Оросын эрх баригчид Украины агаарын цохилтоос үүдэлтэй бензиний тасалдлыг бууруулахын тулд гадаадаас шатахуун импортолж магадгүй байна. Түүхий газрын тосны томоохон “тоглогч” эл улс даяар хомсдол нүүрлэж, бензин, онгоцны түлшний экспортдоо хориг тавиад буй. Эх сурвалжуудын мэдээлснээр өнгөрсөн даваа гарагт болсон Засгийн газрын хуралдааны үеэр энэ талаар хэлэлцсэн гэнэ. Уг халдлагын улмаас бензин үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх жилийн мөн үеийнхээсээ 25 хувиар буурч, ОХУ-ын далайгаар тээвэрлэдэг газрын тосны бүтээгдэхүүний экспорт зургаадугаар сарын эхний хагаст 15 хувиар багасаж, 3.3 сая тонн орчимд хүрсэн аж.
Өнгөрсөн мягмар гарагт Украины зэвсэгт хүчин хойд Крымийн төмөр замын гүүрийг устгаснаа зарласан. Энэ нь тус бүс нутгийн цэрэг зэвсгийн ложистикийн гол зам байсан юм. Түүнчлэн Украины тусгай хүчнийхэн нууц хөдөлгөөний гишүүдтэй хамтран Роздольне тосгоны ойролцоох газар нутгийг дэлбэлсэн гэнэ. ОХУ-ын газрын тосны байгууламжуудыг чиглэсэн агаарын цохилтууд энэ оны эхнээс хоёр дахин өсөөд буй. Ташрамд, тус улс нийт төсвийнхөө 40 гаруй хувийг нь батлан хамгаалах салбарт зарцуулж байна.