Баянгол дүүргийн 22 дугаар хороонд амьдардаг нэгэн гэр бүлийн зургаан хүн өнгөрсөн сарын 23-24-нд шилжих шөнө угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан нь олны анхааралд өртөөд буй билээ. Цагдаагийн байгууллагаас амиа алдсан иргэдийн нас барсан шалтгааныг угаарын хийн хордлого гэж урьдчилсан байдлаар дүгнэж буй талаараа ч мэдээлсэн. Энэ үеэр тухайн амиа алдсан иргэд болон хугацаат цэргийн алба хааж байгаад, ирж хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн хүүгийн хувийн мэдээллийг ташаа байдлаар олон нийтийн сүлжээнд цацсан нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд буй юм. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө төрийн байгууллагынхны дундах вайбер группээс задарсан гэдгийг хэллээ. Тэрбээр “Агаарын бохирдлын асуудалд хяналт тавих үүрэгтэй яамд, нийслэлийн ЗДТГ зэрэг салбар бүрийн мэргэжилтнүүд дундаа мэдээлэл солилцдог вайбер групп байна. Утааны нөхцөл байдлын талаарх мэдээллийг солилцдог юм билээ. Тэр группэд байгууллагууд чиглэл, чиглэлийнхээ хүрээнд мэдээлэл тавьдаг. Тухайлбал, үзлэг шалгалт хийсэн, утаа мэдрэгч суурилуулсан зэрэг мэдээлэл цагдаагийн байгууллагаас өгсөн. Танилцуулга хэлбэрээр олон нийтийн сүлжээнд цацагдсан мэдээлэл нь тухайн группийн мэдээллүүдийг нэгтгэн боловсруулж цацсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Энэ хэрэгт холбогдуулж нэр бүхий 4-5 хүнийг шалгаж эхэлж байгаа. Үүнд холбогдсон иргэн Б нь төрийн ямар нэг байгууллагад харьяалагддаггүй. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тухайн иргэдийг гэм буруутай, эсэхийг шүүх тогтооно. Хувь хүний нууцыг задруулсан бол Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээдэг” гэв.
Мөн “Тавантолгой түлш” компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан хүмүүсийг багагүй хугацаанд АТГ, цагдаагийн байгууллагад шалгаж буйг дурдлаа.
Г.Орчлон