Улаанбаатар хотын ерөнхий архитектороор ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан нэрээр ажлаасаа чөлөөлөгдсөн Ч.Төгсдэлгэр, түүний нөхөр Б.Өсөхбаяр нарыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан энэ сарын эхээр яллагдагчаар татав. Нэлээд хэдэн сарын өмнөөс Ч.Төгсдэлгэрт АТГын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бөгөөд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нь “Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн гарын үсэг нь 50 сая төгрөгт хүрсэн байна” хэмээн мэдэгдсэн удаатай. Барилга, байгууламж хүлээн авах Улсын комиссын бүрэлдэхүүнд багтдаг Улаанбаатар хотын ерөнхий архитектор нь “Жэй Ти Эс Жи” болон бусад нэг бус аж ахуйн нэгжээс нөхрөөрөө дамжуулан хахууль авсан хэрэгт холбогдоод байгаа юм.
Тэгвэл барилга, байгууламж хүлээн авах Улсын комисст багтаж, хээл хахууль авсан хэд хэдэн хэргийг АТГ-ынхан илрүүлэн шалгаж, шүүхэд шилжүүлсэн нь цөөнгүй. Зарим хэргийн талаар мэдээлэл хүргэе.
ХБХГ-ЫН ХЭЛТСИЙН ДАРГА АСАН Я.БОЛОРЫН ХЭРГИЙГ ДАХИН ШИЙДВЭРЛЭНЭ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан Д.Гантулга албан тушаалаа урвуулан ашиглаж, Д.Ганзоригийн үүсгэн бай гуулсан “Орчлонконсалтинг”, “Орчлонконст ракшн” ХХК-д давуу байдал бий болгож, нэмэлт ажил олгох тусгай зөвшөөрөл гаргуулан өгсний хариуд 20 сая төгрөгийн хахууль авсан. Мөн Ц.Отгонбаатар гэх хүний үүсгэн байгуулсан “Глобалбридж” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Д.Баянзулаас 6.6 сая төгрөг хахуульд авсан. “Алтанжолоо импэкс” ХХК-ийн Сүхбаа тар дүүргийн нутаг, Улсын циркийн хойд талд барьсан “Алтанжолоо тауэр”-ийг Улсын комисст хүлээн авсан орой захирал В.Энхбаатараас нь 2000 ам.доллар хахуульд авсан хэрэгт холбогдон шүүхээр гэм буруутай, эсэхээ дэнслүүлэхээр болоод буй. Уг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хараахан шийдвэрлээгүй байгаа юм.
Мөн нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар (ХБХГ)-ын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Я.Болор Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дахь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн орон сууцыг буулган, дахин төлөвлөн ба рилгажуулах төсөлд шалгарсан “Кристал инженеринг констракшн” ХХК-ийн гэрээг дүгнэж, актад гарын үсэг зурж баталгаажуулсныхаа хариуд тус компанийн удирдах албан тушаалтан Э.Чинбатын дүү Э.Гантуяагаас 216.5 сая төгрөгийн үнэ бүхий 65.21 ам метр талбайтай орон сууцыг ээжийнхээ нэр дээр авсан. Ингэхдээ ам метрийнх нь үнийг 1.7 саяар тооцож, нийт 110.8 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, гэрээ байгуулж, 105.6 саяын хахууль авсан. Мөн Э.Гантуяагаас хүүхдийнхээ дансаар дамжуулан 7.4 сая төгрөг хахуульд авсан гэх хэргийг Улсын дээд шүүх хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон юм.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн нэгдүгээр сард тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд хахууль авсан, өгсөн гэм буруутайд тооцсон аж. Улмаар Я.Болорын ний тийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, таван жил хорих, Э.Гантуяаг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хязгаарлан, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нийслэлийн ХБХГ-ын хэлтсийн дарга асан Я.Болорын хүүхдийнхээ дансаар авсан гэх мөнгийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэснээс гадна хахуульд авсан гэх орон сууцын үнэлгээний дүгнэлтийг нягталснаар өөртөө 47 сая гаруй төгрөгийн давуу байдал олж авсан гэм буруутай гэж үзсэн юм. Ингээд хорих ялыг өөрчлөн 20 сая төгрөгөөр торгох ялаар солиод байв.
Түүнчлэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сараас нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хотын стандарт, хяналтын газар (ХСХГ)-ын дарга С.Төмөрдулам, орлогч дарга О.Оджаргал, тус газрын Барилга, байгууламжийн ашиглалт, бүртгэлийн ахлах мэргэжилтэн Ц.Тогтохбуян, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламж хэлтсийн дарга асан Т.Эрдэнэтуяа, Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга асан Ц.Нямцэвээн, ХСХГ-ын эрх бүхий албан тушаалтан М.Дунгармаа зэрэг хүний гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн билээ. Тэр жилийн зун нь нийслэл хот үерт автаж, хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсантай холбоотойгоор тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах хүсэлт прокурорын байгууллагад хүргүүлсэн. Үүний дагуу прокурор, мөрдөх байгууллага ажлын хэсэг гаргаж, Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд газар болон барилга, байгууламж барих зөвшөөрөл олгосон, тухайн барилгыг хүлээн авсан хүмүүсийг шалгаж эхэлсэн юм. Тэднээс Ц.Тогтохбуянд холбогдох зарим үйлдлийг тусгаарлан шүүхэд шилжүүлэхээр болсон ч хэрхсэн нь тодорхойгүй өдий хүрэв.
ЗАМЫН ХАВТАН СОЛЬСОН КОМПАНИЙНХНААС НЭГ САЯЫГ ХАЛААСЛАВ
Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд газар болон барилга, байгууламж барих зөвшөөрөл олгосон, тухайн барилгыг хүлээн авсан гэх хэргийг шалгах ажлын хүрээнд ХСХГ-ын орлогч даргаар ажиллаж байсан О.Оджаргал нарт холбогдох үйлдлийг АТГ-ын мөрдөгчид тогтоосон байдаг. О.Оджаргал тэргүүтэй хүмүүс барилга байгууламжийг ашиглалт оруулах комисст ажиллаж байхдаа хэд хэдэн компанийн удирдлагаас хахууль авсан хэргийг шүүх дэнслэн шийдвэрлэсэн юм. Тэрбээр ХСХГ-ын Барилга, байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байх үеэсээ авлигын хэрэгт холбогдсон байна.
О.Оджаргал, С.Гомбосүрэн Ц.Цэрэнханд, Ж.Дэмбэрэлсайхан, Н.Амаржаргал болон “Тэн гисийн шүр”, “Профэшнал сивил инженеринг констракшн”, “Абусэлэн”, “Оршил констракшн” ХХК-д холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэснийг уншигчдадаа хүргэе.
О.Оджаргал явган хүний замын хавтан сольсон аж ахуйн нэгжээс хахууль авчээ. Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 13, 14, 16, 19 гэх зэрэг хорооны нутаг дахь нийтийн эзэмшлийн талбайн гадна тохижилтыг “Тэнгисийн шүр” гэх компани хийсэн аж. Түүнийгээ барилга, байгууламж ашиглалтад оруулах Улсын комисст хүлээлгэж өгөхөөр болж. Гэвч холбогдох мэргэжлийн хүмүүс нь “Тэнгисийн шүр”-ийн удирдлагад хугацаатай үүрэг даалгавар, шаардлага бичиж өгсөн гэнэ. Үүнийхээ биелэлтэд ХСХГын орлогч дарга О.Оджаргал гарын үсэг зурж баталгаажуулсныхаа хариуд 2024 оны арванхоёрдугаар сарын 13-нд нийслэлийн “Хангарди” ордон дахь албан өрөөндөө нэг сая төгрөгийн хахууль авчээ.Энэ талаар “Тэнгисийн шүр” ХХКийн захирал С.Гомбосүрэн “Манай компани зураг төслийн дагуу гадна талбайн тохижилтын ажил хийж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж Улсын комисст хүлээлгэн өгсөн. Ингэхдээ би хувиасаа О.Оджаргалд нэг сая төгрөг өгсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Компанийг маань яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдүүлжээ.
“ШҮРТ” ХОТХОНЫ БАЙРЫГ ХАХУУЛЬД АВСАН ГЭЖ БУРУУТГАЖЭЭ
Мөнөөх О.Оджаргалыг орон сууцын хэд хэдэн барилга хүлээн авах Улсын комисст ажиллахдаа удаа дараа хахууль авсан хэрэгт буруутгасан байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутагт “Модун” ХХК-ийн барьсан есөн давхар, 64 айлын орон сууцыг ашиглалтад хүлээж авахын тулд тус компанийн захирлаас нь 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд бас л албан өрөөндөө зургаан сая төгрөг авсан хэмээн мөрдөн шалгасан байна.
Мөн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд барьсан, өндөр төвөгшилтэй ангиллын 16 давхар орон сууцыг ашиглалтад хүлээн авах актад гарын үсэг зурсныхаа хариуд Э.Мөнх-Од гэх хүнээс 2024 оны арваннэгдүгээр сарын 16-нд “Ланд круйзер” загварын автомашин дотроо таван сая төгрөг авсан хэрэгт холбогдуулжээ.
Мөн барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Абусэлэн” гэх компанийн гүйцэтгэх захирал Ж.Дэмбэрэлсайханаас О.Оджаргал их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутгагдсан байна. Тус компани нь Хан-Уул дүүргийн нутагт доороо зогсоол, үйлчилгээ бүхий 12 давхар орон сууц барьсан аж. Уг барилгыг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гаргахад О.Оджаргал багагүй нөлөө үзүүлсэн бололтой. Ингэснийхээ хариуд “Шүрт” хотхонд 151.7 сая төгрөгийн үнэлгээтэй 75.9 ам метр талбайтай гурван өрөө орон сууцыг ээжийнхээ нэр дээр шилжүүлэн авсан гэнэ. Зөрүүнд нь өөрийн хамаарал бүхий хүний нэр дээр бүртгэлтэй 70 сая төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг Ж.Дэмбэрэлсайханы хүүд шилжүүлж, байрны үндсэн үнийг бууруулан хөнгөлөлттэй үйлчилгээ авах хэлбэрээр 81.7 сая төгрөгийн хахууль авсан хэмээн прокурор яллах дүгнэлт үйлджээ.
Эдгээрээс гадна Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутагт “Оршил констракшн” ХХК-ийн барьсан 59 айлын орон сууцын зориулалттай барилгыг ашиглалтад оруулах Улсын комиссын дүгнэлт гаргаж өгснийхөө төлөө мөн л их хэмжээний хахууль авсан гэнэ. Дунд голын эрэг дээрх “Парко ривера” орон сууц барьсан “Оршил констракшн” ХХК-ийн захирал Н.Амаржаргал нь нягтлан бодогч О.Энхтуулын нэр дээр бүртгэлтэй 2016 онд үйлдвэрлэж, 2020 онд Монгол Улсад оруулж ирсэн, 90 сая төгрөгийн үнэлгээтэй автомашиныг 30 саяын үнэ бүхий тээврийн хэрэгслээр сольж, зөрүү 60 сая төгрөгийг хахуульд авсан хэмээн буруутган яллагдагчаар татсан аж. Н.Амаржаргал шүүхэд энэ талаар мэдүүлэхдээ “О.Оджаргал хоёр том төсөл хэрэгжүүлэхэд ашиглалтад хүлээн авах Улсын комиссын даргаар ирж ажилласан. “На дад ийм машин байна” гээд бид хоёр харилцан тохиролцож наймаа хийсэн юм. Зөрүү төлөхөөр тохиролцоод явж байсан, түүнээс биш хахуулийн зорилгоор өгөөгүй. Нэр шилжүүлж өгөөд наймаа хийх ажил зохих ёсоор дууссан үйлдлийг хахууль гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Харин О.Оджаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Н.Амаржаргал бид хоёрт ажил хэргийн харилцаа байгаа. Ямар нэг өр авлага байхгүй. Бид хоёр ХААИСийн 2006 оны нэг төгсөлтийнх. Гэхдээ найз нөхдийн харилцаа байхгүй” гэсэн байв.
ХУДАГ АВТОМАТЖУУЛАХ ТӨСӨЛ АВЛИГЫН “ХЭРЭГСЭЛ” БОЛСОН НЬ
ХСХГ-ын орлогч даргаар ажиллаж байхдаа О.Оджаргал нийслэлээс зохион байгуулсан цөөнгүй ажлыг хүлээн авах Улсын комисст багтсан байж. Тэдгээрийн нэг нь Сүхбаатар дүүргийн 1, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ундны усны худгийг автоматжуулах төсөл. Түүнийг “Профэшнал сивил инженеринг констракшн” ХХК хийж гүйцэтгэн Улсын комисст хүлээлгэн өгчээ. О.Оджаргал тухайн үед Улсын комиссын даргаар нь ажилласан юм байна. Уг төслийг хүлээн авсныхаа хариуд 2024 оны арванхоёрдугаар сарын 10-нд “Хангарди” ордон дахь албан өрөөндөө “Профэшнал сивил ин женеринг констракшн” ХХК-ийн захирал Ц.Цэрэнхандаас гурван сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон аж. Тус компанийнхан “Улсын комиссынхон ажлыг маань хүлээж авахгүй шантаажлаад байсан учраас хахууль өгсөн” гэж мэдүүлжээ.
О.Оджаргалыг хахууль авснаас гадна мөнгө угаасан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Тодруулбал,“Шүрт”хотхондээжийнхээнэрдээр худалдаж авсан 75.9 ам метр талбайтай гурван өрөө байрыг нэгэн иргэнд түрээслүүлэн 30 сая төгрөгийн орлого олсон хэмээн буруутгажээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат, Д.Алтанжигүүр, Х.Одбаяр нар энэ оны гуравдугаар сард О.Оджаргал, С.Гомбосүрэн Ц.Цэрэнханд, Ж.Дэмбэрэлсайхан, Н.Амаржаргал болон “Тэнгисийн шүр”, “Профэшнал сивил инженеринг констракшн”, “Абусэлэн”, “Оршил констракшн” ХХК-д холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Ингэхдээ ХСХГ-ын орлогч дарга асан О.Оджаргалыг удаа дараа хахууль авсан, мөнгө угаасан гэм буруутайд тооцсон юм. Улмаар хахууль авсан үйлдэлд нь нийтийн албанд ажиллах эрхийг зургаан жил хасаж, мөн хугацаагаар хорихоор болжээ. Мөнгө угаасан үйлдэлд нь нэг жил хорих ял шийтгэж, нийт долоон жилийн хугацаагаар хорихоор болсон байна. О.Оджаргал нь мөнгө угааж олсон 30 сая төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
С.Гомбосүрэн, Ж.Дэмбэрэлсайхан, Н.Амаржаргал, Ц.Цэрэнханд нарыг түүнд хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасан, 2.7-3 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Мөн “Тэнгисийн шүр”, “Профэшнал сивил инженеринг констракшн”, “Абусэлэн”, “Оршил констракшн” ХХК-ийн тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хасаж, тус бүрийг нь 120 сая төгрөгөөр торгон, хоёр жилийн дотор төлүүлэхээр болсон юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг энэ сарын 17-нд хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ.