Манай улсын гадаад өр энэ оны эхний улирлын байдлаар 40.2 тэрбум ам.доллар байсныг Монголбанкнаас мэдээлсэн. Нэг ам.долларыг 3500 төгрөгтэй тэнцэнэ гэвэл бид 140.7 их наяд төгрөгийн өртэй байгаа хэрэг. Гэтэл энэ онд улсын төсвийн орлогыг ойролцоогоор 32 их наяд төгрөг хэмээн тооцсон бөгөөд бөгөөд төсөвт төвлөрүүлж чадах хөрөнгөөсөө 4-4.5 дахин их өр тавьсан байна. Өөрөөр хэлбэл, монголчууд жилд төвлөрүүлж буй төсвөө огт зарцуулахгүй хадгалсан ч багадаа дөрвөн жилийн дараа л өр дуусна гэсэн үг. Түүнчлэн өрийн хэмжээ тогтмол өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Улс орон, компани, хувь хүн аль нь ч зээл авч, бизнесээ санхүүжүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой, энэ бол буруу биш. Өрийн хэмжээгээр одоогоор АНУ, БНХАУ, Япон эхний гурван байрт ордог аж. Эдгээр улсын нийт гадаад өр бараг 70 их наяд ам.долларт хүрчээ. Ер нь өр ихтэй орнуудын эхний 10 байрт Франц, Итали, Энэтхэг зэрэг улс багтаж байгаа юм. Эдгээр улсын эдийн засаг том, бүтээмж, экспорт өндөр учраас тэр хэрээр өрөө дарах, дахин санхүүжүүлэх чадамжтай хэмээн тооцогддог аж. Нөгөөтээгүүр, дээрх орнуудад хөрөнгө оруулж, зээл олгож хамтран ажиллах сонирхолтой орнууд ч олон бий гэнэ. Харин манай улсын хувьд дээр дурдсанчлан нийт гадаад өр өдгөө 140.7 их наяд төгрөгт хүрсэн нь нэг хүнд 40.2 сая төгрөг ногдох том дүн. Гэхдээ уг өр нь зөвхөн Засгийн газрынх биш бөгөөд Төвбанк, арилжааны банкнууд, бусад компаниудын зээлийг багтаасан иргэдэд шууд хамааралтай асуудал биш юм. Харин Засгийн газрын өр энэ оны эхний гурван сард нэрлэсэн үнээр 35.4 их наяд төгрөгөөс давж, ДНБ-ий 39.4 хувьтай тэнцээд байна. Үүний 95.7 хувь нь гадаад валютынх юм. Засгийн газрын өр бол тухайн улсын иргэдэд ч, аж ахуйн нэгжүүдэд ч хамаатай, эдийн засгийн тамир тэнхээ, зээлжих зэрэглэл, зээлийн хүүг тодорхойлох чухал үзүүлэлт.
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД 21 УДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ӨРИЙН ТААЗЫГ ӨСГӨЖЭЭ
Монгол Улс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2010-2025 онд 21 удаа өөрчлөлт оруулан, өрийн таазыг өсгөссөөр иржээ. Өрийн тааз өндөрсөхийн хэрээр урсгал зардал ч нэмэгдсэн дүр зураг бий. Тодруулбал, урсгал зардал 2017 онд долоо, 2020 онд 10, 2023 онд 17 их наяд төгрөгөөс давсан байна. Энэ талаар эдийн засагч, шинжээч Г.Билгүүнсайхан “Манай улсын Засгийн газрын болон бусад өрийн хэмжээ тогтмол өссөөр байна. Гадаадын зээлийг экспортын орлого болон валютын тогтвортой урсгалыг нэмэгдүүлэхэд нэмэр болгохгүйгээр санхүүгийн алдагдлаа нөхөхөд ашиглаж ирсэн. Өрийн удирдлагын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй явж ирж, өдгөө Засгийн газрын өр ДНБ-ий 40 орчим хувьд хүрлээ. Энэ нь эрсдэлтэй эдийн засагтай, санхүүгийн хувьд тогтворгүй гэдгийг илэрхийлж буй хэрэг. Түүнчлэн олон улсын зах зээлд бонд гаргаж, өмнө авсан бондын өрийг шинээр санхүүжүүлж дардаг болж. Олон улсын зах зээлээс босгосон бондууд ихэвчлэн өндөр хүүтэй байдаг. Үүний улмаас жил бүр хүү гийн төлбөрт их хэмжээний зардал гарч, нийт дүнгээрээ санхүүгийн томоохон дарамт болж хуримтлагдсан. Хэрэв энэ хөрөнгийг боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл, технологи зэрэг урт хугацаанд өгөөж өгөх салбаруудад түлхүү зарцуулсан бол илүү тогтвортой өсөлтийг бий болгох боломж байсан” гэв.
Статистикаас харахад энэ оны эхний улиралд Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт хоёр их наяд, хүүд нь 409.8 тэрбум төгрөг төлсөн байх жишээтэй. Энэ нь үндсэн төлбөр өмнөх оны мөн үеийнхээс 4.9 хувиар буурсан ч, хүүгийн төлбөр 5.5 хувиар өссөн дүн юм.
Улс орнуудын хувьд өрийн хэмжээнээс илүүтэй хаанаас, ямар валютын зээл авсан нь чухал байдаг аж. Эдийн засгийнх нь бүтэц, нийт үйлдвэрлэлийнх нь бүтээмж, өр тавьж хийсэн ажлынх нь үр дүн, өрийг ашиг болгож чадсан, эсэх нь хамаатай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нийт өрийн хэмжээ өндөр хэрнээ санхүүгийн хямралд ороогүй, анхаарал татахуйц, эсвэл эрсдэлтэй түвшинд хүрээгүй улс олон. Харин бага өртэй ч дефолт зарласан нь ч цөөнгүй байна. Манай орны хувьд хэдийгээр экспортын орлого жил ирэх бүр нэмэгдэж байгаа ч орлогоосоо давсан зарлага гаргаж, зардлаа нөхөхийн тулд өр тавьдаг жишиг үүсээд удаж буй. Мөн сонгуулийн мөчлөг дагуулж цалин, тэтгэвэр нэмж, халамжлах нэрээр бэлэн мөнгө тараах зэргээр зардлаа хэтрүүлдэг. Мөн зардлыг өсгөхөд төрийн өмчит компани, үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэх, үүнд ажиллагсад олшрох зэрэг нь жин дардаг нь харагдана. Байгалийн баялагт хэт төвлөрсөн, экспортын түүхий эдийн нийлүүлэлтийн хэмжээ болон ханшаас хамааралтай эдийн засаг бий болгосон. Товчхондоо, эдийн засгийн чадамж муу боловч, хэрэглээ нь үргэлж нэмэгдэж байвал ийнхүү их өрөнд орохоос өөр аргагүй гэсэн үг. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Монгол Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн “2025 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн төлөвлөснөөс 937.6 тэрбум төгрөгөөр тасарсан бол төсвийн нийт зарлага ба цэвэр зээл 31.3 их наяд төгрөгт хүрч, 2024 оныхоос 2.4 хувиар өсжээ. Төсвийн зардал өсөхөд орон нутгийн болон нийт урсгал зардал дунджаар жилд есөн хувиар нэмэгдсэн нь түлхүү нөлөөлж, төсвийн суурь тэнцэл 1.1 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий 1.2 хувьтай тэнцсэн байна. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-д заасан тусгай шаардлагыг хангасангүй” гэв.
“ӨРИЙН ДАРАМТ ИНФЛЯЦАД НӨЛӨӨТЭЙ”
Засгийн газар, Төвбанк, Сангийн яам зэрэг аль ч түвшинд Гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль, Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулийн заалтыг мөрдөхгүй, өрийн удирдлагыг зөв хэрэгжүүлэхгүй байгааг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Энэ талаар эдийн засагч С.Эрдэмтөгс “2015 оноос хүчин төгөлдөр мөрдөж буй Өрийн удирдлагын тухай хууль нь Засгийн газрын өрийг хязгаарлах, эрсдэлийг бууруулах, өрийн мэдээллийг ил тод тайлагнах зорилготой. Гэтэл эл хуулийг хэрэгжүүлж, өр болон хөрөнгө оруулалтын зардлыг ил тод тайлагнаж буй байгууллага алга. Сангийн болон Эдийн засаг, хөгжлийн яамны цахим хуудсанд өрийн хэмжээ, бондын зарцуулалт, хүүгийн талаарх мэдээлэл байдаггүй. Сангийн сайд саяхан Монгол Улсын Засгийн газрын өр зохих түвшинд буюу ДНБий 40 хувиас даваагүй, эрсдэл үүсээгүй байгаа гэнэ билээ. Хэрэв өрийн дарамт байхгүй, төсвийг зүй зохистой зарцуулдаг, экспортын орлого нэмэгдэж байгаа бол яагаад инфляц ийм өндөр байна вэ. Макро эдийн засгийн орчны хаа нэгтээ алдаатай, өр өндөр, зээлийн хүүгийн дарамт их байгаа учраас л суурь үнэ болон инфляц ийм өндөр байгаа шүү дээ. Гэтэл эрх баригчид өрийн тааз зохих түвшинд, өрийн санхүүжилтийг зөв удирдаж байна гэсээр л байх юм. Энэ бол худлаа, цаг аргацаасан л хариулт. Тиймээс эхний ээлжид Засгийн газрын болон улсын нийт гадаад өр, өр төлөх хугацаа, зээлийн хүүгийн талаарх мэдээллийг ил тод болгох шаардлагатай. Түүнчлэн өр зээлээ хэзээ, хэрхэн барагдуулахаа нарийн тооцож, түүхий эдийн үнийн хэлбэлзэлтэй уялдуулсан төвөвлөгөө гаргах нь зүйтэй. Мөн бүх шатанд төсвийн зардлыг бууруулж, зөв төсөлд хөрөнгө оруулж, санхүүгийн сахилга бат үзүүлж байж өрөө бууруулна. Түүнээс энэ хэвээр байвал бид 2028 он гэхэд дефолт зарлаж болзошгүй” гэв.
Цаашид өрийн өсөлтийг хязгаарлахын тулд дараах арга хэмжээг авах шаардлагатай гэнэ. Үүнд экспортыг өсгөн, эдийн засгаа тэлж, солонгоруулахад онцгой анхаарах аж. Төсвийн алдагдлыг бууруулж, орлогоос давсан зарлага гаргахгүй байх нь. Мөн өндөр хүүтэй өрийг бууруулахад анхаарч, өрийн менежментийг сайжруулах учиртайг эдийн засаг чид хэлж байна. Түүнчлэн ДНБ-ий хэмжээгээ тогтмол өсгөж чадвал түүнд ногдох өрийн хэмжээ ч буурч, гадаадаас татах хөрөнгө оруулалтын зээлийн хүү багасах зэрэг эерэг үр дүнтэй аж. Мэдээж улс төр, эдийн засгийн хурц сэдэв болсон Оюутолгойн санхүүжилтийн гэрээг сайжруулах, зээлийн хүүг бууруулахад анхаарвал улсын гадаад өрийн хэмжээ ч буурах юм. Өрийг өрөөр дарах бус, бүтээмж, бодит хөрөнгөөр төлөх, авсан зээлээ дэд бүтэц, эрчим хүчний салбарт түлхүү зарцуулж бүтээмж бий болгох зэргээр ажиллах хэрэгтэй байх нь.
С.Дулам