Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

“Дэлхийн энх тайвны индекс”-т 163 орноос 44-т жагсжээ

Эдийн засаг, энх тайвны институт (IEP)-ээс олон улсын шинжээчидтэй хамтран гаргасан “Дэлхийн энх тайвны индекс-2023” тайланд манай улс 163 орноос 44 дүгээрт эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх жилийнхээсээ таван байраар ухарсан үзүүлэлт аж. Тодруулбал, Монгол Улс 2022 онд 39 дүгээрт жагсаж байжээ
2024-01-24

“Улаанбаатарын өвлийн наадам” энэ сарын 27-28-нд болно

“Улаанбаатарын өвлийн наадам”-ыг энэ сарын27-28-нд “Скай ресорт” цанын бааз болон“Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах нь. Монгол орныхоо үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах нь эл наадмын зорилго аж. Өвлийн улирлын экстрим спортын тэмцээнүүд болон амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэх боломжийг олгоход чиглэсэн арга хэмжээнүүдийг наадмын хөтөлбөрт багтаасан байна. “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай ресорт” хамтран зохион байгуулах юм
2024-01-23

“Мөнгөлөг шагшуурга”-ын нээлтэд 40 мянган хүн оролцжээ

Ховд аймгийн ЗДТГ, “Цаст Алтайн угсаатан” аялал жуулчлалын холбоо хамтран“Мөнгөлөг шагшуурга” цас, мөсний баярыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Хар-Ус нуурын хөвөөнд зохион байгууллаа. Энэ үеэр цаг агаар эрс хүйтэрсэн ч дотоод, гадаадын жуулчид, баруун таван аймгийн иргэд идэвхтэй оролцож, өв соёлоо сурталчилсныг орон нутгийнхан онцолж байна. Зохион байгуулагчдын мэдээлснээр баярын эхний өдөр 40 мянга гаруй хүн Хар-Ус нуурыг зорин иржээ. Өнөө жилийн“Мөнгөлөг шагшуурга”-ын хөтөлбөрийг урлаг, спорт, өв соёлын олон арга хэмжээгээр баяжуулсан аж
2024-01-23

Архангайн ааруул кг нь 30-40 мянган төгрөгийн үнэтэй байна

Худалдагчид “Цагаан идээний үнийг иргэд асуугаад л байна. Харин авах нь цөөн юм. Голдуу нэг кг-аар л авч байна даа. Тавгийн иж бүрдлийн үнийг асуусан хүн байхаас биш, авах нь тун цөөн” гэв. Үзэсгэлэн худалдааг Цагаансарынхаа бэлтгэлийг базаахаар ирсэн иргэд зорьж очсон байлаа. Цагаан идээ худалдах асар бүрд л 2-3 үйлчлүүлэгч байв. Худалдагч нь ч амрах завгүй аж. Хорхой ааруул болон жижиг ааруулаас л иргэд нэг кг-аар авах нь элбэг гэнэ. Эдгээрээс Чулуут сумынхны хийсэн шоколадтай чипсэн ааруул эрэлттэй байгаа аж. Үнийн хувьд кг нь 38 000 төгрөг. Үүнээс 250 граммыг авахад 9000 төгрөг болно
2024-01-23

“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт болно

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар төр, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудтай хамтран 2009 оноос зохион байгуулж ирсэн “Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт, үзэсгэлэнг гуравдугаар сарын 28, 29-нд “Корпорэйт конвеншн”-д зохион байгуулахаар болжээ. Мөн онлайнаар шууд дамжуулах бөгөөд үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг, ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт болох аж
2024-01-23

Цаг уурын мэдээллийн сан байгууллаа

Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) 1985 оноос хойших Монгол орны цаг уурын мэдээлэл, датаг нэгтгэсэн archive.namem.gov.mn цахим хуудсыг Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулжээ. Ийм мэдээллийн сантай болсноор судлаач, мэргэжилтнүүд төдийгүй иргэд сүүлийн 40 орчим жилийн цаг агаарын төлөвийг богино хугацаанд төвөг чирэгдэлгүй харах боломж бүрдсэн гэнэ
2024-01-23

УГТЭ-т элэгний хавдрын мэс засал хийж эхэлжээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т энэ сараас элэгний хавдрын мэс засал хийж эхэлжээ. Тус эмнэлгийнхэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эмч, мэргэжилтнүүдээ хоол боловсруулах замын хавдрын мэс заслын чиглэлээр сургаж, чадавхжуулсан аж. Ингэснээр хавдрын мэс заслыг нэвтрүүлэх боломж бүрдүүлсэн байна. Тодруулбал, энэ сарын 10-нд тус эмнэлгийнхэн 52 настай өвчтөнд элэгний хавдар тайрах нээлттэй мэс заслыг амжилттай хийсэн аж. Мэс заслын дараа эмчлүүлэгчид ямар нэгэн хүндрэл гараагүй гэнэ. Өвчтөний биеийн байдал сайжирсан бөгөөд уржигдар эмнэлгээс гарч, дараагийн шатны хяналтад шилжжээ. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилготой арга хэмжээнүүдийн нэг нь энэ юм байна.
2024-01-23

“E-Mongolia” системийн хэрэглэгчийн тоо 1.7 саяас давлаа

2020 оны аравдугаар сарын 1. Энэ бол “E-Mongolia” системийн “мэндэлсэн” өдөр. Тухайн үед манай улсад цар тахлаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтын дэглэм үргэлжилж байв. Тиймээс үйлчилгээг аль болох зайнаас үзүүлэх, иргэд ажил, амьдралынхаа олон асуудлыг интернэт орчноор дамжуулан шийдэх нь юу юунаас чухал байсан юм. Яг ийм үед Засгийн газраас “E-Mongolia” системийг хэрэглээнд нэвтрүүлсэн нь иргэдийн ажил, амьдралыг хөнгөвчлөхийн зэрэгцээ төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл зэргийг шийдэхэд чухал хувь нэмэр оруулсан билээ. Уг систем нь өдгөө дотоодын хамгийн том платформ болон хөгжөөд байна
2024-01-22

ББСБ-уудаар дамжуулж эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олгож байна

СЗХ, ХНХЯ хамтран 2022 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийг технологид суурилсан зээлийн бүтээгдэхүүн гаргаж буй ББСБ-уудаар дамжуулж олгох төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Эл төсөл нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэн, бичил үйлдвэрлэл, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд ийм хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийг хүүгүй, барьцаагүй, шимтгэлгүй олгох зорилготой бөгөөд харьяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн иргэд авах боломжтой аж
2024-01-22

Гүүрэн гарц нээсэн өдрөө л тараа таниулав

Холбогдох албаныхан ослын буруутан нь өнөөх том оврын автомашин гэв. Тухайлбал, “Стандартын бус өндөртэй автомашин гүүрний доогуур явснаас болж осол гарсан” хэмээх агуулга бүхий тайлбарыг цагдаагийн байгууллагынхан өгч байлаа. Ерөөсөө төрийн байгууллагынханд буруу огт байхгүй, иргэд л дандаа хэрэг тарьдаг мэтээр албаныхан байнга ярьдаг нь жишиг болжээ. Дээрх осолд ч тухайн автомашин, жолоочийг нь буруутгаад өнгөрөх бололтой. Ямартай ч цагдаагийн байгууллагынхан ослын шалтгаан нөхцөлийг шалгаж, тодруулахаа мэдээлсэн. 
2024-01-22

 Нийтийн тээврийг шинэчлэх нэрээр иргэдээ төөрүүлж шийтгэв

Идэр дөрвөн есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн чиглэлүүдийг бужигнуулах шийдвэр гаргасан нь улаанбаатарчуудын уурыг барж, стресс бухимдлыг нь “өрдлөө”. Тодруулбал, нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлийг энэ сарын 20-ноос мөрдүүлж эхэлсэн юм. Ажлын өдрүүдэд автобусанд багтахгүй, суулаа ч түгжрээд хөдөлдөггүй зэргээр иргэд шүүмжилдэг. Гэтэл дээрх шийдвэр дарин дээр давс гэгч нь болов. Иргэд шинэчлэлийг хэрхэн хүлээн авч буйг сурвалжиллаа. 
2024-01-22

Шинэ автобус осолдож, хоёр хүн амь үрэгджээ

Манай улс БНХАУ-ын “Yutong bus” компаниас нийтийн тээврийн 600 автобус авахаар болсон билээ. Тэдгээр автобусыг үе шаттайгаар татан авч байгаа юм. Үүнээс зургаадугаар ээлжийн 25 автобусыг татан авах явцад буюу энэ сарын 20-нд осол гарч, хоёр хүн амь үрэгджээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан шинэ автобус “Альфард” загварын машинтай мөргөлдсөн байна
2024-01-22

ХААБ-ээр 350 толгой хонь, 52 тонн мах арилжжээ

Тус бирж нь мал, махны арилжааны системийг хөгжүүлж худалдагч, худалдан авагч нь хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар систем бий болгосон гэж салбарын яамнаас мэдээллээ. Мал, махыг биржээр арилжих нь дундын зуучлалгүйгээр малчдаас хэрэглэгчдэд шууд хүргэх ач холбогдолтой аж. Мөн малчдад нөөцөлсөн махаа хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан муутгахаас сэргийлэх, тээврийн зардал төлөхгүйгээр орон нутгаасаа худалдах боломж олгоно гэв.
2024-01-19

Үнэт цаасны зах зээлийн, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулна

Хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд гаргах, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын зах зээлтэй холбох зорилгоор энэ онд ч бүс нутгийн санхүүгийн төв болсон томоохон улс орнуудад өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж буй юм байна. Мөн хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагаагаа тэлэх, дэвшилт технологид суурилсан, ногоон санхүүжилтийг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, төрлийг баяжуулах, үнэт цаасны зах зээлийн хууль, эрх зүйн орчныг шинэчлэхэд анхаарах аж. Тухайлбал, Үнэт цаасны зах зээлийн тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буйг дээрх хорооноос мэдээлэв.
2024-01-19

 Тохижилт үйлчилгээнийхний ажлын ачаалал, дарамт хэрээс хэтэрлээ

Төр “данхайсан” бүтцээ багасгахын тулд хог ачилтын үйлчилгээг өнгөрсөн оны аравдугаар сараас хувийн хэвшлийн байгууллагуудад хариуцуулсан. Ингэхдээ хянах эрх мэдлийг нь дүүргүүдийн Хот тохижилтын албанд олгосон байдаг. Түүнчлэн энэ сарын 1-нээс хот тохижилтын үйлчилгээ, тэр дундаа зам, талбайн цэвэрлэгээний ажлыг дүүргүүдэд хариуцуулаад байна. Тохижилт үйлчилгээний ажилчид үүр цайхаас үдшийн бүрий хүртэл ажилладаг. Энэ хугацаанд хүрз, шүүр л гол “нөхөр” нь болдог. Тэдний ажлын нөхцөлийг сурвалжиллаа. 
2024-01-19

 Гадаад валютын нөөц 4.91 тэрбум ам.долларт хүрчээ

 Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны эцэст 4.91 тэрбум ам.долларт хүрснийг Төвбанкны статистикт дурдлаа. Энэ нь өмнөх сарынхаасаа 14.39, 2023 оны эхнээс 44.68 хувиар илүү үзүүлэлт бөгөөд түүхэн дээд түвшин гэдгийг статистикаас харж болохоор байв. Үүнээс өмнө эл үзүүлэлт 2021 оны дөрөвдүгээр сард 4.89 тэрбум “ногоон”-д хүрсэн нь түүхэн дээд түвшинд тооцогдож байсан юм. Сонирхуулахад, гадаад валютын албан нөөц 2019 оны арванхоёрдугаар сард 4.34, дараа жилийнх нь мөн үед 4.53, 2021 оны эцэст 4.36, 2022 оны тухайн сард 3.39 тэрбум ам.доллар байсан аж.
2024-01-19

Адуучин найрагчийн бүтээлүүд “АЛТАН ӨД” ХҮРТЛЭЭ

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн малчин, адуучин, уяач Лхаандувдангийн Баасансүрэн “Лит хуанлийн завсарт” бүтээлээрээ саяхан яруу найргийн төрөлд утга зохиолын дээд шагнал “Алтан өд” хүртсэн билээ. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн тэрбээр өнгөрсөн онд яруу найргийн хоёр ч номоо хэвлүүлсний нэг нь дээрх бүтээл юм
2024-01-18

Үнэгүйдсэн баялаг ба “задарсан” хэрэглээ

Хотын төвд барилга барьж буй “Хурд пропертийз” хэмээх компани сүүлийн хоёр жилийн хугацаанд 5.7 сая шоо метр хөрсний усыг зөвшөөрөлгүй шавхан урсгаж, байгалийн нөөцөд хохирол учруулсныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрынхан энэ сарын 5-нд олон нийтэд мэдээлсэн. Барилга, байгууламж, дэд бүтэц, уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хөрсний усыг шавхахдаа холбогдох байгууллагуудаас заавал зөвшөөрөл авч, дүгнэлт гаргуулан, хууль, журмын дагуу төлбөр төлөх ёстой
2024-01-18

 Чанаргүй зээлийн үлдэгдэл хоёр их наяд төгрөг болж өсөв

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх жилийнхээсээ 9.5 их наядаар (45.2 хувь) өсөв. Тухайлбал, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өнгөрсөн жил урьдчилсан гүйцэтгэлээр 21.5 их наяд төгрөг болж, 2022 оныхоос 7.2 их наяд буюу 50.2 хувиар нэмэгдсэн байна. Үүнд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 5.7 их наяд (2.5 дахин), металлын хүдэр олборлолт 864.6 тэрбумаар (есөн хувь) өссөн нь голлон нөлөөллөө. 
2024-01-18

Салхин цэцэг өвчний тархалт сүүлийн 15 жилийн дээд түвшиндээ хүрчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 11 878 хүн салхин цэцгээр өвчилжээ. Энэ нь сүүлийн 15 жилийн дээд үзүүлэлт буюу хамгийн олон хүн өвчилсөн тохиолдол аж. Тухайлбал, 2023 онд өвчилсөн хүний тоог өмнөх жилийнхтэй нь харьцуулахад 3.4 дахин нэмэгдсэн байна. Салхин цэцгээр өвчилсөн хүмүүсийн олонх нь 0-9 насны хүүхэд байжээ. Харин цар тахлын үед буюу 2021 онд 293 хүн өвчилсөн нь сүүлийн 15 жилийн доод түвшин гэнэ. 
2024-01-18