Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатарын 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Сэлбэ” дэд төвийн бүсэд хамаарах 158 га талбайд 10 063 айлын 113 блок орон сууц барихаар төлөвлөөд буй. Үүнээс эхний ээлжид 4362 өрхийн орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 826 тэрбум төгрөгийн төсөвтэй хоёр багц тендерийг зарласнаа нийслэлээс 10 гаруй хоногийн өмнө мэдээлсэн юм.
Тэгвэл нийслэлийнхэн эл сонгон шалгаруулалтад дотоодын компаниудыг оролцуулахгүй байх далд бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлж буйг Монголын барилгачдын холбооны болон барилгын компаниудын төлөөлөл өчигдөр мэдээлэв. Тэд “Тухайн тендерийн техникийн өгөгдөлд тусгасан санхүүгийн чадавхын шаардлага, борлуулалтын орлого, түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээний үзүүлэлт зэрэг нь дотоодын компаниудыг шалгарах нөхцөлгүй болгох, энэ ажилд оролцуулахгүй байх зорилготой харагдаж байна.
Гүйцэтгэгчид өрсөлдөж буй компанийн сүүлийн таван жилийн борлуулалтын орлого, түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна гэж заасан нь манай зах зээл, компаниудад хэт өндөрдсөн шалгуур. Төслийн хоёрдугаар багцын тендерт оролцохын тулд л 136 тэрбум төгрөгийн баталгаа гаргах шаардлагатай болох нь. Монгол компаниуд энэ тендерт оролцохын тулд хоорондоо нэгдэж нийлэх гэх зэргээр байж болох бүх арга замыг судалж, хайсан. Харамсалтай нь, санхүүгийн шалгуурыг нь давж чадалгүй бүдэрлээ” гэсэн юм. Монголын барилгачдын холбоо эл асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ-ын дарга, парламентад суудалтай намын бүлгүүдэд шаардлага хүргүүлж буйгаа ч энэ үеэр зарлалаа.
Ж.Энх