Япон Улсад үргэлжилж буй “Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадамд Монголын баг спортын 31 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тус наадмын эргэн тойронд болж буй үйл явдлыг халуун цэгээс нь “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч Э.Харцага спорт сонирхогчдод хүргэж буй. Түүний дуран авайд тамирчдын тэмцээний талбар дахь торгон агшин хэрхэн буусныг сонирхуулъя.
БОКС
Тус наадмын найм дахь өдөр (есдүгээр сарын 28-нд) манайхаас гурван боксчин хүрэл медалийн төлөө тулалдахаар болсон. Эмэгтэйчүүдээс 51 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин О.Есүгэн БНХАУын Ву Юу, 60 кг-д “Хилчин” спорт хорооны М.Намуун Узбекистаны Турдибекова Ситоратай тулалдаж шүүгчдийн саналаар ялагдсан юм. Тэгвэл эрэгтэйчүүдээс 55 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Х.Билгүүнсайхан Тайландын Бохунтод Канпиг 5:0-ээр буулган авч, хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр хагас шигшээд Японы тамирчин Рүи Ямагүчитэй тулалдах нь. Улаанбаатар хотод өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ-д Х.Билгүүнсайхан аваргын төлөө түүнтэй тулалдаж, мөнгөн медаль хүртэж байв.
БАЙТ ХАРВАА'
Монголын байт харваачдаас дасгалжуулагч Ж.Нарантуяа, М.Энхбаяр нарын удирдлагад оролцсон ОУХМ Б.Буянтүшиг, Б.Оюун-Эрдэнэ нар холимог багийн 70 метрийн зайд урьдчилсан харваанд (2x72) 1337 онож, есөн жилийн дараа улсын дээд амжилтыг мөн шинэчлэн тогтоожээ. 661 онож, ОУХМ цолны болзол хангасан Б.ОюунЭрдэнэ ганцаарчилсан харваанд Узбекстаны тамирчинтай хасагдах шатанд халз харваж, 6:2-оор буулган авч шигшээ наймд шалгарав. Эрэгтэйчүүдээс рекурв харвааны төрөлд ОУХМ Б.Отгонболд, Д.Дашнамжил, Б.Буянтүшиг нар урьдчилсан харваанд багийн дүнгээр 1995 оноо цуглуулан дотоодын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
БУУДЛАГА
Буудлага спортын эрэгтэйчүүдийн 50 метрийн гурван байрлалаар буудах төрөлд үндэсний шигшээ багийн тамирчин Б.Эрхэмбаяр 336.8 оноогоор IV дүгээр байрт БУУДЛАГА шалгарлаа. Тус төрөлд БНХАУ-ын тамирчин, олимп, дэлхийн аварга Лю Юкүн 340.4 оноогоор түрүүлж, нутагт нэгт Жан Чан Хон (339.8 оноо) мөнгө, Казахстаны Сатпаев Ислам (338.8 оноо) хүрэл медаль хүртсэн байна. Тэгвэл Н.Баяраа 583 оноогоор 12, Э.Сайнхүү 568 оноогоор 33 дугаар байр эзэлж, Монголын буудагчид нийлбэр 1738 оноогоор багийн төрөлд VI байр эзэлжээ. 10 метрийн хийн гар бууны холимог багийн тэмцээнд Э.Даваахүү, Т.Баярцэцэг нар 21 орны тамирчидтай өрсөлдөж 576 оноогоор IX байрт жагсав. Энэтхэгийн баг 587 оноогоор дээд амжилтыг шинэчилж, шигшээ тэмцээнд шалгарсан бол Ираны буудагчид удаалж, БНСУынх III байрт орсон юм.
КУРАШ БӨХ
Бөхийн эл төрөлд хүч үзсэн эмэгтэйчүүдээс 60 кг-ын жинд А.Байгалмаа медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн тамирчин Сучика Тариялд шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялагдаж, Азийн наадмын шагналт V байрт шалгарлаа.
ТУЯЛЗУУР СЭЛЭМ
Японы Токонамэ хотын “Айчи олон улсын үзэсгэлэнгийн төв”-д болсон туялзуур сэлмийн тэмцээнд дасгалжуулагч Ц.Жигжидсүрэн, Д.Ганбаатар нарын удирдлагад есөн тамирчин оролцож, Азийн наадмын түүхэнд гурван төрөлд (хүнд, илд, хөнгөн сэлэм) өрсөлдсөнөөрөө онцлог байв. Эмэгтэйчүүдийн ангилалд Б.Амарзаяа, А.Мягмарцэрэн, Ц.Ундрал, Д.Мэрси нар шигшээ 16-д БНСУ-ын шигшээ багтай оноолт таарч, 45:20-иор ялагдав. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн хүнд сэлмийн ганцаарчилсан төрөлд манайхан хэсгийн шатанд Азийн чансаа өндөр БНХАУ, Япон, Хонконгийн тамирчидтай нэг хэсэгт тулалдсан ч тэмцээнээ өндөрлүүлжээ. Тэднээс 16 настай залуу Т.Өүлэн илд сэлмийн төрөлд хэсгийн шатнаас шалгарч, хасагдах шатны шилдэг 32-т үлдсэн байна. Энэ нь Монголын туялзуур сэлмийн спортын түүхэнд Азийн наадмын хэсгийн шатнаас шалгарч, дараагийн шатанд тулалдсан анхны тохиолдол боллоо.
ЗАВИНЫ УРАЛДААН
Айчи мужийн Миёоши хотод байрлах Миёоши нуурт зохион байгуулсан каноэ, каяак завины уралдаанд манай улсын баг анх удаа оролцсон юм. Каноэ завины эмэгтэйчүүдийн хосын 500 метрийн зайд эгч дүүс болох 19 настай Б.Мариа, 16 настай Б. Рина нар шигшээ шатанд хурд сорьж, V байр эзэлсэн. Каяак завины эрэгтэйчүүдийн хосын 500 метрийн зайд Э.Эрдэмбаяр, С.Хүслэнбаяр нар мөн шигшээд шалгарч, тивийн шилдгүүдтэй хурд сорилоо. Үүгээр хичээллэдэг Монголын тамирчид дотооддоо бэлтгэл хийх усан баазгүй, техник хэрэгслийн боломж хомс тул Японд тусгайлан бэлтгэл сургуулилалт хийж, Азийн наадмын тэмцээнд оролцжээ. Тэд үргэлжлүүлэн ганцаарчилсан төрөлд уралдаанаа үргэлжлүүлж байна.
ХӨНГӨН АТЛЕТИК
Эмэгтэйчүүдээс 100 метрийн халхалттай (саадтай) гүйлтийн төрөлд оролцсон Гавьяат тамирчин Б.Сэр-Одын охин НоминОд хөнгөн атлетикийн түүхэнд шинэ хуудас нээв. Тэрбээр 1972 оноос хойш 54 жилийн турш хадгалагдсан 15.4 секундийн амжилтыг ахиулан энэ удаа 14.98 секунд болгон шинэчиллээ. Түүнчлэн олон улсын хэмжээний мастер Б.Солонго эмэгтэйчүүдийн 400 метрийн зайд (54 секунд 91 доль) хурд сорин, өөрийн эзэмшиж байсан өмнөх (56.75) улсын дээд амжилтыг нэг минут 84 долиор ахиулсан юм. Тэрбээр Азийн наадмын хоёрдугаар урьдчилсан гараанд уралдаж, барианы шугамд IV байрт орсон бөгөөд нийт 17 тамирчнаас 14-т жагссан байна. Тэмцээний дараагийн өдөр явагдсан 200 метрийн гүйлтийн төрөлд оролцохдоо хувийн дээд амжилтаа 24 секунд 96 доль болгон шинэчлэв.