37 дахь удаагийн Үндэсний номын баяр өнөөдөр эхлэх бөгөөд гурав хоногийн хугацаанд үргэлжилнэ. Энэ удаагийн номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулж буйгаараа онцлог. Номын баяраар байгаль экологийн чиглэлийн 50 номыг танилцуулж, “Мэргэн ном” цомын эзэд болон “Номын сайн нөхөр”-ийг урамшуулах юм байна. Түүнчлэн энэ үеэр оюуны өмчийн чиглэлээр мэргэшсэн хуульчдаас зөвлөгөө авах боломжтой. Энэ хаврын номын баярт 300 мянга гаруй хүн оролцоно гэж тооцоолж байгаа бөгөөд 200 хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч болон 10 орны төлөөлөгчид оролцох нь. Мөн 100 номын нээлт болно. “Номын соёлт ертөнц” ТББ-аас гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид ч оролцох болжээ. Сонирхуулахад, “Альфа” ном, цэцгийн дэлгүүрийнхэн өнгөрсөн жил шүхэрт гудамж байгуулж асан бол энэ удаа цэцэгт төгөл байгуулахаар төлөвлөөд буй аж. Ийнхүү өргөн хүрээтэй болж буй номын баярын зохион байгуулалтад залуус сайн дурын гишүүнээр оролцох юм. Тэднээс 50 нь үндсэн зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББын дэргэдэх “Номын ертөнц” клубийн гишүүн.
А.Үүл