“Playtime” (“Плэйтайм”) хөгжмийн наадмын үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Оюунноминтой ярилцлаа.
-“Playtime” нь олон улсын хөгжмийн наадмуудтай дүйцэхүйц түвшинд хүрч, цар хүрээгээ улам тэлсээр байна. Энэ наадмын онцлогийг үүнээс өөрөөр хэрхэн тодорхойлох вэ?
-Энэ жилийн “Playtime” наадам нь 23 дахь удаагийнх. Ерөнхийдөө хөгжмийн наадмын онцлогийг тодорхойлдог хоёр үндсэн үзүүлэлт бий. Нэгдүгээрт, тухайн наадмын амин сүнс, өнгө төрхийг илэрхийлдэг хөгжмийн хөтөлбөр юм. Ямар урсгалын уран бүтээлчдийг урьж байна вэ гэдгээс хамаарч чиг хандлага нь тодорхой болдог. Хоёрдугаарт, хөгжмийн наадмын чанар, нэр хүнд ямар түвшинд байгааг харуулдаг чухал хэмжүүр нь үзэгчдийн тоо юм. Тодруулбал, “Playtime” нь Азидаа амьд болон электро хөгжмийг хослуулснаараа анхдагч төдийгүй энэ хоёр урсгалын өндөр түвшний хөтөлбөртэй байдгаараа онцлогтой. Мөн 2013 оноос хойш “Нааглихац” нэртэй тайз бий болгосноор зөвхөн рок биш, электро хөгжмөөр илүү өргөжин баяжиж байгаа. Зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй, дэлхийн хөгжмийн олон урсгалыг, жишээлбэл, уламжлалт, хип хопыг чанарын өндөр түвшинд үзэгчдэд хүргэж ирснийг хүмүүс мэднэ. Жишээлбэл, хоёр жилийн өмнөөс бид “Street stage” нэртэй хип хоп хөгжмийн тайзтай болсон. Үүнийг батлан харуулах хамгийн тод жишээ нь энэ жилийн лайв хөгжмийн хөтөлбөр юм. Солонгос тоо тренд болсон “Balming tiger”, “Jambinai” зэрэг алдартай хамтлаг, электро хөгжмийн дэлхийн нэр хүндтэй, олон мянган үзэгчийг татдаг уран бүтээлчид ирнэ. Тэд дангаараа 30, 40, бүр 60 мянган хүнийг цуглуулж чаддаг, олон улсын үнэлгээтэй уран бүтээлчид юм. Энэ бүхэн нь “Playtime” наадмын чансаа, цар хүрээг тодорхой харуулж байна. Өнгөрсөн жил давхардсан тоогоор 71 мянган үзэгч хүлээн авсан бол энэ жил 100 мянгад хүрэх боломжтой гэж тооцож байгаа. Бид 2027 он гэхэд “Playtime”-ийг Азийн тэргүүлэх таван хөгжмийн наадмын нэг болгохыг зорьсон. Одоогоор үзэгчдийн тоо болон хөтөлбөрийн чанараараа Азид эхний 10-т аль хэдийн багтсан, магадгүй түүнээс ч өмнө яваа гэж хэлж болно.
-Олон улсын бусад хөгжмийн наадмын адил долоодугаар сард зохион байгуулж ирсэн ч зорин ирэх жуулчид, гадаадын үзэгчдийн тоо буурсангүй.
-“Playtime” наадмыг үнэхээр онцгой болгодог зүйл нь цагийн давуу байршил ба уур амьсгал. Жил бүрийн долоодугаар сард Европт хөгжмийн олон наадам болдог оргил үе тохиодог бол Азийн орнуудын хувьд ихэвчлэн хэт халуун, эсвэл борооны улирал таардаг. Харин Монголд энэ үед харьцангуй тааламжтай, тогтвортой уур амьсгалтай байдаг нь “Playtime” бүс нутагтаа онцгой байр суурь эзэлдэг. Азийн бусад орны уран бүтээлчид ихэвчлэн аялан тоглолт хийж, олон улс, газраар дамжин, хэд хэдэн наадамд оролцдог. Харин “Playtime”-д оролцохоор ирж буй хамтлагууд тусгайлан Монголыг зорин ирдэг нь тус наадмын онцгой төвлөрөл, ач холбогдлыг илэрхийлдэг. Мөн үндэсний их баяртай хослуулан, жил бүрийн наадмын өмнөх амралтын өдрүүдэд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ нь дотоодын иргэд төдийгүй жуулчдад соёл, байгаль, аялал, хөгжмийг нэгэн зэрэг мэдрэх төгс боломжийг олгодог. Өнгөрсөн жил л гэхэд зөвхөн “Playtime”-ийг үзэх зорилгоор гадаадын 2000 орчим жуулчин ирсэн бөгөөд тэд зөвхөн Үндэсний баяр наадмыг биш, Монголын байгаль, түүх, соёлтой танилцах аялал хийсэн. Ийнхүү зөвхөн дотоодын хөгжмийн соёлыг дэмжихээс гадна гадаадын үзэгчдийг татах чиглэлээр соёл урлагийн салбарт бодитой, нэмүү өртөг бий болгож, зүгээр нэг хөгжмийн арга хэмжээ бус, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг урагшлуулж буй эдийн засгийн чухал хөдөлгөгч хүч болоод байна. Өнгөрсөн жил Японы нэгэн байгууллагаас хийсэн судалгаагаар Үндэсний их баяр наадмын дараа хоёрдугаарт эрэмбэлэх Монголын хамгийн олон хүнийг хамардаг, өргөн цар хүрээтэй наадам гэж “Playtime”-ийг нэрлэсэн байсан.
-Энэ наадам өргөжихийн хэрээр үү- нийг дагаж залуучуудын хөгжим сонсох соёл, чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байна гэж та хардаг бол?
-Өнөөдөр залуусын олонх нь “TikTok” зэрэг платформоор хөгжим сонсдог болсон нь үнэн. Гэхдээ тэнд тархдаг дуу хөгжим нь ихэвчлэн түр зуурын тренд, олны анхаарал татсан контент байхаас биш, хөгжмийн чанартай бүтээл цацдаггүй. Харин “Playtime” өнгөрсөн хугацаанд хөгжмийн чанарт төвлөрснөөрөө онцлог. Наадмыг санаачлагч, хөгжмийн хөтөлбөрийн захирал Ц.Нацагдорж энэ зарчмаасаа хазайгаагүй. Тогтвортой өсөлт, нэр хүнд, олон улсын түвшинд хүрэх хөгжлийн үндэс нь энэ урлагийн үнэ цэн, уран бүтээлийн чанарыг нэгдүгээрт тавьдаг бодлого юм. Энэ зарчим л бусад наадмаас ялгаруулж, ирээдүйд ч өөрийн гэсэн үнэт зүйлтэйгээр хөгжих гол тулгуур байх болно гэж харж байна.
-Оролцогч олон улсын уран бүтээлчид болон зочдын ложистикийг хэрхэн зохицуулдаг бол. Тэд Монголд тоглох урилгыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Олон улсын уран бүтээлчдийг урьж, зөвшөөрлийг нь авах үйл явц маш нарийн, олон шат дамжлагатай, бүтэн жилийн турш үргэлжилдэг ажил. “Playtime” дуусмагц маргаашаас нь дараа жилийн төлөвлөгөөгөө гаргадаг. Эхний жилүүдэд гадаадын уран бүтээлчид “Playtime”-ийг байтугай Монголын талаар ч сайн мэдэхгүй тул урилга илгээхэд эргэлздэг, ялангуяа Европ, Америк шиг холоос ирэх уран бүтээлчид газар зүйн хувьд хол, соёлын хувьд танил бус гэж ойлгодог байсан. Одоо бол эсрэгээрээ, томоохон уран бүтээлчид өөрсдөө сонирхож, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлдэг болжээ. Олон улсын уран бүтээлчдийн хувьд зөвхөн нэр хүндтэй тайзан дээр гарч тоглох боломж бус, Монгол гэдэг нэр тэдний сонирхлыг маш ихээр татдаг болсон. Монголын уудам тал нутагт зохион байгуулж буй дөрвөн өдрийн кэмпинг наадам гэдэг нь өөр хаанаас ч олж чадахгүй өвөрмөц туршлага гэж үздэг. Мөн үзэл баримтлал, хөгжмийн чанарт суурилсан уран бүтээлчдийг урьдаг зарчим нь ч тэдэнд гүн сэтгэгдэл төрүүлдэг. Ложистик талаасаа уран бүтээлч бүрийн хэрэгцээ, хүсэл, шаардлага маш өндөр, өөр өөр байх тохиолдол бий. Жишээ нь, зарим нь логогүй цагаан аяганд л ууна, зөвхөн хар өнгийн алчуур хэрэглэнэ, тодорхой төрлийн ургамлын сүү ууна, тусгай төрлийн чипс, кофе гээд идэх, уух зүйлсийг нэр, брэндээр нь заадаг. Манай баг энэ бүх хэрэгцээ, шаардлагыг дотоодоосоо аль болох хангахыг зорьдог ч боломжгүй тохиолдолд гадаадаас тусгайлан захиалдаг юм. Техникийн хувьд ч адил, Монголд байхгүй хөгжмийн төхөөрөмжийг гадаадаас авчруулж, ашиглаад буцаадаг. Жишээ нь, хоёр жилийн өмнө Өмнөд Солонгосын дижэйд зориулан тусгай тоног төхөөрөмж гадаадаас түрээсэлсэн. Оролцож буй хамтлаг, уран бүтээлчдийн чансаа өндөрсөхийн хэрээр бидний хийх бэлтгэл, тавих стандарт ч мөн адил өсдөг гэсэн үг.
-Эх дэлхийгээ хайрлах “Playtime” наадам гэж нэрлэдэг. Олон улсын хөгжмийн наадмуудыг зохион байгуулахдаа сүүлийн жилүүдэд байгаль дэлхийдээ ээлтэй байхыг зорьж байна. Жил жилийн “Эх дэлхийгээ хайрлая” гэсэн наадмын уриа, концепт бодит байдалд хэрхэн биеллээ олж байна вэ?
-“Playtime” наадмын уриа “Эх дэлхий, хөгжим, урлаг, хайр”. Үүгээр байгаль дэлхийтэйгээ уялдсан, эко амьдралын хэв маягийг хөгжмийн соёлтой хослуулан түгээх гэсэн санааг илэрхийлдэг. Энэ жил “Playtime” наадмаа Налайхын задгай талбайд, байгальд ойрхон орчинд хийнэ. Хээр талд, цэлгэр тэнгэрийн дор дөрвөн өдрийн турш зуслан маягаар болдог энэ наадам нь хүмүүсийг байгальтай ойртуулж, ур лаг, хөгжим, орчны уур амьсгалаар дамжуулан илүү гүн, бараг сүнслэг холбоо тогтоох боломжийг олгодог. Өнгөрсөн жилээс наадмын төв байршлыг бүрэн задгай талбай руу шилжүүлснээр мод тарих, байгаль орчинд ээлтэй бүтээн байгуулалт хийх зэрэг зорилт нэмэгдсэн. Өдгөө тус газарт бид 20 төрөл зүйлийн 56 мод тарьсан. Жил бүр энэ тоог нэмж, байгальд ачаалал өгөхгүйгээр эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ чиглэлээр тогтвортой ногоон хөгжилд анхаарсан хоёр баг ажиллаж байна. Наадмын туршид дахин ашиглах боломжтой аяга хэрэглэх, хог ангилах, усаа хэмнэх зэрэг санаачилгыг хэрэгжүүлж, сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэх зорилгоор олон улсын туршлагатай компанитай хамтран ажиллаж эхэлсэн. Газрын зураг, хөтөлбөр зэргийг цаасан хэлбэрээр хэвлэхээ больж, “Toki” аппликэйшнээр бүх мэдээллийг хүргэх болсон нь хог хаягдлыг бууруулах үр дүнтэй алхам юм. Эхэндээ энэ нь эсэргүүцэлтэй тулдаг байсан ч сүүлийн жилүүдэд залуус маш идэвхтэй хүлээн авч, өөрсдөө хог хаягдлаа ангилж, аягаа дахин ашиглахыг хүсдэг болсон нь том өөрчлөлт гэж бид хардаг. Залуус зөвхөн байгаль орчны тухай мэдээлэл аваад зогсохгүй, түүнийг өдөр тутмын амьдралынхаа хэв маягт шингээсэн нь илт мэдрэгдэж байна. Уран бүтээлчдийн зүгээс ч мөн байгальд ээлтэй байх шаардлага тавьдаг. Тухайлбал, “Massive attack” хамтлаг нүүрстөрөгчийн ул мөр ихтэй, дизель хөдөлгүүр ашигладаг наадмуудад тоглохгүй гэдгээ ил тод зарлаж, зөвхөн сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг арга хэмжээнд оролцох болзол тавьж эхэлснээс харахад энэ чиг хандлага дэлхийн уран бүтээлчдийн дунд ч дэлгэрч байгаа нь сайшаалтай. Мөн энэ жилээс Европын Холбоотой хамтран тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгай бүс байгуулж, наадмыг илүү хүртээмжтэй болгох алхмуудыг хэрэгжүүлж байна. Жил бүр олон улсын мэргэжилтнүүдийг урьж, тогтвортой байдлын зөвлөгөө, туршлага солилцдог. Зөвхөн хөгжмөөр хязгаарлагдахгүй, дүрслэх урлаг, сургалт, семинар, иог зэрэг хөгжмийн бус олон төрлийн арга хэмжээг багтаасан хөтөлбөрөөр баяжиж байна. Ийм байдлаар “Playtime” зөвхөн зугаа цэнгээн бус, залуучуудын соёлд нөлөөлж, тэдний ухамсарт ногоон, хариуцлагатай амьдралын хэв маягийг суулгаж буй нийгмийн хөдөлгөгч хүч болон төлөвшиж байна.
-“Playtime” шиг томоохон наадмыг Монголд зохион байгуулахад ямар бэрхшээл тулгардаг бол?
-Цаг агаарын урьдчилан хэлэх боломжгүй байдал үргэлж бэрхшээл болдог. Монголын уур амьсгал маш хурдан өөрчлөгддөг, урьдчилан таахад бэрх учраас нарийн төлөвлөлт, өндөр бэлтгэл шаарддаг. 2023 онд үерийн улмаас сүүлийн өдрийг цуцлахаас өөр аргагүй болсон жишээ бий. Үүнээс сургамж авч, зохион байгуулагчид 2024 онд шинэ байршилд шилжиж, илүү өндөрлөг, голоос хол, үерийн эрсдэл багатай газрыг сонгосон ч Налайхын салхитай орчинтой дахин нүүр тулсан. Бороо орох уу, үерлэх үү, эсвэл салхи тоглолтын чанарт хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуултууд зохион байгуулагчдын толгойд үргэлж эргэлдэж байдаг. Эдгээр байгалийн хүчин зүйлс нь дэлхийн хаана ч томоохон задгай талбайд хөгжмийн наадам зохион байгуулахад эрсдэл дагуулдаг ч Монголын нөхцөлд энэ нь илүү онцгой сорилт болж байна. Зохион байгуулагчид ийм туршлагаасаа суралцаж, арга хэмжээний бэлтгэлдээ оновчтой шийдлүүдийг шингээхийг зорьдог юм.
-Танай баг олон улсын хөгжмийн наадмуудаас туршлага судалсан тухай ярьж байсан. Энэ талаараа хуваалцаач.
-Тийм ээ, бид олон улсын наадмуудын туршлагаас ихийг судалж, тэндээс авснаа энд нутагшуулж, хэрэгжүүлэхийг хичээдэг. Тухайлбал, өнгөрсөн жил гэхэд дэлхийд есдүгээрт бичигддэг, Европтоо нэр хүндтэй “Exit” болон “Glastonbury” хөгжмийн наадам, Амстердамд электро хөгжмийн хамгийн том студи болох “Dekmantel”-ын арга хэмжээнд оролцсон. Мөн “Wonderfruit” наадамд хоёр ч удаа очлоо. Ингээд харахад, “Playtime” наадам нь тэднээс дутах зүйлгүй, зарим талаараа үзэгчдийг үнэхээр эрхлүүлэх үйлчилгээтэй байсан. Манайд хүмүүс жаахан дугаарлахаар бухимдаад, гомдоллох тохиолдол их бий. Харин гадаадын наадмуудад үзэгчид урт дугаар, хүлээлт гэдэг нь хэвийн зүйл гэдгийг ойлгочихсон байдаг. Жишээлбэл, хэдэн жилийн өмнө үертэй үед хүмүүс 7-8 цаг түгжирлээ гэж ихээхэн бухимдаж байв. Гэтэл энэ жилийн “Coachella” хөгжмийн наадмын замд 12 цаг түгжирсэн тухай ярьж байна. Ийм нөхцөл байдал дэлхийн бусад томоохон наадамд ч тохиолддог зүйл. Үнэн хэрэгтээ “Playtime” нь хөгжмийн хөтөлбөр, зохион байгуулалт, орчны шийдлээрээ олон улсын түвшнээс огтхон ч дутахааргүй болсон байна.
М.Ивээл