“Ногоон автобус”-ны гэх тодотголтой, улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн нийтийн тээврийн салбарт шинэ автобус худалдан авах тендерийг будилаантуулж, хөрөнгийг нь завшин, хуучныг засаж, сэлбэн оруулж ирсэн хэргийг Улсын дээд шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцсэн билээ. Улмаар “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөний захирал А.Ганхуягийн залилан мэхэлсэн үйлдлийг дахин шийдвэрлүүлэхээр болсон юм. Тодруулбал, А.Ганхуяг гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Ли Жон Соб, Ким Кэа Баум нартай хамтран “Евро-2” дизель хөдөлгүүртэй автобуснуудыг “Евро-5” хөдөлгүүртэй мэт харагдуулах зорилгоор Вьетнамын үйлдвэрт “Ad blue” төхөөрөмжид ашигладаг шатахууны сав суурилуулж, “Евро5” гэсэн наалт наан Монголд оруулж ирэн төрөөс санхүүжилт авсан байдаг. Уг хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр болоод буй энэ үед А.Ганхуягийг суллаж, хилээр гарахыг нь хязгаарлажээ. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрынхнаас тодруулахад “А.Ганхуягт холбогдох хэргийг Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Өдгөө анхан шатны шүүх хянаж байгаа. Түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хуралдааны талаар прокурорт шүүхээс мэдэгдээгүй. Хуралд прокурор оролцоогүй” гэв.