Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйг тодорхойлох “Монгол Улсын цахим хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээ”-ний урьдчилсан үр дүнг танилцууллаа. Энэ үеэр Платформ эдийн засаг дахь зохистой хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 193 дугаар конвенцын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Цахим шилжилтийг даган Монгол Улсад платформ хөдөлмөр эрхлэлт эрчимтэй өсөж, залуучуудад шинэ боломж олгож байгаа ч тэднийг албан бус салбарт үлдээх, нийгмийн хамгааллын гадна хоцроох эрсдэл дагуулж буйг мэргэжилтнүүд онцоллоо. Иймд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр цахим хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээг “Эн ар си си” ХХК-иар гүйцэтгүүлсэн бөгөөд урьдчилсан үр дүнгээ ийн танилцуулсан юм.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2025 оны жилийн эцсийн байдлаар 15 ба түүнээс дээш насны нийт иргэний 61.1 (1.4 сая) хувь нь ажиллах хүч, 38.9 (916.2 мянга) хувь нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байгаа аж. Энэ нь платформ, цахим хэлбэрээр хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах, албан бус хөдөлмөр эрхлэлтийн бүртгэлийг боловсронгуй болгох бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж буйг урьдчилсан дүн шинжилгээнд тодотгосон байна. Энэхүү цахим хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээ нь бодлого боловсруулагчид, судлаачид, мэргэжилтнүүдийн хэрэглээ болж, хүн бүрд хүртээмжтэй, шударга, эрх тэгш хөдөлмөрийн зах зээлийг бүрдүүлэх, нотолгоонд суурилан шийдвэр гаргахад түлхэц болно хэмээн үзэж буй гэнэ.
Ч.Цэлмэг