Иогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсын Шинэ Дели хотноо өнгөрсөн сарын 24- 27-нд болсон юм. Тус тэмцээнд манай улсаас О.Бэлгүтэй оролцож, Азийн аваргаар шалгарлаа. Тэрбээр насанд хүрэгчдийн ангилалд найман төрөлд оролцож, нэг алт, долоон мөнгөн медаль хүртжээ. Иогийн Азийн шинэхэн аварга О.Бэлгүтэйтэй эл спортоор хичээллэхийн давуу тал, ач холбогдлын талаар ярилцсанаа хүргэе.
-Иогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэнд тань баяр хүргэе. Азийн аварга болсноо мэдэх ямар байв?
-Би “Эрдэнэс Тавантолгой” компанид гаалийн бүртгэлийн мэргэжилтнээр ажилладаг. Дунд ангид байхдаа гурван жил гаруй төвөд судар үзсэн нь иогоор хичээллэхэд нөлөөлсөн гэж боддог. Би Хөвсгөл аймгийн уугуул. 2003 онд хотод орж ирээд бясалгалын төвд анх явж эхэлсэн. Ингэж л энэ спорттой танилцсан юм. Өнөөгийн стресс ихтэй нийгэмд иог тухайн хүнд өөртэйгөө ажиллах, дотооддоо төвлөрөхөд нь тусалдгаараа онцлогтой. Мөн сэтгэл санаагаа тогтворжуулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, стрессийг бууруулахад чухал гэх мэтчлэн дурдаад байвал олон давуу талтай. Анх ажлын ачааллаас үүдэн нэлээд бухимддаг байлаа. Харин үүнээс ангижрах хамгийн энгийн алхам нь иог байсан юм. Тэгтэл бүр Азийн аварга болно гэдэг миний хувьд итгэмээргүй өндөр амжилт шүү дээ. Баярлах, сандрах зэрэгцсэн сайхан мэдрэмж юм билээ.
-Энэ тэмцээнд хэдэн орны иогчид ямар зарчмаар өрсөлдсөн бол?
-Азийн аваргад 20 гаруй орны 300 орчим баг, тамирчин оролцсон. Дэлхийн аваргыг бодвол Азийнх нь гүйцэтгэл болон дүрмийн хувьд тэс өөр юм билээ. Дэлхийн аваргад амьсгалаа 6-8 секунд барьдаг бол Азийнхад нэг минут буюу 60 секунд барьдаг. Мөн найман өөр төрлийн позтой. Өөрөөр хэлбэл, Азийнх нь илүү өндөр шалгуур үзүүлэлттэй гэсэн үг. Би найман төрөлд оролцсон. Ингэхдээ ханд бланс (hand balance)төрөлд алтан медаль хүртлээ. Энэ нь энгийнээр хэлбэл, дандаа гар дээрээ тогтож, үзүүлбэрээ толилуулдаг төрөл юм. Харин бусад төрөлд долоон мөнгөн медаль хүртсэндээ сэтгэл дүүрэн, аз жаргалтай байна.
-Өнөө жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ч та амжилттай оролцсон байх аа?
-Улсын аварга шалгаруулах тэмцээнд 2022 онд анх оролцож, мөнгөн медаль хүртэж байв. Энэ амжилтаасаа урамшаад тэр жилдээ Энэтхэгт зохион байгуулсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд оролцсон юм. Тухайн үед 40 гаруй орны иогчид өрсөлдсөн. Миний үеийнхэн биеэ хэрхэн авч явдгийг, иог хүний амьдралд, бие, сэтгэл санаанд ямар ач тустайг нутагт нь очиж байж илүүтэй мэдэрсэн. Түүнээс хойш улам бүр л татагдах боллоо. Үүний дараа 2023 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тэргүүн байрт шалгарсан юм. Харин өнөө жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Малайзад зохион байгуулсан. Нийт 56 орны иогчид оролцсон. Эл тэмцээнд бид 9-14 насны ангилалд оролцох хүүхдүүдтэйгээ нийлээд 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр очсон. Хүүхдүүд маань тусгай байрт шалгарсан.
-Танд дасгал хийх тогтсон хугацаа гэж бий юү?
-Өглөө босоод 10-20 минут амьсгалахдаа төвлөрдөг. Гүнзгий амьсгаа авч, алгуурхан гаргана. Үүнийг бага багаар дадал болгон хэвшүүлээд хэдийн 10 гаруй жил өнгөрчээ. -Иог нь дотроо агаарын болон халуун, повер гээд олон төрөлтэй шүү дээ. Та голчлон ямар төрлөөр нь хичээллэдэг вэ? -Мэдээж гарал үүслээсээ шалтгаалаад өөр байж болно. Иог нь Энэтхэгээс гаралтай спорт. Есөн настай хүүхдийн биеийн анатомид суурилснаараа онцлогтой. Тиймээс өмнө нь Энэтхэгийн эрчүүд илүүтэй энэ спортоор хичээллэдэг байж. Харин өдгөө хурдацтай хөгжиж буй энэ зуунд эмэгтэйчүүд давамгайлан иогоор хичээллэдэг болжээ. Би повер болон минаса иогоор голчлон хичээллэдэг. Энэхүү спорт нь нас, хүйс харгалздаггүйгээрээ онцлогтой. Та өөрийгөө бэлэн болсон гэж үзвэл хичээллэхэд хэзээ ч оройтдоггүй спорт юм.
-Зарим хүн иог болон бясалгалыг адил гэдэг. Өөр гэх хүн ч цөөнгүй юм билээ.
-Ерөнхийдөө адилхан гэж ойлгож болно. Учир нь амьсгал, бие, сэтгэл, оюун тархи яг нэг цэгт огтлолцож байж бид махан биеэрээ өөрийн хөл, гарыг хөдөлгөж байгаа шүү дээ.
-Эл спортоор хичээллэх нь ямар давуу талтай вэ?
-Дээр дурдсанчлан хүний биеийн анатомид суурилдгаараа онцлогтой. Тиймдээ ч миний сонирхлыг илүүтэй татсан байх. Эл спортоор хичээллэснээр хөлийн тавхайнаас эхлээд сууж буй суудал гээд бүгдийг нь засах, зөв байрлалд нь оруулах боломжтой. Таны нуруу гэмтэж, далийсан бол иогоор хичээллэснээр эмчилж, буцаагаад зөв цэгцтэй голдиролд нь оруулах бүрэн боломжтой байдаг. Ер нь хүний тавхайн дээр шагай, шагайн дээр өвдөг, өвдөгний дээр ташаа гээд эгц дээш байж бидний амьсгал буюу парана жигд, тогтвортой болдог. Өөрөөр хэлбэл, хүн амьсгалаа зөв, бүрэн аваад буцаагаад зөв гаргаснаар сэтгэл зүйн хувьд тайван байж чадна. Түүнээс биш амьсгалаа бүрэн, зөв авч чадахгүй бол сэтгэл санаа тогтворгүйтэж, стресстэж эхэлнэ шүү дээ. Гадна орчинд түгжрэл, нийгмийн харилцаа хандлага ямар байгаа билээ дээ. Тиймээс тухайн хүн өөрийн дотоод оршихуйг тэлэхийн тулд амьсгалын дасгалаас эхлэх хэрэгтэй. Нийгмийн энэ их бухимдал, уур уцаараас түр ч атугай холдож, дотоод оршихуйгаа мэдрээд иогоор хичээллээрэй гэж ах, эгч, дүү нар, үеийнхэндээ уриалж байна. Энэ нь биднээс их хэмжээний төлбөр мөнгө шаардахгүй. Тэгсэн хэрнээ оюун санаа, сэтгэл зүй, бие махбодод асар их ач холбогдолтой юм. Үндсэн байрлал, мэдэгдэхүүнээ л зөв системтэй сурчихвал ганцхан дэвсгэр байхад л хаана ч иогоор хичээллэх боломжтой. Аялал, зугаалгаар явах, хүүхдээ харж байхдаа гээд бүхий л цаг үед хийж болдгоороо давуу талтай спорт. Заавал элдэв тоног төхөөрөмж шаардлагагүй. Гагцхүү үүнийг хийх чин хүсэл эрмэлзэлтэй байхад л болно. Мөн амьсгалын дасгалаа зөв хийж, биеийн дотоод эрчмээ нэмэгдүүлж, энерги сайтай байснаар ядаж л ханиад хүрч, элдэв халдварт өвчнөөр өвдөх эрсдэл ч дагаад багасна. Өөрөөр хэлбэл, хувь хүний зан төлөв байдал тогтвортой болбол тухайн орчин, нийгмийн уур амьсгал ч дагаад сайжирдаг. Тиймээс залуучууддаа хандан дотоод оршихуйн орон зайгаа тэлж, өөртэйгөө ажиллаарай гэж хэлье.
-Иогоор хичээллэж эхэлснээс хойш таны амьдралд ямар өөрчлөлт гарав?
-Иогоор хичээллэж эхэлсэн нь миний амьдралын хамгийн зөв шийдвэр гэж боддог. Нэгэн жишээ дурдахад, би тамхины харшилтай, үнэрлэх төдийд л нүүрээр юм туурчихдаг байв. Гэтэл манайхан ямар их тамхи татдаг билээ. Гудамжаар явж байхад урдах хүн юу ч болоогүй мэт тамхи татаад л эхэлнэ шүү дээ. Тэгэхээр нь урд нь гараад алхахаар өмнөх хүн ч бас тамхи татаад эхэлнэ. Үүнээс болоод их ч бухимддаг байлаа. Тэгээд л иогоор хичээллээд, бясалгаад эхэлсэн чинь үүнийг нэг их тоохоо больчихсон. Бас иог бол сахилга бат гэж хэлнэ. Хаана ч явсан, ямар ч хүнтэй нөхөрлөсөн үргэлж хэрэг болно. Хүний амьдралд баярлаж, цэнгэх үе бишгүй тохиолдоно. Тэр болгонд л дарвилгүй хамгийн гол нь өөрийгөө хайрлаж, цаг, минут бүрээ үнэ цэнтэй өнгөрүүлэх нь чухал гэж боддог. Энэ дадлыг ч иог надад суулгасан.
-Гэр бүлийнхэн тань ч энэ спортоор хичээллэдэг гэсэн байх аа?
-Тийм ээ. Ээж, эгч хоёр минь иог хийдэг. Би тэдэндээ зааж өгдөг юм. Харин бясалгалыг тэд надаас ч өмнө хийдэг байсан. Гэр бүл, эргэн тойрныхон минь миний хүсэл мөрөөдлийг 100 хувь дэмждэг.
-Манайхны олонх нь иогоор хичээллэх хүсэлтэй боловч “Би сунгалтгүй”, эсвэл “Би хэтэрхий хөгшин” гээд хойш суух тохиолдол цөөнгүй. Тэгэхээр энэ спортоор хичээллэх гээд юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Эргэлзэх хэрэггүй шууд л эхлэх хэрэгтэй. Иог таныг сөрөг дадалд, эсвэл бурууд уруу татна гэж байхгүй. Тиймээс хэт олон зүйл бодож өөрийгөө зовоолгүй хичээллээд л үз. Хэт их зүйл бодоод байвал өөрийгөө хаана. Сүүлдээ шантарна. Тэгээд л хэцүү юм байна гээд орхичихдог. Тиймээс яг одоо амьсгалахдаа төвлөрөөд өнөөдөр та амьд, амьсгалж буйгаа мэдэр. Энэ хорвоогийн хамгийн тансаг зүйл бол амьд байх, амьсгалах шүү дээ. Тиймээс үүнийгээ л мэдэр. Маргааш, нөгөөдөр гэж хойшлуулалгүй өнөөдрөөс эхлээрэй. Мөн хайртай хүмүүстээ хайртайгаа хэл. Бусдыг болон өөрийгөө хүлээн зөвшөөр. Өөрийгөө хэзээ ч бүү үгүйсгэ. Үүний дараачаас бие махбод төдийгүй сэтгэл санаа ч илүү амар амгалан болно.
-Та Азийн аваргаар шалгарах нь миний мөрөөдөл байсан гэж хэллээ. Харин өдгөө энэ мөрөөдлөө биелүүлчихсэн. Таны цаашдын зорилго, төлөвлөгөө юу бол?
-Дэлхийн аварга болох хүсэлтэй. Дараа нь олимпод ч хүч сорино гэж боддог. Тиймээс үүний төлөө өдөр бүр сахилга баттай, тууштай хичээллэнэ. Өнөөдрийн Азийн аваргыг олон жилийн дадлын минь л үр шим дөнгөж эхэлж байна гэж харж байгаа. Тиймдээ ч Азийн аварга болсныхоо маргаашаас нь бэлтгэлээ эхэлсэн. Ер нь хүн өдөр бүр өөрийгөө хурцлах хэрэгтэй. Аливаа зүйлд ханаж болохгүй гэж боддог. Зөв энергиэр өөрийгөө үргэлж цэнэглэх хэрэгтэй. Амьдралд баяр жаргал, зовлон хосолдог гэлцдэг шүү дээ. Гэхдээ үүнийг хэрхэн туулах сонголт тухайн хүний гарт бий. Тиймээс өөрийгөө ойлгож, мэдрэх нь хамгийн чухал.
У.Цэцэг