Улсын хөгжил, шинжлэх ухаан, эдийн засгийн чадамж, нийт хүн амын тоо зэрэгтэй харьцуулахад Монголд докторын зэрэг горилогч олон боловч байгалийн шинжлэх ухаан, математик, инженер, мэдээлэл, харилцааны технологи, үйлдвэрлэл зэрэг тэргүүлэх, ач холбогдолтой салбарт ахисан түвшинд суралцагч эрс цөөрснийг багш, судлаачид хөндөж байна. Одоогийн байдлаар манай улсад 5500 орчим хүн докторын хөтөлбөрт суралцаж буйгаас 62.9 хувь буюу 3454 нь бизнес, удирдахуй, эрх зүй, боловсрол, урлаг, хүмүүнлэгийн чиглэлийнх гэнэ. Тодруулбал, бизнес, удирдахуй, хууль, эрх зүйгээр 1310, боловсролоор 1097, урлаг, хүмүүнлэгийн чиглэлээр 1047 хүн суралцдаг.
Гэтэл байгалийн шинжлэх ухаан, математик, статистикаар докторын зэрэг горилогч 324 байгаа нь ахисан түвшинд суралцагчдын ердөө зургаан хувьтай тэнцэх юм. Инженер, үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлээр 169, мэдээлэл, харилцааны технологиор 39 хүн докторт сурч буй нь бизнес, удирдахуй, эрх зүйгээр суралцагчдаас 8-30 дахин бага дүн аж. Энэ үзүүлэлт нь манай улсын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, олон улсын чиг хандлагатай зөрчилдөж байгаагийн нотолгоо гэдгийг судлаачид онцолж, анхаарах цаг болсныг санууллаа.
МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн багш, дэд профессор Б.Ганбат “Хамгийн олон хүн докторт сурдаг хоёр салбар нь хамгийн их хэл амтай, бас хамгийн цөөн өгүүлэл хэвлүүлдэг. Гэтэл эдгээрээс 3-4 дахин цөөн хүн сурдаг байгалийн шинжлэх ухааны салбарынхан нь хамгийн олон өгүүлэл хэвлүүлж ирсэн. Боловсрол судлалаар олон хүн сурдаг ч боловсролын салбар нь хамгийн муу. Энэ урвуу, гаж тогтолцоог засах хэрэгтэй. Боловсрол судлалын докторууд юу хийдгийг харах хэрэгтэй буюу чанар ярих ёстой” гэв.
Н.Мишээл