Учирлаж тайлбарлахаас илүүтэй уурлаж, загнахыг урьтал болгодог, хувийн өмч рүү халдаж, хурааж, нураадаг хотын дарга Х.Нямбаатар Унгарт “зугаалж” явна. Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан нүсэр баг туршлага судлах нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр туйлж буйд олон нийт дургүйцлээ илэрхийлсэн юм. Энэ тухай УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Хотын дарга 150 хүний бүрэлдэхүүнтэй Унгарт туршлага судалж яваа юм байна. Яасан судалж дуусдаггүй туршлага вэ. Онгоц дүүрэн хүн шүү дээ. Татвар нэмэхдээ жигтэйхэн их зовлон ярьсан даа. Зугаалгын л мөнгө байж” хэмээн өөрийн фэйсбүүктээ бичсэн нь шуугиан тариад буй. Тэрбээр “150 хүний 110 нь виз мэдүүлсэн. Үүний тал нь урлаг соёл, хэвлэл мэдээллийнхэн. Үлдсэн 40 нь албан паспорттой, дарга нар. Үргүй зардал” хэмээн тодотгож бичжээ. Үүний дараахан нийслэлийн ЗДТГ-аас Засаг ноёноо “өмөөрсөн” мэдээлэл түгээж эхлэв. 150-иулаа биш, ердөө 80 гаруй хүн л явсан гэнэ. Хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Улаанбаатарын соёлын өдрүүд” арга хэмжээг тус улсад зохион байгуулсныг онцлоод “Улаанбаатар чуулга”, Улаанбаатар хотын музейн хамт олон, жижиг, дунд бизнес эрхлэгчид, аяллын компанийн төлөөлөл явсан. Аяллын компанийнхан зардлаа өөрсдөө гаргасан. Олон дарга яваагүй. Засаг даргатай нийлээд удирдлагын бүрэлдэхүүнд долоон хүн яваа гэх мэдээллийг хэвлэлийн албанаас нь өгсөн юм. Эндээс авч явсан гэр, музейн үзмэрүүд зэрэг ачаагаа каргонд өгч, зардлаа хэмнэхийг хичээхийн зэрэгцээ, замынхаа талд нь онгоцоор нисэж, үлдсэнийг нь автобусаар туулсан хэмээн тайлбарлана лээ. Татвар төлөгчдийн мөнгийг хэрэндээ хэмнэх гэж зүдэрч буй бололтой. Ингэж үрэлгэн зардал гаргасны үр дүнг юугаар хэмжих вэ. “Бид энэ удаа хотынхоо соёлын өдрүүдийг зохион байгуулж, салбар салбарын төлөөллөөс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан. Гэхдээ туршлага судлах нэрээр дэмий явсангүй. Будапешт хотын удирдлагуудтай албан уулзалт хийж, нийтийн тээврийн чиглэлээр хамтарч ажиллах, мөн усны салбарын инженер, техникийн ажилтнуудыг Улаанбаатар хотод урьж, ажиллуулахаар болсон” хэмээн Засаг дарга Х.Нямбаатар бахархалтайгаар цахим хуудсандаа бичжээ. “Хотын дарга дэмий явсангүй” гэх ижил гарчиг, адил агуулгатай мэдээллийг гэрээт цахим мэдээллийн хэрэгслээр түгээж эхэлсэн. Гэвч бодит байдалд Монголоо сурталчлах арга хэмжээ нь хүн ичмээр зүйл болж өнгөрснийг Унгарт амьдардаг монголчууд “илчилж” байна. “Ингэж төсвийн мөнгө идэхээ боль, ичих хэрэгтэй” хэмээн тэд хотын даргад зөвлөжээ. “Хотын дарга төрийн айлчлалын хэмжээнд явжээ. Хаадын хаан болох гээ юм болов уу” гэж егөөдөх нэгэн ч байв. Энэ мэтээр дарга нар иргэдийн мөнгөөр туйлж, дураараа аашилдаг явдал хэрээс хэтэрлээ.
Ч.Болор