Дотоодын болон гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид зээл, тэтгэлэг олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар өнгөрсөн сарын сүүлчээр шинэчлэн батлав. Эл журмыг албан ёсоор ил тод болгоогүй, өдгөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хянаж байгаа гэх ч ямар өөрчлөлт, шинэчлэлт хийсэн талаар онцлох мэдээллийг Боловсролын яам болон Боловсролын зээлийн сангаас танилцуулаад буй. Боловсролын сайд П.Наранбаяр “Зээлийн сан”-гийн журмыг шинэчлэхдээ дандаа хүндээ ээлтэй, дотоодын дээд боловсролын байгууллагуудаа дэмжсэн, эргэн төлөлтийг бодитойгоор сайжруулах, хаана амьдардаг, хэний хүүхэд гэдгээс үл хамааран тэгш боломж олгох өөрчлөлтүүд хийсэн” гэж тодотгосон юм. Эл журамд өнгөрсөн хугацаанд хийсэн өөрчлөлтүүд мөн л ийм ерөнхий агуулга, зорилготой байв. Харин энэ удаагийнх өөр байж, ахиц дэвшил авчрах уу гэдэг нь асуултын тэмдэгтэй хэвээрээ.
Ил болсон мэдээллээс харахад, Боловсролын зээлийн сангийн журамд оруулсан хамгийн том өөрчлөлт нь бакалаврын хөтөлбөрт суралцагсдад олгох зээлийн нөхцөл юм. Өнгөрсөн хугацаанд мөрдсөн, өдгөө хүчин төгөлдөр буй журмаар бол “Times high education”, “Academic ranking of world universities” байгууллагаас гаргасан эрэмбийг харгалзан, жагсаалтаар дэлхийн шилдэг 50-д багтсан гадаадын их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт тэнцсэн суралцагчдад Засгийн газраас сургалтын зээл олгож ирсэн. Тэгвэл цаашид буюу 2026 оноос эхлээд бакалаврын түвшний сургалтын зээлийг зөвхөн “2+2” хөтөлбөрийн хүрээнд л олгохоор журамд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, улс бакалаврын оюут нуудыг сургалтын зээлээр гадаадад дөрвөн жил сургадгаа болино гэсэн үг. Дотооддоо хоёр жил суралцсаны дараа гадаадад тухайн чиглэлээрээ мөн хугацаанд суралцахыг нь дэмжиж, зээл олгох аж.
П.Наранбаяр сайд зээлийн сангийн журмын шинэчлэлийн талаар мэдээлэхдээ “Бид өнгөрсөн хугацаанд бакалаврын хөтөлбөрт хангалттай олон хүн сургаж, чамлахааргүй хэмжээний хөрөнгө зарцуулсан” гэж хэлсэн. Үнэхээр л бид бакалаврын түвшинд суралцагсдыг хангалттай харж үзсэн, “эрхлүүлсэн”. Боловсролын зээлийн санг байгуулснаас хойших хугацаанд олгосон зээл, тэтгэлгийн 70 орчим хувь буюу 204 тэрбум төгрөгийг гадаадад суралцагсдад, үүний талаас илүүг нь бакалаврын хөтөлбөрт хамрагдагчдад зориулсан байдаг. Харин энэ хэрээр манай улсад үр ашиг, үнэ цэнээ өгсөн үү гээд харахаар маш чамлалттай. Зээл, тэтгэлгээ хугацаандаа төлсөн үү, үүргээ биелүүлсэн үү гэдгийг нь л чухалчилдаг болохоос хөрөнгө оруулалтын үнэ цэн, мэдлэг, боловсролтой мэргэжилтэн бэлтгэх бодлого талаас нь үнэлж дүгнэсэн нэгдсэн судалгаа, тайлан байдаггүй юм билээ.
Манайх шиг тогтворгүй боловсролын системтэй, эдийн засгийн чадавх сул, хөгжиж буй орон бакалаврын зэрэгтэй боловсон хүчнийг гадаадад бэлтгэхэд ийм их хөрөнгө хүч зарах нь оновчтой биш, харин ч эрсдэлтэй. Үүний оронд ахисан түвшний суралцагсдыг дэмжих нь зүйтэй гэсэн санал, байр суурийг судлаачид илэрхийлсээр ирсэн юм. Засгийн газар, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагынхан энэ асуудлыг нухацтай авч хэлэлцэлгүй үл ойшоож, чихнийхээ хажуугаар өнгөрөөсөөр багагүй хугацаа алдсан. Харин зээл, тэтгэлгийн эргэн төлөлт саатаж, санхүүжилт нь хумигдаад эхэлмэгц аргагүйн эрхэнд 2023 оноос дээрх журмыг чангатгах, шинэчлэх, шалгуурыг нь өндөрсгөх, реформын шинжтэй өөрчлөлтүүд хийх талаар шат шатандаа ярих болсон юм. Энэ үеэс бакалаврын түвшний сургалтын зээлийг хязгаарлах, үр дүнд нь анхаарах талаар ч хөндөж эхэлсэн. Ингэж явсаар одоо л нэг ажил хэрэг болгох замд нь оруулж байна.
Боловсролын зээлийн сангийн журмыг энэ онд шинэчлэх хүртэл буюу сүүлийн жилүүдэд бакалаврын түвшинд гадаадад суралцагсдад хоёр төрлийн л зээл, тэтгэлэг олгож буй. Тодруулбал, нэг нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, нөгөөх нь дээр дурдсан сургалтын зээл. Төрийн тэргүүний нэрэмжит тэтгэлгийг элсэлтийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан сурагчдаас гадна дэлхийн шилдэг 100-д эрэмбэлэгдсэн сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт тэнцэж, урилга авсан залууст олгож ирсэн. Жилд 500 хүртэлх тооны суралцагчид тэтгэлэг олгоно гэж холбогдох журамд тусгасан байдаг нь ийм учиртай. Харин сургалтын зээлийг нь дэлхийн шилдэг 100 сургуулийн эхний 20-д багтсан сургалтын байгууллагаас урилга авсан сурагчдад мэргэжил харгалзахгүй, харин 21-50-д эрэмбэлэгдсэн сургуульд тэнцсэн бол тэргүүлэх, эсвэл эрэлттэй мэргэжлээр суралцах шаардлага тавьж олгодог. Тэгвэл шинэчилсэн журмаар сургалтын зээлийн нөхцөлийг өөрчилснөөс шаардлагыг нь хөндөөгүйг Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа хэллээ.
Шинэчилсэн журмын дагуу сургалтын зээл авах хүсэлтэй залууст ямар шаардлага тавих, эрэлттэй, тэргүүлэх мэргэжил харгалзах, эсэх, дэлхийн шилдэгт тэнцсэн ч “2+2” хөтөлбөрт хамрагдах боломжгүй бол хэрхэх талаар түүнээс тодруулахад “Боловсролын зээлийн сангийн жилийн нийт төсвийн 30-40 хувийг дан ганц Ерөнхийлөгчийн нэрэмжит бакалаврын хөтөлбөрт зарцуулж байна. Үүн дээр нэмээд сургалтын төлбөрийн зээл олгочихоор гадаадад суралцаж буй зөвхөн бакалаврын хөтөлбөрийнхөнд нийт төсвийнхөө 50-иас дээш хувийг зарцуулчхаж байгаа юм. Бакалаврын оюутнууд магистр, доктор зэрэг ахисан түвшний суралцагсадтай харьцуулахад урт хугацаанд сурдаг. Үүнээс үүдээд зээл эргэж төлөх болоход авсан хүмүүстээ ч, бидэнд ч төвөг чирэгдэл учирдаг. Нөгөөтээгүүр, Боловсролын сайдын хэлсэнчлэн ийм байдлаар дотоодын сургуулиудаа чадавхжуулах, дэмжих чиглэлд одооноос анхаарахгүй бол гадагшаа урсгах мөнгөний хэмжээ буурахгүй. Бакалавраас гадна ахисан түвшинд болон дотоодод суралцагсдадаа ч тэгш боломж олгож, анхаарах ёстой шүү дээ. Улсын зардлаар гадаадад дөрвөн жил сурчхаад эх орондоо ирдэггүй хүн олон. Өндөр хөгжилтэй оронд чадварлаг мэргэжилтэн бэлтгэх үндсэн зорилго ер хангагдахгүй байгаа учраас бакалаврын хөтөлбөрт элсэгчдэд олгох сургалтын зээлийн нөхцөлийг өөрчилсөн. Дотооддоо хоёр жил, гадаадад мөнхугацаандсуралцах үндсэн шаардлага тавихаас бусад нь өөрчлөгдөөгүй. Өмнөхийн адил дэлхийн шилдэг сургуульд эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцах залууст л ийм боломж олгоно” гэв.
Залуус өмнө нь бакалаврын сургалтын зээл авахдаа дэлхийн шилдэг сургуульд тэнцсэн, эрэлттэй, тэргүүлэх мэргэжил сонгосон байх гэсэн хоёр гол шаардлагыг хангадаг байж. Харин цаашид “2+2” хөтөлбөр “хайж олох” шаардлагатай болж байна. Манай улсын их, дээд сургуулиуд гадаадын сургуулиудтай хамтран “1+3”, “2+2” хөтөлбөр хэрэгжүүлдэг ч хүртээмж нь бага, мэргэжлийн чиглэлүүд нь хязгаарлагдмал гэдгийг албаны хүмүүс хэлэв. Дээрх шийдвэртэй холбогдуулан дотоодын сургуулиуд сургалтын хөтөлбөр, агуулгаа шинэчлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, боловсон хүчин бэлтгэх бодлогоо эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийн чиглэлтэй уялдуулах шаардлагатайг ч дурдлаа. Энэ хэрэгцээ шаардлагын хүрээнд Боловсролын яамныхан их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж байгаа гэнэ.
Энэхүү өөрчлөлтөөр дотоодын сургуулиудаа дэмжиж, орон нутгаас Улаанбаатарт ирж суралцаж буй залууст тэгш боломж олгохыг зорьсон гэж санаачлагчид нь онцолсон. Бакалаврын хөтөлбөрт гадаад руу урсгадаг мөнгийг хязгаарлаж, түүнийгээ дотоодод суралцагсдад зарцуулахыг зорьж буйгаа ийн хэлжээ. Энэ бодлогын хүрээнд Малчны тухай хуульд заасны дагуу 10-аас дээш жил мал малласан өрхийн нэг хүүхдийг хөдөө аж ахуйн холбогдолтой мэргэжлээр төрийн өмчийн их сургуульд үнэгүй суралцуулах зохицуулалтыг шинээр тусгажээ. Боловсролын ерөнхий хуульд заасанчлан төрийн өмчийн болон орон нутгийн сургуульд тасралтгүй 15 жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн сургуульд эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр үнэ төлбөргүй сургадаг байв. Тэгвэл үүн дээр малчдын хүүхэд нэмэгдлээ. Тэрчлэн сургалтын зээл, тэтгэлгийг нэг айлын хоёр хүүхдэд олгохыг хориглосныг хүчингүй болгосонюм. Шаардлага, шалгуураа хангасан л бол ийм байдлаар ялгаварлаж, боломжийг нь хязгаарлахгүй гэнэ. Энэ бүхэн дотоодод суралцагсдаа түлхүү дэмжиж, боломж олгох зорилготой. Тэгвэл үндэсний сургуулиудад эл шинэчлэл дэмжлэг болох уу.
Шинэ журам үйлчилж эхэлснээр өндөр хөгжилтэй орны их, дээд сургуульд мэргэжил эзэмших болзол хангасан залуусын эхний хоёр жилийн сургалтын төлбөр дотоодын сургуулиудын дансанд шилжинэ. Элсэгчийнхээ тоог босго үзүүлэлтэд хүргэж, сургалтын төлбөрөөр санхүүжилтээ босгох гэж жилийн жилд зүдэрдэг сургуулиудад энэ нь аманд орсон шар тос л гэсэн үг. Зовох зүйлгүйгээр төсвөөс мөнгө авч, санхүүжилтээ зузаатгах боломж бүрдэнэ. Гагцхүү тэд энэ дэмжлэгийг үр ашигтайгаар зарцуулж, улс, нийгэмдээ хөрөнгө оруулж чадах уу гэдэг нь л гол асуудал юм. Манай их, дээд сургуулиуд оюутан залуусыг хэзээнээсээ л мөнгө хэмээн харж, сургалтын төлбөрөөр “гол зогоож” ирсэн. Гэхдээ сургалтын хөтөлбөр, чанар зэрэг хамгийн чухал зүйлсдээ тэр хэмжээнд анхаарч, санаа тавьдаггүй. Тиймээс л шилдэг сургуулиудтай олон улсын түвшинд хамтран ажиллаж, юу юугүй л чадварлаг боловсон хүчин бэлтгээд эхэлнэ гэдэгт нь эргэлзэж буй юм. Уг нь Монголын төр коллежийн статустай их сургуулиудаа өндийлгөх цаг нь болсон. Их, дээд сургуулиуд ч өөрчлөн шинэчлэгдэж, дэлхийтэй хөл нийлүүлэх цаг хэдийн ирсэн. Цаашид хэрхэхийг харах л үлдлээ.