Улс, орон нутаг, гадаадын зээл, тусламжаар санхүүжих бүтээн байгуулалтын ажлын мэдээллийн самбарт тавих шаардлага бүхий үндэсний MNS 7023:2023 стандартыг хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэгчид мөрдөх үүрэгтэй. Энэхүү стандартын хэрэгжилтэд Нээлттэй нийгэм форумын захиалгаар судлаач Б.Баярмаа дүн шинжилгээ хийснээ өчигдөр танилцуулав. Барилгын самбарын эл стандартыг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд дагаж мөрдөж буй бөгөөд хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэгч нь төслийн ерөнхий мэдээллийг иргэдэд таниулах зорилготой 11 төрлийн мэдээлэл бүхий зурган самбарыг биетээр байршуулж, үүнийгээ publicinvestment.gov.mn цахим хуудсанд нийтлэх ёстой юм.
Улс, нийслэлийн төсөв ба ТӨК-ийн санхүүжилттэй нийт 1011 төсөл, арга хэмжээг судлахад publicinvestment.gov.mn цахим хуудсанд энэ оны зургаадугаар сарын байдлаар нийт төслийн 58.3 хувь буюу 589 нь мэдээллийн биет самбарын зургийг нийтэлсэн байна. Үлдсэн 41.7 хувь буюу 422 нь нийтлээгүй аж. Зарим нь мэдээллийн самбарын хэвлэгдээгүй загвар зураг, QR код, барилгын зураг, ажлын явцын зураг, аюулгүй байдлын санамж, төсөв, тайлан, гэрээ, акт, албан бичиг зэрэг бусад мэдээллийн зургийг цахим хуудсанд нийтэлжээ.
Төсвийн ерөнхийлөн захирагчид барилгын самбарын стандартыг мөрдсөн, эсэхийг авч үзэхэд Монгол Улсын Шадар сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Эрчим хүчний сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд нарын гүйцэтгэл 70-аас дээш хувьтай гарчээ. Харин Ерөнхий сайд, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Гадаад харилцааны сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын гүйцэтгэл тэг хувьтай байна.
Ч.Туяа