НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганаар Тажикстан улсын санаачилсан “Ирээдүй хойч үеийнхний төлөө энх тайвныг бэхжүүлэх олон улсын арван жил” тогтоолыг баталлаа. Уг тогтоолын дагуу 2027-2036 оныг энх тайвныг бэхжүүлэх, яриа хэлэлцээ, эвлэрлийг урамшуулах, шийдвэр гаргах түвшинд үе хоорондын хамтын ажиллагааг дэмжих олон улсын 10 жил болгон зарлаж байна.
Энэхүү баримт бичиг нь гишүүн орнуудад зүгээр нэг уриалга хүргэх бус, ирээдүйн тогтвортой байдлыг хангах хэд хэдэн практик үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг үүрэг болгож буй юм. Тухайлбал, улс орнууд урт хугацааны бодлого боловсруулах, хууль тогтоох, төсөв батлах үйл явцдаа ирээдүй хойч үеийнхээ эрх ашиг, хэрэгцээг заавал тусгаж, залуусын дуу хоолойг сонсох механизм бүрдүүлэхээр заажээ. Мөн хойч үеийнхнийг дайны гамшгаас ангид байлгах НҮБ-ын дүрмийн суурь зарчмуудыг дахин сануулж, энх тайван, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан гишүүн орнууд болон удирдагчдын гавьяаг сайшаан тэмдэглэсэн аж. Түүнчлэн тогтоолд 2024 оны Ирээдүйн асуудлаарх дээд хэмжээний уулзалтаар баталсан “Ирээдүйн тухай гэрээ”-ний заалтуудыг амьдралд хэрэгжүүлэх, улс орнуудын хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох дараагийн томоохон алхам гэдгийг онцолжээ.
Э.Сондор