Номхон далайн түүхэн дэх хамгийн хүчтэй хар шуурга Мексикийн өмнөд хилийн бүсийг нөмрөн аваад буй талаар цаг уурын олон улсын байгууллагууд мэдээлж байна. Поло нэртэй уг шуурга нь аюул эрсдэлийн ангиллаар V зэрэгт буюу нэн хүчтэй түвшинд багтах бөгөөд энэ нь анх үүссэнээсээ ердөө 24-36 цагийн дотор хор уршиг учруулж эхэлжээ.
Судлаачид Поло салхины одоогийн байршлыг Мексикийн Зихуатанехо хотоос урд зүгт, Номхон далайн бүсэд гэж тогтоосон бол хурд нь төв хэсэгтээ секундэд 80-90 метрт хүрч ширүүсэж байгааг анхааруулав. Салхиныбайршил харьцангуй тогтвортой, хөдөлгөөнгүй шахам байгаа ч аажмаар хойд зүг рүү эргэж, Мексикийн баруун эрэгтэй параллель байдлаар урагшилж болзошгүй гэсэн урьдчилсан таамаглалыг цаг уурчид гаргажээ. Поло шуурганы гол цөм далайд байх боловч үүнээс үүдэлтэй цаг уурын өөрчлөлтүүд Мексикийн эрэг орчмын Герреро, Мичоакан, Халиско, Колима зэрэг мужид ихээхэн хэмжээний эрсдэл дагуулж болзошгүйг тус улсын цаг уурын албанаас мэдээлсэн байна. Тухайлбал, хар салхины нөлөөгөөр далайн эргийн дагуух газруудад 100-200, зарим уулархаг хэсгээр 300 мм хүртэл усархаг бороо орж, үер, усны аюул дагуулан, хөрсний нуралт үүсгэх эрсдэлтэй гэнэ. Түүнчлэн шуурганы төв бүсэд далайн давлагааны өндөр 46 фут буюу 14 орчим метрт хүрч байгаа нь эргийн дагуух суурьшлын бүс, амралтын газруудыг аюулд оруулах өндөр эрсдэлтэй аж.
Энэхүү үзэгдлийн улмаас Мексикийн эрх баригчид Герреро болон Мичоакан мужийн эргийн хотуудад сургуулиудын хичээлийг түр зогсоож, боомтуудыг хаан, загасчид болон иргэдийг далайн эргээс хол байхыг анхааруулж эхэлжээ.