Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн “Хүүхдийн зүрхний долоо хоног” аяныг энэ сарын 7-13-нд зохион байгуулж, 302 хүүхдийг үзлэг, оношилгоонд хамруулан дөрөвт нь нэн яаралтай мэс засал хийсэн юм. Тэгвэл “Мэдрэлийн мэс заслын долоо хоног”-ийг өчигдрөөс эхлүүлжээ.
Монгол Улсад мэдрэлийн мэс заслын алба үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан тусламж, үйлчилгээний үндсэн чиглэлүүдийн талаар эмч, мэргэжилтнүүд олон нийтэд мэдээлэл хүргэнэ. Тодруулбал, өчигдөр тархины хавдрын мэс заслын талаар танилцуулсан бол өнөөдөр нейрофункциональ, маргааш хүүхдийн мэдрэлийн мэс заслын эмчилгээ, үйлчилгээний талаар зөвлөгөө өгч, иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулах аж. Харин аравдугаар сарын 1-нд нуруу нугас, 2-нд тархины судасны мэс заслын талаар зөвлөгөө өгнө. “Мэдрэлийн мэс заслын долоо хоног”-ийн сүүлийн өдөр буюу ирэх сарын 5-нд дэвшилтэт технологи аюулгүй мэс заслын үндэс болох нь сэдвийн хүрээнд нээлттэй үзлэг, оношилгоо зохион байгуулах юм.
Ч.Цэлмэг