БНСУ-ын хил дээрээс манай улсын иргэдийг шалтгаангүйгээр буцаах тохиолдол сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж буй бөгөөдтус улсын хилээр нэвтэрч чадаагүй иргэд өчигдөр мэдээлэл өглөө.
Иргэн Б.Соёл-Эрдэнэ “Би нөхрийнхөө хамт БНСУ-д очихоор төлөвлөж, өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд визийнярилцлагад орсон юм. Улмаар 20 хоногийн дараа виз гарсан. Ингээд БНСУ-ын Инчеон олон улсын нисэх онгоцны буудалд тавдугаар сарын 12-ны орой 22.00 цагийн орчимд бууж, би хилээр нэвтэрсэн. Бид хоёр бичиг баримт болон бусад бүх зүйлийг хамт захиалсан байтал нөхрийг минь хилээр нэвтрүүлээгүй. Хилээр гарсан намайг ч буцааж дуудан, шалган нэвтрүүлэх өрөөнд оруулснаар олон үйл явдал өрнөлөө. Надтай хамт тухайн онгоцоор ниссэн найман иргэнийг эл өрөөнд оруулсан. Ямар ч орчуулагчгүй, маш ойлгомжгүй байдалд гурван цаг гаруй болсны эцэст цааш саатуулах өрөөнд оруулсан юм. Энэ үед гаалийн ажилтнууд миний утсыг зөвшөөрөлгүй булаан авсан. Тэр ч байтугай хэдэн сарын өмнө найз руугаа бичсэн зурвасыг хэвлэж гаргаж ирээд, тус улсад харлахаар оролдсон гэж үзсэн. Тухайн үед би эсэргүүцтэл цаасан дээр гарын үсэг зурахыг шаардаж, над руу шидсэн. Би утсаа буцааж авахыг хүссэн ч 20 минутын турш надаас нэлээн олон асуулт асуусан юм. Уг нь би бүх асуултад хариулж, шаардлагатай мэдээллээ өгсөн. Тэр ч байтугай цүнхэнд байсан мөнгийг минь ч тоолоод данс хүртэл шалгах шаардлага тавьсан. Ингэхдээ ямар асуудлаар буцааж байгаагаа огт тайлбарлаагүй. Надад хилээр гарах штамп дарчхаад буцааж явуулахдаа гарсан штамп дараагүй. Онгоцны хамгийн хойд суудалд суулгаад, паспорт өгөхгүй байх гэх мэтээр хүний эрхийг зөрчсөн үйлдэл олон гаргасан тул бид Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Гадаад харилцааны яам болон Хүний эрхийн үндэсний комиссынхонд шаардлага хүргүүлж байна. Тухайлбал, холбогдох яамд эл асуудлыг яаралтай судалж, БНСУ-ын талд албан ёсны мэдэгдэл хүргүүлэхийг шаардаж байна. Мөн энэ сарын 12-ны 00.15-01.30 цагийн хяналтын камерыг шүүх ёстой. Бидэнтэй зүй бусаар харьцаж, хүний эрх зөрчсөн БНСУ-ын гаалийн ажилтанд хариуцлага хүлээлгэх ёстой шүү дээ. Бас БНСУ-ын виз гарснаас хойших бүх зардлаа нэхэмжлэх, хохирол барагдуулахыг шаардаж байна” гэлээ.
ХаринГадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монгол Улсын иргэдийг хил дээрээс яагаад буцаагаад буй талаар БНСУ-ын холбогдох байгууллагынхнаас тайлбар хүссэн. Нэгэнт оруулахгүй юм бол яах гэж виза олгосон юм бэ гэдэг асуудлыг ч ярьж байна. Гэхдээ гадаад явахдаа тухайн орны хууль дүрмийг мэдэж, хилээр орж, гарахдаа зорилгоо тодорхойлох чухал. Зарим хүн визийнматериалаа бөглөөд, зорилгоо тодорхойгүй орхиж байгаа нь асуудал үүсдэг. Мөн тухайн улсын дүрмийг зөрчсөн бол гомдол барагдуулна гэсэн ойлголт байхгүй. Тиймээс БНСУ-ын хил дээрээс буцсан иргэдийн тийзийн төлбөрийг буцаан төлөх боломжгүй” гэв.