Монгол УлсынЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, Өвөр Монголын өөртөө засах орны Намын хорооны дарга Сүнь Шаочөн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Ли Чунлин, “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй болон хоёр орны гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл нээлтийн ёслолд оролцлоо.
Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй боомтын хоёр дахь төмөр зам юм. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, яг гурван сарын дараа бүтээн байгуулалтаа эхлүүллээ
Засгийн газар хоорондын хэлэлцээр, хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр тохиролцсон. Энэхүү төмөр замын төслийн ТЭЗҮ болон нарийвчилсан зураг төслийг БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпорац” гүйцэтгэсэн бол барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “CRCC” корпорацын охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” хэрэгжүүлнэ.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан болон хос зам бүхий 9,4 км урт гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Төслийн нийт өртөг 902 тэрбум төгрөг бөгөөд УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадавх, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно.
Төслийн хүрээнд 200 байнгын, 800 түр ажлын байр шинээр бий болж, бүс нутгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр тооцож байна. Бүтээн байгуулалтын барилга угсралтын ажлыг 22 сарын хугацаанд гүйцэтгэж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.