэтгэл судлалаар давамгайлан суралцсан хүмүүс юм. Тиймээс эмчилгээ хийж, эм зөвлөх эрхгүй. Манай улсад сэтгэцийн эмч болон сэтгэл засалч хоёулаа хүрэлцээгүй. Маш цөөн. Саяхныг хүртэл сэтгэцийн эмч нар ихэвчлэн СЭМҮТ болон орон нутгийн эмнэлгүүдэд л ажилладаг байв. Харин одоогоос I, II шатлалын буюу дүүргийн эмнэлгүүд сэтгэцийн эмчтэй болж байна шүү дээ. Тиймээс үүнд бодлогоор анхаарч, ажиллах нөхцөл, боломжоор нь хангах хэрэгтэй.
-Монголчуудын дунд ямар төрлийн сэтгэл гутрал түгээмэл ажиглагдаж байна вэ?
-Ихэвчлэн дунд зэргийн сэтгэл гутрал болон хосолмол эмгэг нь сэтгэл түгшилттэй хавсран илэрдэг. Мөн улирлын чанартай сэтгэл санаа өөрчлөгдөх үзэгдэл ч бий. Манай хүрээлэнгийнхэн төрсний дараах сэтгэл гутралын судалгааг хийсэн. Ингэхэд судалгаанд хамрагдсан 10 эмэгтэй тутмын найм нь сэтгэл гутралын шинж тэмдэгтэй байна гэсэн үр дүн гарлаа. Зарим хүний хувьд энэ нь архаг ядаргаа, нойрны хэм алдагдах, бие өвдөх зэргээр илэрдэг. Тиймээс сэтгэл гутрах гэхээсээ илүү биеийн өвчин мэт ойлгодог талтай.
-Өөрийгөө эрт үед нь таньж, урьдчилан сэргийлэх боломж бий юү?
-Мэдээж боломжтой. Өөрийн сэтгэл хөдлөл, оюун санааны байдалд анхаарч сурах нь нэн чухал. Мөн стрессээ зөв удирдаж, нойр, хоолны дэглэмээ алдахгүй, тогтмол хөдөлгөөн хийж хэвших хэрэгтэй. Өөрт илрээд буй шинж тэмдгүүдээ мэдсэн л бол тэр даруй мэргэжлийн хүмүүст хандах нь чухал.
-Сэтгэл гутралыг хэрхэн тодорхойлж, эмчилдэг юм бол?
-Тухайн хүний сэтгэл зүйн байдал, зан үйл, амьдралын хэв маягийг нь эхлээд судлах хэрэгтэй. Эмчилгээний хувьд зарим тохиолдолд сэтгэл заслын болон эмийн эмчилгээ хослон хэрэглэдэг. Үүний гол зорилго нь тухайн хүний амьдралын чанарыг сайжруулж, сэтгэлийн хямралыг даван туулах чадварыг дэмжих юм.
-Ихэнх тохиолдолд хүмүүс мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид хандалгүй, өөрийгөө оношилдог. Мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө, тусламж авахаас санаа зовсноор бүр л хүндрүүлдэг хүн цөөнгүй юм билээ. Та мэргэжлийн хүний хувьд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг өөрөө шийдэх гэж оролдоод улам хүндрүүлсэн тохиолдол цөөнгүй бий. Бие махбод өвдөхөд эмчид очдог шиг сэтгэл зүйн асуудал гарвал сэтгэцийн эмч, сэтгэл засалчид хандах нь байдаг л зүйл. Тиймээс сэтгэл зүйч, сэтгэцийн эмчид хандаж, мэргэжлийн тусламж авах нь хамгийн зөв арга. Зөв онош, зөв эмчилгээг хослуулж байж л эдгэрэх боломжтой шүү дээ.
-Хэрэв эмчлүүлэхгүй удвал эрүүл мэндэд ямар сөрөг үр дагавартай юм бол?
-Эмчлүүлэхгүй удсанаар сэтгэл гутрал гүнзгийрч, өөрийгөө болон бусдыг хорлох бодол төрнө. Мөн хөдөлмөрийн чадвараа алдах, архидалт, амиа хорлолт зэрэг олон сөрөг үр дагаварт хүргэдэг. Сэтгэл гутрал нь цаг хугацааны эрхээр өөрөө эдгэрдэг бус, эмчилгээ шаарддаг эмгэг шүү дээ. Зарим тохиолдолд биеийн өвчнөөр (толгой, ходоод, зүрхний өвдөлт гэх мэт) илэрч, буруу оношлогдсон байх боломжтой.
-Монголчууд сэтгэл зүйн эмгэгүүдийг хэр ойлгож, хүлээн зөвшөөрдөг болсон бэ?
-Сүүлийн жилүүдэд илүүтэй ахиц дэвшил гарч байна. Ялангуяа залуу үе сэтгэцийн эрүүл мэндийг илүү ойлгож, дэмжлэг хайх нь нэмэгдсэн. Гэвч нийгэмд сэтгэцийн өвчнийг сул дорой, нууцлах ёстой гэх мэт ойлголт одоог хүртэл байсаар байна. Энэ нь тусламж авах боломжийг хязгаарлаж, өвчнийг хүндрүүлдэг гол шалтгаануудын нэг. Тиймээс нийгмийн нийтлэг ойлголтыг өөрчлөх, боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний асуудал болчхоод байна.
У.Цэцэгсүрэн