- Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн дулааны станцын төсөлд шалгарсан “Бьюксан инженеринг” компани дампуурахад хүрчээ –
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар долоон жилийн өмнөөс харилцан тохиролцож, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээг үзэглэн улмаар 2019 онд Солонгосын “Ки-Ди-Эйч-И Си” (KDHEC), “Ки-Ди-Эйч-Си” (KDHC) болон манай “Грин энержи интернэйшнл” (GEI) компаниудтай зөвлөх үйлчилгээний ажлаа гэрээлж байсан “Арван аймгийн төвд дулааны станц барих төсөл” цаасан дээрх хоосон мөрөөдөл болов. Цар тахал, түүний дараах нийгэм, эдийн засгийн хямрал, хоёр ч удаагийн УИХ-ын сонгууль гэх мэт олон талын сорилт бэрхшээл бүхнийг даван туулсны эцэст ажлаа хүлээлгэж өгөхөд жил хүрэхгүй хугацаа үлдээд байтал төслийн ерөнхий гүйцэтгэгч БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани дампуурлаа зарлахад хүрчээ.
Энэ тухай “Chosun daily” тэргүүтэй Өмнөд Солонгосын хэвлэлүүд өнгөрсөн гуравдугаар сард нийтлэх хүртэл манайхан хар, сэжиг аваагүй байсан бололтой. “Төслийн явцад шинэ нөхцөл байдал үүссэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, үнийн өсөлтөөс шалтгаалан барилга угсралтын үндсэн гүйцэтгэгч “Бьюксан инженеринг” компанитай байгуулсан барилга угсралтын ажлын гэрээний хүчинтэй хугацааг 2026 оны тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. 2019-2026 онд хэрэгжүүлэх “Төслийн ерөнхий төлөвлөгөө”-нд нийт 32 багц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 2024 оны байдлаар төслийн хэрэгжилт 49 хувьтай байна” хэмээн Эрчим хүчний яамныхан чихэн дээр цэцэг ургуулсаар байсныг яана.
Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн төвд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дулааны 10 станц, ду лаан дамжуулах 88 төв, нийтдээ 65 орчим км урттай дулаан дамжуулах шугам сүлжээ бүхий төвлөрсөн дулаан хангамжийн системийг ашиглалтад оруулах “МОН-14” төсөлд БНСУ-ын Экспорт, Импортын банкнаас 150 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон байдаг. Төслийн хүрээнд Завхан аймгийн Улиастай, Говь-Алтайн Есөнбулаг, Баянхонгорын Баянхонгор, Өвөрхангайн Арвайхээр, Говьсүмбэрийн Чойр, Дундговийн Мандалговь, Хэнтийн Чингис, Сүхбаатарын Баруун-Урт, Төв аймгийн Зуунмод гэсэн есөн байршилд 35 МВт, 29 МВт, 23 МВт чадалтай дулааны станц, инженерийн шугам сүлжээний иж бүрэн ажил хийхээр зураг төслийг нь боловсруулжээ. Гэтэл төслийн үндсэн гүйцэтгэгч “Бьюксан инженеринг” компанийн үйл ажиллагаа эрс доголдож, БНСУ-ын шүүхээс дампуурлыг нь зарлах уу, эсвэл дахин хөл дээрээ босох боломж, хугацаа олгох уу гэдэг шийдвэрээс дээрх аймгуудын дулааны станцын хувь заяа шийдэгдэнэ гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “улайв”. Архангай аймгийн хувьд тендерийн сонгон шалгаруулалтаа ч эцэслэж чадаагүй байсаар үлгэр “жаргаж” байх шиг.
“АРВАН АЙМГИЙН ТӨВД ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ” ХЭМЭЭХ ҮЛГЭР ИНГЭЖ ӨРНӨСӨН
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн төвүүдийн өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчний хэрэгцээг хангаж, дутагдлыг нөхөх зорилгоор шинэ эх үүсвэр, дулааны шугам сүлжээ барих ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ дагуу 2021 оны арванхоёрдугаар сарын 27-нд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БНСУаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун, БНСУ-ын Экспорт, импортын банкны Монгол дахь суурин төлөөлөгч И Дун Хён, “Бьюксан инженеринг” компанийн гүйцэтгэх захирал Ким Дон Вон нар эхний долоон аймагт барилга угсралтын ажил эхлүүлэхээр гарын үсэг зурж байлаа.
Өдрийн сайныг өнжин хүлээж, зүгийн сайныг зөвлөн товлож 2022 оны тавдугаар сарын 13, 14-нд Хэнтий, Сүхбаатар аймгаас эл томоохон төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, шав тавих ёслолыг дориун үйлдэж байсан билээ. Араас нь Дорнод, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймагт шав тавих ёслол ар араасаа өрнүүн, өнөр өтгөн болсон. Шавыг сайн тавьснаар ажил урагшилдаг бол урагшлахаар л ёс төр үйлдсэн дээ. Тухайн үед төслийг 26.5 сарын дотор гүйцэтгэх буюу 2024 оны халаалтын улирлаас өмнө дулааны станцуудыг ашиглалтад хүлээлгэж өгөх ёстой байсан ч хойшилсоор, сунгасаар өдгөө “их санасан газар есөн шөнө хоосон хонох”-ын үлгэр болов.
Төслийн хүрээнд баригдах дулааны станцууд нь төвлөрсөн дулааны эрчим хүчээр хэрэглэгчдийг хангахаас гадна агаар, орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг 10-120 дахин бууруулна хэмээн монголчууд бидний хамгийн эмзэг сэдэв дээр “фокусалж”, хүлээлт үүсгээд байсан юм. “Орон нутагт дэд бүтэц, үйлдвэрлэл хөгжиж, бүс нутгийн хөгжил эрчимжинэ, байгаль орчны бохирдол буурч, амьсгалын замын өвчлөл багасна, иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдсэнээр нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн саарна, аймгуудад 1000 орчим ажлын байр бий болно, нийт 1564 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн болон амины 2035 орон сууц, мөн 50 000 ам метр талбай бүхий 9800 айл өрх шинээр дулаан хангамжийн системд холбогдож, иргэд хэрэгцээний халуун усаар жилийн турш хангагдана” гэсэн даамай сайхан үлгэр даанч төгсөхгүй нь бололтой.
Хамгийн гол нь төслийн үндсэн гүйцэтгэгч солонгос компанид үүссэн нөхцөл байдлаас болоод Монголын хамтран, туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд тун хүнд байдалд оржээ. “Мон энержи” групп гэхэд л “Инженерчлэлийн шийдлүүдийг хийхдээ бид Монгол Улсын болон олон улсын стандартуудад нийцүүлэн Барилгын цахим загварчлал буюу BIM дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ажилласан. Одоогоор манай групп Говьсүмбэр аймгийн Чойр, Сүхбаатар аймгийн Баруун-Уртад дулааны станцын барилга угсралтын ажлыг идэвхтэй явуулсаар байна” хэмээн өнгөрсөн жил өөдрөг мэдээлэл хийсэн бол өдгөө тодорхойгүй нөхцөл байдалд хүлээтэй байна. Үүнийг салбарын сайд нь ч нуусангүй.
ГҮЙЦЭТГЭГЧ “БЬЮКСАН ИНЖЕНЕРИНГ” КОМПАНИД ЮУ ТОХИОЛДОВ
БНСУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 15 орчим хувийг бүрдүүлдэг, эдийн засгийн гол барометр гэгддэг барилгын салбар уналтад орж, дундаж болон жижиг аж ахуйн нэгжүүд нь үймж эхэлсэн бөгөөд өнгөрөгч нэгдүгээр сард л гэхэд тэд 170 мянган ажлын байраа цомхотгожээ. Хямралын гол цөм нь дундаж барилгын компаниуд бөгөөд бэлэн мөнгөний хомсдолтой, их хэмжээний өрөнд орсон хэсэг нь эхнээсээ дахин санхүүжилт хүсэж мэдүүлгээ гаргасны дотор өнөөх гайхал “Бьюксан инженеринг” багтсан байна. Өмнөд Солонгосын хэвлэлүү¬ дэд мэдээлснээр 2022 оны сүүлчээс барилгын өртөг зардал өссөн, борлуулалт буурч, үл хөдлөх хөрөнгийн төслийн санхүүжилтийн зах зээл хумигдсан, зээлийн хүү өндөр байгаа зэрэг нь “Шиндонга констракшн”, “Самбу констракшн”, “Даэзер констракшн”, “Самжунг энтерпрайз”, “Анкан”, “Бьюксан инженеринг” зэрэг зургаан компанийг шүүхэд хандахад хүргэж, дампуурлын ирмэг рүү түлхсэн гэжээ.
Ийнхүү мөхөх, сэхэхийн дэнсэн дээр байгаа компанийн хувь заяаг Өмнөд Солонгосын шүүх хэрхэхээс Монголын 10 аймгийн ард иргэд ирэх жилээс өнтэй дулаан өвөлжих, эсэх нь шалтгаалж байна. Хэрэв шүүх “Бьюксан инженеринг”-ийн дампуурлыг зарлавал тус улсаас Бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ирж, үндсэн гүйцэтгэгчийн тендерийг дахин зарлаж, өөр аж ахуйн нэгжийг шалгаруулах болох нь. Үлгэр дахиад эхнээсээ өрнөнө гэсэн үг. Хайран цаг хугацаа, хайран мөнгө төгрөг. Хэдийгээр хөнгөлөлттэй ч гэсэн ам.доллароор авсан зээлийн хүү урссаар байгаа. “Бьюксан инженеринг” гэдэг компани зөвхөн энэ төсөл дээр гараад ирсэн юм биш. 2023 онд буюу “Арван аймгийн төвд дулааны станц барих төсөл”-ийг гацаанд орхич¬ хоод тэд мөн л Улаанбаатар хотын “Лаг хатаах, шатаах байгууламжийн ТЭЗҮ”-ийг боловсруулж байжээ. Тэгэхээр цаана нь манай улс төр, бизнесийн хүрээнийхэнтэй ямар эрх ашгаар холбоо сүлбээтэй байдгийг тааварлашгүй.
Ямартай ч Эрчим хүчний дэд сайд бөгөөд Төслийн удирдах хорооны дарга М.Баярмагнайгаар ахлуулсан баг дээрх аймгуудаар явж, дулааны станцын барилга угсралтын ажлыг байсхийгээд л шалгаад байна гэдэг байсан. 2022 онд шав тавьснаас хойш хоёр жилд хийнэ гэсэн төсөл тийм удаашралтай, үндсэн гүйцэтгэгч нь дампуурлаа зарлах дээрээ хүртэл ийм хүнд байдалд орчхоод байхад дэд сайд яагаад нүдэн балай, чихэн дүлий, загас мэт дуугүй явсан юм бол. Сонгууль ойртсон байсан учраас энэ төслийг зогсонги байдалд орсон талаар хэн ч ам ангайгаагүй өнгөрчээ гэдэг хар төрж байна. Төсөл хэрэгжих хугацааг 2026 оны тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Одоо дахиад хэдэн он болтол сунгах вэ, Чойжоо сайд аа. Тэр хооронд дээрх 10 аймгийн ард иргэд дулааны станцын үлгэрт хэдэнтээ итгэж, хэдэн өвөл жиндэх ёстой вэ.
Л.Ганчимэг