Төв аймгийн Заамар сумын нутагт уурхайн өрөмдлөгийн цооногт гурван настай хүүхэд унаж, амь эрсэдсэн харамсалтай явдал Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн болсон. Хот, хөдөөгүй хүүхдэд ээлгүй орчин, аюул, эрсдэл дүүрэн байна. Иймд улс орон даяар “Хүүхдийн төлөө “за” бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн өрнүүлсэн. Үүний хүрээнд тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 15-ны хооронд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой 7844 объектыг хянаж шалгаж, 14 977 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс 11 999-г нь хэвийн горимд шилжүүлэн, зөрчлийг арилгахаар ажиллаж буйг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ.
Дээрх хугацаанд Засгийн газрын 11-11 төвд “И-Монголиа” платформын “И-кидс” цэсэд нийт 502 санал, хүсэлт ирүүлсэн байна. Үүний 302 нь хүүхдийн аюулгүй орчинтой холбоотой байсан бөгөөд 156 газрын эрсдэлийг арилгаж, 67 байршилд засвар хийжээ. Түүнчлэн 21 аймаг, есөн дүүрэгт олон улсын стандартад нийцсэн 5x5 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар ажиллаж буй гэнэ.
Ч.Цэлмэг