Хүүхэд, хөгшидгүй улаан алчуур зүүж ижилсэн, нийтээрээ дуулж, бүжиглэсэн, коммунизм нэвт “ханхалсан” өдрүүд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрөв. Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиосон нь энэ. Хүүхдийн байгууллагыг үндэслэгч, зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг мөн л дээл өмсөж, улаан алчуур зангидсан, бөмбөр нүдсэн хүүхэд багачууд тойрч алхаж, цэцэг өргөж харагдсан. Урьд жилүүдэд ч мөн адил ийм л зураглалаар явж ирлээ. Энэ мэт ой, түүхэн үйл явдал, сонгууль, эсвэл эрх баригчид өөрт ашигтай үедээ л хүүхэд, залууст хайр зарлаж, саймширдаг явдал хэрээс хэтэрлээ.
Эрх мэдэлтнүүд учир мэдэхгүй багачуудаар шоудахаас бусдаар тэдний эрх ашгийг хамгаалж, үзэл бодлыг нь хүндэтгэн сонсож, үйл хэрэгтээ тусгасан уу гэвэл үнэнээс хол зөрнө. “Хүүхэд, хайр, ирээдүй” гэх чихэр шиг уриатай ойн арга хэмжээг Төрийн ордонд зохион байгуулж, хүүхдүүдийг тайзан дээр олноор нь дуулуулж, бүжиглүүлж, Ерөнхий сайдаасаа эхлээд яам, тамгын газрынхан, сайд, дарга нар баясаж өнжсөн. Хүүхдүүдийг баярлуулж, орхигдсон эрх, ашгийг нь хэрхэн хамгаалах талаар санаагаа чилээж, тогтолцоог бэхжүүлэхэд анхаарах байтал алга ташихаас өөрөөр хуруугаа хөдөлгөсөнгүй. Ядаж 100 жилийн ойгоо хүүхдийн төлөө хийж бүтээсэн 100 ажилтай угтсан бол ам бардам суух байлаа. Харамсалтай нь, энэ хугацаанд хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигдөн, хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөгсдийн тоо нэмэгдэж, эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй багачууд 100 мянгад хүрчихлээ.
Хүүхдийн асуудал хариуцсан салбарын сайд нь гэнэт ухаан оров уу гэлтэй эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй хүүхдүүд нэмэгдлээ, сэтгэл зовоосон асуудал маш их байна хэмээн халаглав. Өөрөөр хэлбэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ сарын 7-нд болсон Засгийн газрын хуралдааны үеэр ийн ярьсан юм. Тэрбээр “Нийгмийн хамгаалал, хүний хөгжлийн бодлого гэр бүлд чиглэх ёстой. Гэр бүл гэдэг бол мэдээж хүүхдийн асуудал. Монголд хүүхэдтэй холбоотой сэтгэл зовоосон асуудал маш олон. Жилд 17 мянган хос гэрлэлтээ батлуулдаг ч 5-8 жилийн дараа эдгээр бүртгэгдсэн дөрвөн гэр бүлийн нэг нь салж байна. Өрх толгойлсон эцэг, эхийн тоо жилээс жилд нэмэгдэж, 70-80 мянгад хүрсэн. Эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн тоо 100 мянгад хүрчихлээ” хэмээсэн. Иргэдийн амьдрал үнэхээр хүнд байгааг тэрбээр одоо л ойлгож, ухаарав уу. Гэвч өрөвдөж, халаглаж харамсахын оронд хүүхдийн төлөө ганц ч болов үр дүнтэй ажил хийчихвэл сайдын албаа хашсаных нь хэрэг гарах биз.
Монголчууд “Хүүхдийн төлөө за гэж хэлье” гэх сайхан уриатай ч тэдний дуу хоолойг сонсож, ач холбогдол өгч ирсэнгүй. Улс төрчийн замналаа эхлүүлэх, олон нийтэд сайн хүний дүр бүтээхдээ л хүүхдэд хайртай болж харагддаг нийтлэг төрх манай эрх баригчдад түгээмэл. Хүүхдийн гэх асуудалд хойрго хандаж, улс төржиж ирсэн жишээ цөөнгүй. Тухайлбал, 2020 оноос хүүхдийн асуудал эрхэлсэн салбарын сайдыг дөрвөн удаа сольжээ. 2020-2022 оныг хүртэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа, 2022 онд Д.Сарангэрэл, 2022-2023 онд Т.Аюурсайхан, 2023-2024 онд Х.Булгантуяа нар болсон байх юм. Дөрвөн жилийн хугацаанд дөрвөн сайдын нүүр үзсэн салбарын үйл ажиллагаа яаж тогтвортой, уялдаа холбоотой, залгамж халаатай явах билээ. Өдгөө тус яамны нэрийг өөрчилж, “гэр бүл” хэмээх үгийг нэмж, сайдаар нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг томилсон. Тэрбээр энэ салбарт хэр удаан тэсэж, юу хийж чадах нь одоогоор тодорхойгүй байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үндэс нь гэр бүл учраас нэгдүгээрт гэр бүл, хүүхдийн асуудалд анхаарна хэмээн тэрбээр “амлаад” буй. Салбарын сайдыг хэдэнтээ сольсны балгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, одоогийнхоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын удирдлага ч мөн тогтвортой ажиллаж чадаагүй. Энэ оны гуравдугаар сар хүртэл тус газрын даргаар зургаан хүн солигдон ажиллаж, өдгөө долоо дахь даргынхаа нүүр үзээд буй. Тодруулбал, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар Б.Халиун, М.Энх-Амар, Г.Батдорж, Н.Өлзийхутаг, Ш.Чинбат, Т.Ихтамир нар даргын суудалд тухлаад амжжээ. Харин өнгөрсөн хоёрдугаар сард дээрх газрын даргаар Б.Баярсайханыг томилсон юм.
ЖИЛД 300 ОРЧИМ ХҮҮХЭД БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БУЙ НЬ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ ҮҮ
Манай улсын нийт хүн амын 37.7 хувь нь буюу 1.3 сая нь хүүхэд. Ажигүйдлээс үүдэлтэй архидалт, ядуурал, гэр бүлийн таагүй уур амьсгал, эцэг, эхийн салалт зэрэг нь хүүхдийн сэтгэл зүй, хүмүүжилд сөргөөр нөлөөлж, гэмт хэрэгт холбогдох үндэс болж буйг цагдаагийн байгууллагынхан хэлдэг. Үүний дотроос хамгийн сэтгэл эмзэглүүлсэн асуудал нь бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн золиос болсоор байгаа явдал буурахгүй байна. Тухайлбал, насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн улмаас 1553 эмэгтэй, 77 эрэгтэй хүүхэд өртөж хохирчээ. Хохирогчдын 1320 нь сурагч бол 21 нь сургууль завсардсан хүүхэд байж. Мөн 60 нь оюутан, үлдсэн 229 нь бусад гэсэн ангилалд хамаарч буйг Хүний эрхийн үндэсний комиссын 24 дэх илтгэлд дурджээ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн цөөнгүй нь насанд хүрээгүй байхдаа ээж болж, хүсээгүй хүүхдээ төрүүлэхээс өөр сонголтгүй амьдарч буй нь хамгийн харамсалтай. Сүүлийн таван жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон 15-19 насны 11 881, 10-14 насны 98 хүү¬ хэд үр хөндүүлснийг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан танилцуулсан юм. Хүчирхийлэлд өртсөн 10-14 настай охидын 215 нь хүүхэд төрүүлжээ. Харин 15-19 насны 2950 охинээж болсон байна. Өөрөөр хэлбэл, 2020-2024 онд насанд хүрээгүй байхдаа хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж үр хөндүүлсэн, амаржсан гээд нийт 15 мянга гаруй хүүхэд байгааг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд дурджээ. Энэ нь жилд дунджаар 3000, сард 300 орчим хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болж, бие, сэтгэлээрээ хохирч байна гэсэн үг. Аюулын харанга хэдийн дэлдэж, анхаарлын нэгдүгээрт шийдвэрлэх ёстой асуудал болчхоод байхад эрх баригчид үл тоож, байдаг л зүйл мэтээр явж ирлээ. Хүний эрхийн үндэсний комиссоос хүүхэдтэй холбоотой эл мэдээллийг танилцуулахад УИХ-ын гишүүдийн олонх нь байхгүй, хоосон танхим угтсан нь саяхан.
20.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЮУНД ЗАРЦУУЛАХ ВЭ
Монгол Улс ирээдүйн үр хойчийнхоо эрүүл мэнд, боловсрол, эрх, хамгааллын асуудлыг гадаадын байгууллагад даатгаж орхисон гэхэд хилсдэхгүй. Эмзэг бүлэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, алслагдсан орон нутгийн багачуудын сурч хөгжих, эрүүл мэндээ хамгаалуулах, нийгмийн халамжийн асуудалд гадныхан л санаа тавьж өдий хүрсэн. Томоохон үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, “Дэлхийн зөн”, Азийн хөгжлийн банк, “Гүүд нейборс”, Улаан загалмай нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагынхан хэрэгжүүлж, багачуудад бага ч болов итгэл найдвар, урам зориг өгсөөр ирсэн билээ. Гэтэл гадаадын байгууллагын санхүүжилтээс хэт хараат байсны балаг одооноос гарч эхэллээ. АНУ гадаад дахь төсөл, хөтөлбөрт зарцуулах хөрөнгөө зогсоосноос манай улсын хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажилладаг байгууллага, хамгаалах байрныхан санхүүгийн хувьд хүнд байдалд орсон байна.
Манай улс хүүхэд хамгаалалд зарцуулах зардлыг нэмсээр энэ онд улсын төсөвт 20.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эл мөнгийг Сангийн яамнаас тухайн орон нутагт шууд хуваарилах гэнэ. Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгааллын хамтарсан багийнхан энэ жилээс мөнгөн урамшуулал авах боломжтой болсныг салбарын яамныхан нь хэлж буй. Одоогоос найман жилийн өмнө хүүхэд хамгааллын зардал тэрбум төгрөг ч хүрдэггүй байв. Харин сүүлийн жилүүдэд буюу 2021, 2022 онд найман тэрбум төгрөгт хүрсэн. Энэ жил өмнөх онуудаас 2-3 дахин өссөн дүнтэй байна. Гэхдээ мөнгийг хэрхэн зөв зохистой хуваарилж, үр дүнг нь хүүхдүүдэд мэдрүүлж чадах уу гэдэг нь л чухал. Хүүхэд хамгааллын зардал ил тод бус, явж ирсэн учир хүчирхийлэлд өртсөн хүүхдэд зарцуулсан уу, эсвэл хэн нэгэн дарга нь хүртчихсэн үү гэдэг мэдээлэл бүрхэг байгаа юм. Харин хүүхэд хамгааллын асуудал орон нутагт орхигдсон гэдгийг албаныхан нь өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Энэ байдлыг одооноос засаж залруулж, хүүхдийн төлөө “жинхэнэ”-ээсээ ажиллана гэдгээ Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн болох Ерөнхий сайдаас эхлээд салбарын сайд нь 100 жилийн ойн хурлаараа хэлснийг энд баримтжуулъя.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг эхлүүлж буйг онцлоод хүүхэд хамгаалал, хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшилтэй хамтран нэмэгдүүлэхээ хэлсэн юм. Мөн хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулж, Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох гэнэ. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийнхөн хуралдаад багачуудад тулгамдсан шийдвэрлэх ёстой олон асуудал бий ч хамгийн нэгдүгээрт дөрвөн улирлын зуслан барихад санал нэгдсэн юм. Хөгжил, хүмүүжилд нь зуслан эергээр нөлөөлж болох ч хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, гэмт хэргээс сэргийлэх, эрүүл, аюулгүй орчинд амьдруулах нөхцөл, боломжийг бүрдүүлэх нь нэн яаралтай шийдэх ёстой асуудал гэдгийг УИХ-ын нэр бүхий гишүүдээс эхлээд олон нийт ярьж, шүүмжилж буй юм.
Тодруулбал, ард түмний хандиваар “боссон” Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр дөрвөн улирлын зуслан барих юм гэнэ. Тус санд цар тахлын үеэс цуглуулсан хөрөнгө өдгөө 25 орчим тэрбум төгрөгт хүрсэн. Энэхүү мөнгийг цар тахлаас хойш “царцаасаар”, одоо захиран зарцуулахдаа зуслан л барих бололтой. Манай улсад хүүхдийн гэх тодотголтой төрийн болон төрийн бус олон байгууллага байдаг ч нэгдэж нийлж, зохион байгуулалттай ажиллаж, эрх ашгийг нь хамгаалахын төлөө тэдний дуухоолой болдог нь тун цөөн. Хатуухан хэлэхэд, хүүхдийг “мөнгө” гэж харж, ашиг олохын төлөө ажилладаг нь олон. Дээр нь нэмээд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үйл ажиллагаандаа хүчээр шахуу оролцуулснаа хүний эрхийг дээдэлдэг гэж сайрхана. Сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч хөгжих орчныг нь бүрдүүлээгүй, шаардлагатай тохируулгыг хийгээгүй байж тэгш, хүртээмжтэй боловсрол олгож байна гэдэгтэй агаар нэг юм.
Одоогоор улсын хэмжээнд хүүхэд хамгааллын 800 гаруй мэргэжилтэн ажиллаж буй гэх. Тэд чухам юу хийхийг, хүүхэд хамгаалалд зарцуулах 20.6, Хүүхдийн төлөө санд төвлөрсөн 25 тэрбум төгрөгийг хэрхэн зохистой зарцуулах нь цаг хугацааны асуудал болжээ. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15.5-д “Хүүхэд хамгааллын үйлчилгээг хүүхдийн тухайн оршин байгаа газрын хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага үзүүлнэ” гэж заасан байдаг. Хуулийг хэрхэн хэрэгжүүлэх, салбарын сайдынх нь хэлсэнчлэн хүүхэд бүрд ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй, эрх тэгш нийгмийг хамтдаа бүтээе гэсэн нь хэзээ биеллээ олохыг харах л үлдэж.