“Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс” ХХК хоорондын Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр болов. Мөн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагаагхэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд энэхүү гурван гэрээний нэг болох “Хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээр”-ийг Монгол Улсын Зам, тээврийн яамнаас Хятадын талтай эцэслэн тохирч, өнөөдөр гарын үсэг зурж баталгаажууллаа. Улмаар Монгол, Хятадын Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлаа албан ёсоор нээлээ.
Ийнхүү 21 жилийн хугацаанд яригдаж, хүлээгдэж ирсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг өнөөдөр бодитоор эхлүүлэх боломж бүрдэв. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сунь Шаочэнь, БНХАУ-ын Чайна Энержи Группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Зоу Лэй, Хятадын төмөр замын барилгын корпорац (CRCC) -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дай Хөгэнь болон хоёр улсын Засгийн газар, улс төр, өндөр түвшний албаныхан, холбогдох яам, агентлаг, байгууллагуудын удирдлага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Төмөр замын барилга угсралтын ажлыг 2025 оны энэ тавдугаар сард эхлүүлж, 22 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төмөр замын барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “CRCC” корпорацын охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрнийинженерийн товчоо групп” /China Railway Construction Bridge Engineering Bureau Group Co., LTD/ хийж хэрэгжүүлэх юм.
Тус компани нь дэлхийн шилдэг 500 аж ахуйн нэгжийн 43-т эрэмбэлэгддэг CRCC корпорацын 100 хувийн охин компани, БНХАУ-ын барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчийн “ТУСГАЙ ЗЭРЭГЛЭЛ”-ийн зөвшөөрөлтэй, 2100 гаруй ажилтантай, жилийн борлуулалтын орлого нь 7 тэрбум доллар, БНХАУ-ын төмөр замын тэргүүлэх зэргийн барилгын компани юм.
Төслийн хүрээнд төмөр замын дээд ба доод бүтцийн ажил, гүүрэн байгууламж, автозам, эрчим хүчний дэд бүтэц, хил гаалийн хяналтын цогболбор барилга байгууламжууд барихаар төлөвлөжээ.