Хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний болон аялал жуулчлалын салбарын мэргэжлийн 11 холбооныхон хотын албан татварын хэмжээг нэг хувь болгож бууруулах асуудлаар нийслэлийн удирдлагуудтай өнгөрсөн долоо хоногт уулзаж, санал хүсэлтээ илэрхийлсэн билээ. Харин тэд одоо “Хотын албан татварыг нэг хувь болгоё” уриалга гаргаж, нийгмийн сүлжээнд давлагаалж эхлээд байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт тодорхой нэр, төрлийн бараа, үйлчилгээ худалдан борлуулж буй аж ахуйн нэгжүүдээс төсвийн орлого бүрдүүлэх зорилгоор Хотын албан татварын тухай хуулийн хүрээнд хоёр хувийн татвар авдаг. Салбарын мэргэжилтнүүдийн мэдээлснээр хоол үйлчилгээний бизнесийн 25, амралтын газар, жуулчны баазын 20 хувь нь өдгөө үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй нөхцөлд хүрчээ. Иймд шууд болон шууд бус байдлаар 83 мянга орчим ажлын байр бий болгодог эдгээр салбарыг татвар, шимтгэлийн хөнгөлөлтийн бодлогоор дэмжих нь чухал хэмээн үзэж байна.
Мэргэжлийн холбоод хотын албан татварыг ирэх оны эхнээс нэг хувьд хүргэж бууруулах, мөн татварын орлогыг нийтийн ариун цэвэр, үйлчилгээний хүртээмж, гэрэлтүүлэг, жуулчны мэдээлэл, сурталчилгаа, хүнсний аюулгүй байдал зэргийг сайжруулахад хэрхэн зарцуулахыг тодорхой тайлагнахыг нийслэлийн удирдлагуудаас хүсэж, саналдаа тусгажээ.
Ж.Сувд